Монгол Улс шиг ядуу орон Африкт ч байхгүй


3-р сарын 9
16 цаг 28 минут

"Монгол Улс шиг ядуу орон Африкт ч байхгүй"

Эдийн засагч Р.Даваадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


Дэлхийн геополитикт таамаглахад бэрх нөхцөл байдал үүсч байна. Энэ нь Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол. Жишээлбэл, нефтийн бүтээгдэхүүний тасалдал үүсэх эрсдэл бий гэдгийг хөндлөнгийн судлаачид хэлж байгаа. Ойрхи Дорнодод үүссэн нөхцөл байдал Монголд нөлөөлнө, нөлөөлөхгүй гээд хоёр өөр байр суурь л яваад байна?

-2026 онд зөвхөн Монголд төдийгүй дэлхий улс орнуудад тодорхойгүй байдал бий болсон. Яагаад алт, мөнгөний үнэ өсч байна вэ гэвэл хөрөнгө оруулагчид найдвартай зүйл рүү хөрөнгө оруулж байна. Тийм учраас хөрөнгийн зах зээл дээрээс мөнгөө татан авч, алт, мөнгө, зэс рүү оруулснаар металлын үнэ өсч байна. Дээр нь хоёр сарын хугацаатай дэлхийн хамгийн том нефть экспортолдог хоёр улс руу зэвсэгт мөргөлдөөн хийлээ. Тодруулбал, АНУ-ын зүгээс эхлээд Венесуэль улсын ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан бол дараагаар нь Иран улстай дайн зарлаад байна. Үүний улмаас дэлхийн нефтийн зах зээл дээр айдас бий болж, үнэ өсөх төлөв ажиглагдаж байна.

Дэлхийн улс орнууд эхнээсээ нефтийн нөөцөө бэлдэж, цаашдаа дайн урт хугацаанд үргэлжилбэл яах вэ гэдэгт санаа зовж байна.

Монгол Улсын хувьд, БНХАУ-аас экспортын 90 хувь, импортын 40 хувийн хамааралтай. Ер нь Хятадын эдийн засаг нэг хувь өсөхөд Монголын эдийн засаг 0.4 хувь өсдөг гэж үздэг. Саяхан БНХАУ-д хоёр том чуулган болж, 2026 оны эдийн засгийн өсөлтөө 5-4.5 хувь болгон бууруулж, тооцоолсон. Хятадын эдийн засаг ийм байгаа бол Монгол Улс ч гэсэн эрсдэлийг тооцоолж байх ёстой. Маш олон эдийн засагч дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөх Монголд огт хамаагүй гэдгийг хэлж байна. Бид ОХУ-тай хатуу гэрээ байгуулсан учраас нефтийн үнэ огт өсөхгүй гэж хэлж, ярьж байгаа нь маш буруу юм.

Хэрвээ дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсвөл Монголын эдийн засагт шууд нөлөөлнө. Тэр битгий хэл манай эдийн засагт нөлөөлөөд эхэлсэн гэж харж байгаа.

