Монгол үндэсний бөхөд дуртай унгар бүсгүй


3-р