Жишээлбэл, дэлхийн эдийн засгийн том тоглогч БНХАУ нэг өдөрт 11.5 сая тонн баррель нефть хэрэглэдэг бөгөөд үүний 0.5 сая тонн баррелийг Венесуэль улсаас, 1.5 сая тонн баррелийг Иранаас авдаг байсан. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын нийт хэрэглэдэг нефтийн 15 хувь нь байхгүй болж байна гэсэн үг. Ингэснээр эрчим хүч, үйлдвэрлэл зогсч, үнийн өсөлт бий болно. Тиймээс БНХАУ-аас дэлхийн улс орнууд руу гаргадаг нефтийн бүтээгдэхүүнээ хориглох шийдвэрийг гаргалаа. Монголын эдийн засаг БНХАУ-аас бүрэн хамааралтай учраас сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаж болохгүй. Төр засаг нь хурдан шуурхай арга хэмжээ авч, ажиллах шаардлагатай байна. АНУ болон Израйлийн зүгээс Иран улс руу цохилт өгсөн эхний өдөр Азийн бүх улсуудын хөрөнгийн биржийн хувьцааны үнэ унасан. Европт байгалийн шингэрүүлсэн хийн үнэ анхны өдрөө 30 хувь өссөн зэрэг дэлхийн зах зээл хөдөлгөөнд орж, хариу арга хэмжээгээ авч байна. Гэтэл Монгол Улс шомбойж суучихаад ОХУ-д найдаад суугаад байж болохгүй. ОХУ дайнтай байгаа учраас олон улсын зах зээл дээр нефтийн үнэ өсдөг л юм бол шууд үнээ нэмнэ. Тэгэхээр энэ бүгдийг тооцоолох хэрэгтэй. Бид хэрэглэгч орон учраас нефть, бордооны үнэ өснө гэдгээ тооцоолох шаардлагатай. Ерөнхийдөө их хүнд жил ирнэ гэж харж байна.

-Засгийн газар 500 сая ам.долларын бондыг зургаан жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэйгээр  арилжаалан, 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондоос сая ам.долларыг тус тус буцаан худалдан авах өрийн зохицуулалт хийлээ. Өрийг өрөөр дарах зохицуулалт хийсэн нь хэр зөв алхам бэ. Нөөц боломжоо дайчлахгүй байна уу эсвэл бонд гаргаж, өрийн зохицуулалт хийхээс аргагүй нөхцөлд байна уу?

-Засгийн газраас сүүлд "Сенчири-5" гэдэг нэртэй бонд гаргасан. Энэ нь өрийг өрөөр дарж байгаа хэлбэр л дээ. Зарим нь энийг "мөс зүслээ" гэж их өөдрөгөөр тайлбарлаж байна лээ. Монгол хүн өр тавьчихаад тэрэндээ баярлаад суудаггүй. Би бодит тоо хэлье. Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэхдээ "Тоо хэзээ ч худлаа ярьдаггүй" гэдгийг онцолсон. Би бас хэдэн тоо хэлмээр байна.

Монгол Улсын гадаад өр нэг жилийн дотор 4.5 тэрбум ам.доллараар өслөө. Өөрөөр хэлбэл, бидний айгаад, шуугилдаад, улстөр хийгээд байсан 1.5 тэрбум ам.долларын "Чингис" бонд шиг гурван өрийг нэгхэн жилийн дотор эдийн засаг маш сайн байхад тавина гэдэг бол туйлын хариуцлагагүй асуудал. Хэрвээ санаж байгаа бол 2016 онд нэг хүнд ногдох өр 15 сая төгрөг байсан бол өнөөдөр 40 сая төгрөгт хүрсэн байна. Гэтэл яагаад эдийн засгийнхаа гол үзүүлэлтийг ярихгүйгээр зөвхөн эдийн засгийн өсөлтөө болон нэг хүнд ногдох ДНБ яриад байна вэ. Би ч гэсэн бас тоо ярьж чадна.

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт 2024 онд 4.5 тэрбум ам доллар байсан бол 2025 онд 1.5 тэрбум ам.доллар болж буурсан. Нэг жилийн дотор гадаадын хөрөнгө оруулалт навсайтлаа уналаа. Энэ бол аймшгийн тоо.

Хоёрт, нэг жилийн дотор 4.5 тэрбум ам.долларын өр тавьсан нь Монголын түүхэнд байгаагүй их өр. Гуравт, өрхийн орлогын хэмжээ 2024 онд есөн хувьтай байсан бол 2025 онд дөрвөн хувь болж буурсан. Дөрөвт, аж ахуйн нэгжүүд хаалгаа бариад эхэлсэн. Нийтдээ 1:2 их наяд төгрөгийн алдагдалтай улсын төсөв баталснаас татварын орлого нь 400 тэрбум төгрөгөөр дутуу, орлогын албан татвар нь бараг 500 тэрбум төгрөгөөр дутуу байна. Энэ нь нөгөө хувь хүний орлого буурсан, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсныг хэлж байгаа юм. Энд баярлаад байх зүйл огт байхгүй. Ард түмний чинь амьдрал хүнд байна. Аж ахуйн нэгжүүд нь татвараа төлж чадахгүй, хаалгаа барьж байна. Дээр нь асар их өр тавьж байна гэдэг эсрэг хариултыг өгч чадна.

Төрийн ордон, Улаанбаатар. 2026 оны 3 дугаар сарын 6. Эдийн засаг судлаач Р.Даваадорж.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

-Хэдхэн хоногийн дараа УИХ-ын хаврын чуулганыг нээнэ. Хаврын чуулганаар хэлэлцэх чухал асуудлын нэг нь 2026 оны төсвийн тодотгол байх болов уу. Хэрэв 2026 оны төсвийг тодотговол ямар асуудлыг тэргүүн ээлжинд шийдэх шаардлагатай гэж та зөвлөх вэ?

-Өнөө маргаашдаа улсын төсвийг тодотгох нөхцөл байдал харагдахгүй байна. Яагаад гэхээр Төсвийн тухай хуулийн 34 дүгээр заалтад тусгасан дөрөв, таван тохиолдол бий. Эдгээрээс аль аль нь үүсээгүй байна. Улсын төсөвт голлох түүхий эдийн үнэ нь гурван хувиас доош унасан бол гэх мэтчилэн зүйл заалтууд байдаг. Гэхдээ бид хэрэглэгч орон учраас нүүрс болон зэсийн үнэ болохоо байгаад, нефть тасалдаад ирвэл эдийн засаг хямарч эхэлнэ. Хятад улс нефтийн бүтээгдэхүүнээ экспортлохоо зогсоосон энэ цаг үед бид зөвхөн ОХУ-ыг харахаас өөр аргагүй болсон. Энэ мэтчилэн хүнд нөхцөл байдал ар араасаа гарвал улсын төсөв тодотгохоос өөр аргагүй.

-Алтны үнэ өсч байгаа ч нүүрсний үнэ сэргэх хандлага ажиглагдахгүй л байна. Гэхдээ газрын тос нийлүүлэлт буурвал Хятадад нүүрсний эрэлт нэмэгдэж, үнэ нь өсч мэднэ гэх таамаглал ч байх. Нүүрсний үнэ өсөх төлөв байна уу?

-Энэ оны нэгдүгээр сард нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр тодорхой хэмжээнд сэргэсэн. Хятадын статистик харахад, Монгол Улсын хувьд 10 сая тонн нүүрс нийлүүлсэн байна лээ. Манайх нүүрсээ их боломжийн хэмжээнд нийлүүлсэн учраас эдийн засагтаа ч нэмэр болох болов уу гэж харж байна. Гэхдээ нэг айдас байгаа нь нүүрсээ нөгөө "алдартай" нууц гэрээгээр гаргасан юм биш биз. Бид ам.доллар орж ирлээ гээд баярлаад сууж байтал нууц гэрээгээрээ нүүрсээ үнэ төлбөргүй өгч байх вий.

Хоёрт, зэсийн үнэ дээшээ цойлох төлөвтэй байна. Дэлхийн зах зээл дээр зэс 12 мянган ам.доллар хүрч, оны эцсээр 15 мянган ам.доллар хүрэх магадлалтай байна. Тэгэхээр улсын эдийн засгийг тогтвортой байлгах гол бүтээгдэхүүн бол зэс гэж харж байна.

Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл явагдаж байна. "Эрдэнэт" үйлдвэр байна. Бид эдийн засгаа хөгжүүлье гэвэл Хармагтайн орд болон бусад ордоо ашиглаж, ураны олборлолтоо хиймээр байна. Төрийн зүгээс төмөр нүүрээ харуулж, шийдэмгий арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх хэрэгтэй. Худлаа гурван тоо хэлчихээд улстөржөөд байж болохгүй.

-Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзах үеэрээ ОХУ-ын банк салбараа Монголд нээх зөвшөөрлийг олгоход бэлэн гэдгээ илэрхийлсэн. Үүнээс гадна Япон, Унгар улсаас банкны салбар нээх санал тавьсан. Дотоодын арилжааны банкуудын зээлийн хүү буурах болов уу. Эдийн засагч хүний хувьд үүнийг хэр зөв алхам гэж харж байна вэ?

-Монгол Улсын хууль эрх зүйн хувьд гадаадын ямар ч банк орж ирэхэд бэлэн. Хориглож, хаасан зүйл алга. Монголбанкны ерөнхийлөгч асан Б.Лхагвасүрэнтэй уулзаад ярилцаж байхад, "Гадаад банкны салбарыг Монголд нээх хүсэлт ирээгүй. БНХАУ-ын салбар банк байдаг" гэдэг хариултыг өгч байсан. Бид юмыг бэлэнчлэх байдлаар харах нь туйлын буруу.

Барууны орнуудын банк 4-5 хувийн зээл олгодог бол Монголд 16-17 хувийн хүүтэй байдаг. Гэхдээ гадаадын банкны салбар нь шууд орж ирээд л иргэдэд мөнгө өгөх юм шигээр гэнэн бодож болохгүй.

Монголд одоо үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд бүгдээрээ гадаадын хөрөнгө оруулалттай байна. Эхлээд банк гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй. Банк гэдэг чинь тэр улсынхаа ард иргэдээс хадгаламж авч, цаашаа зуучлахыг хэлдэг болохоос биш бөөн мөнгөтэй орж ирээд бага хүүтэй мөнгө тараахыг хэлэхгүй. Өнөөдөр манайд гадаадын хөрөнгө оруулалттай банк ажиллаж байна уу, ажиллаж байна. УИХ-ын гишүүд нь ч энэ талаар ямар ч ойлголтгүй явж байна. Гадаадын банкны салбар орж ирлээ гэхэд манай ард иргэдийн хадгаламжийг цуглуулж, мөнгө хэрэгтэй хүмүүст нь зээл хэлбэрээр өгнө. АНУ-ын банкны салбар Монголд орж ирлээ гэхэд тус улсынхаа ард иргэдийн хадгаламж дахь мөнгөө монголчуудад бага хүүтэйгээр зээлдүүлнэ гэж байх уу. Ийм зүйл дэлхий дээр байдаггүй юм. Арилжааны банкуудын дунд өрсөлдөөн бий болж, зээлийн хүү буурахгүй.

-Таны хувьд Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийн төсөл дээр ажиллаж байна гэсэн. Хуулийн төсөлтэй холбоотойгоор ямар судалгааг хийсэн бэ?

-Мөнгө хүүлэлтийн хууль бол Монгол Улсад байхгүй байгаа ганц хууль. Хүнд гэнэтийн асуудал гарч, яаралтай мөнгөний хэрэгцээ гарах тохиолдол гарна. Тийм хүмүүст асар өндөр хүүтэй мөнгө зээлүүлж, мөнгө хүүлж байна. Ийм тогтолцоо дэлхийн аль ч улсад байхаа больсон. Ломбард, банк бус санхүүгийн байгууллагын хүү асар өндөр байна. Хүүг тогтоодог Төв банкны бодлогын хүү хэдэн хувиас илүү байж болохгүй гэдэг хууль дэлхийн улс орнуудад хэрэгждэг. Гэтэл Монголд энэ хууль байхгүй байгаа.

Өнгөрсөн 2017 онд С.Эрдэнэ дарга /УИХ-ын гишүүн асан/энэ хуулийн төслийг санаачилсан боловч дэмжээгүй. Харин энэ удаа УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ хуулийн төслийг өргөн барьж байгаа.

Хаврын чуулганаар улс төрийн нам харгалзахгүйгээр батлагдах байх гэж харж байгаа. Хүмүүс арилжааны банкны хүүг мэдэх гэлээ гэж мушгин гуйвуулдаг. Энэ хууль банкны хүүтэй огт хамаагүй. Хэрвээ ийм хуультай болвол өдрийн зээл, 40, 50, 60 хувийн хүүг арилгаж, ард иргэд болон аж ахуйн нэгж нь ажил хийх боломжтой амьдарна.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 1072 хувьцааны ногдол ашиг тараана. Нэг иргэнд 60 мянган төгрөг тарааснаас эрчим хүчний салбартаа хөрөнгө оруулалт хийх нь зөв гэж хэлэх нэгэн байхад ногдол ашгаа хүн бүр авах ёстой юм гэдэг асуудлыг ч хөндөж байна. Та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Хуулиа дагавал, ард түмэн 1072 хувьцааны ногдол ашгаа авах нь зөв. Бид хуулиа л дагах ёстой. Эдийн засгийн өнцгөөс харвал, зах зээл рүү их хэмжээний бэлэн мөнгө оруулбал, бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг гэдгийг бүгд мэдэж байгаа. Энэ нь улс орны эдийн засагт ч халтай гэдгийг мэднэ. Ганц жишээ татвал, Норвеги улсын сан яагаад нэг их наядаас хол давсан их мөнгөтэй, ард түмэн нь сайхан амьдарч байна вэ. Улс нь хэзээ ч бэлэн мөнгө тараадаггүй. Улсын төсөв рүүгээ ч энэ мөнгөө оруулдаггүй. Баялгийн сангийн удирдлага нь улс төрөөс хараат бус, гадны экспертүүд ажилладаг.

Харин Монгол Улсад эсрэгээрээ байдаг. Бас төрийн өмчит компаниасаа тэр мөнгийг нь авч, улсын төсөв рүүгээ хийж байдаг замбараагүй улс. Тиймээс бид санхүүгийн сахилга баттай байх ёстой.

Ард түмний амьдрал хүнд байна. Төр засгаас бэлэн мөнгө тараана гэвэл дэмжиж таарна. Монгол Улсын нийт хүн ам 3.5 сая байгаагаас 1 сая нь ядуу амьдарч байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд ядуурал 27 хувьтай явж ирлээ. БНХАУ гэхэд нэг жилд 3-4 сая ядуу иргэнээ дундаж давхаргад аваачиж байхад бид нэг сая ядуу иргэнтэйгээ 10 гаруй жил болж байна. Ард иргэддээ таван цаас өгч байгаад сонгуулийн санал аваад сурчихсан улстөрчидтэй улс. Эхнээсээ харвал, маш буруу шийдвэр гарч ирсэн учраас бид одоо юу ч хийж чадахгүй. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагууд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэж байна лээ. Тэгэхээр нэг иргэнд 62, 63 мянган төгрөгийн ногдол ашиг тараана. Зарим нь энэ мөнгөөрөө том бүтээн байгуулалт хийе гэдэг саналыг гаргаж байна. Монголчууд нэгдэж, нийлээд том бүтээн байгуулалт хийж байсан жишээг санахгүй байна. Хамгийн харамсалтай нь энэ ногдол ашгийг жил бүр олгодоггүй. УИХ-ын сонгуулийн өмнө тарааж, ядарсан ард түмнээрээ тоглодог. Уг нь хуулиа дагавал жил бүр энэ ногдол ашгийг тарааж байх ёстой. Тэр ч битгий хэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-д ард түмний төлөөлөл байх ёстой болохоос эрх баригчдын томилсон дарга нар шийдэх ёсгүй юм.

Бас нэг асуудал нь одоо 400 төрийн өмчит компани байна. Эдгээрээс 4-5 компани нь ашигтай ажилладаг бол бусад нь огт ашиггүй. Тэдний өмч хөрөнгө нь 60, 70 их наяд төгрөг. Харин өр нь 22 их наяд төгрөг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засагтай тэнцэхүйц хэмжээний хөрөнгө мөнгө хэдхэн компани дээр эргэлдэж байна. Яагаад энэ компаниудаа хувьчилдаггүй юм бэ гэхээр мөнгө олдог ганцхан арга нь байх жишээтэй. Бид одоо энэ байдал нь бүр дасчихлаа. Энэ бүхнийг шийддэг улс төрийн хүчин гарч ирмээр байна. Монгол Улс дэлхийн улс орнуудаас эдийн засгаараа маш хоцорч байна. Манайх шиг ийм ойлгомжтой арга хэмжээг авч, ажиллаж чадахгүй байгаа улс орон Африкт ч байхгүй болсон. Гучин жилд улс орныг хөл дээр нь босгох хугацаа шүү дээ.

-УИХ-аас ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсан. Ингэснээр ЕАЭЗХ-ны гишүүн 5 орон тус бүр 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ гаалийн татваргүй, нэн хөнгөлөлттэй тарифаар импортлох бол, Монгол Улс мөн тооны бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой.  Гэвч Монголоос олон улсын стандартыг хангаж буй бүтээгдэхүүн нь мах, ноос ноолууран бүтээгдэхүүн байна. Малчдын орлогыг бүрэн дэмжиж чадах уу. Мөн өөр ямар төрлийн бүтээгдэхүүнийг экспортод гаргах гарц байна гэж та харж байна?

-Энэ талаар бүр 2007 оноос ярьж эхэлсэн юм билээ. Монгол Улсаас ОХУ руу мах болон ноос ноолууран бүтээгдэхүүн экспортлохоор маш өндөр татвар төлж байна гэдгийг үе үеийн сайд дарга нар хэлж байсан. Сүүлийн хоёр, гурван жилийн дотор л энэ асуудал шийдэгдэж байх шиг байна. Ингэхдээ ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээрийг эхний удаад гурван жилээр байгуулахаар ярьж байна. Мэдээж, үе үеийн Засгийн газраас тооцоо судалгааг сайтар хийсэн байлгүй. Мах махан бүтээгдэхүүнээ зарж борлуулах байлгүй дээ. Яг үнэндээ төрийн гаргасан шийдвэрийг элдвээр хэлмээргүй байна.

Эх сурвалж: news.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Энэ сарын 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн зүүн хагаст цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ1 цаг 42 минутын өмнө11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өнөөдрөөс эхлэн өөрчилжээ1 цаг 48 минутын өмнөГадаадын банкийг Монголд оруулж ирэх нь зөв эсэхийг хэлэлцэж байна1 цаг 49 минутын өмнөАрдчилсан намын шинэ томилгоо1 цаг 50 минутын өмнөБ.Баярмаа: Дөрвөн жирэмсэн эх тутмын нэг нь сэтгэл гутралд өртөж байна1 цаг 51 минутын өмнө"Улаанбаатар хотын иргэд 2026 оны өвлийн улиралд дүүжин тээврээр зорчиж эхэлнэ"1 цаг 52 минутын өмнө2026 оны эхний хоёр сард суудлын машины импорт өмнөх жилийн мөн үеэс 54 хувиар буурав1 цаг 53 минутын өмнөМонголд олимпын таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно1 цаг 54 минутын өмнөМонгол Улс шиг ядуу орон Африкт ч байхгүй1 цаг 54 минутын өмнөТангаргаасаа няцаж, ёс зүйгүй авирлан, чуулганы хуралдаанд тасалдаг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа1 цаг 56 минутын өмнөКОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа3 сар 6. 17:53Монгол Улс 2025 онд 12.2 сая ширхэг амьд цэцэг импортолжээ3 сар 6. 14:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.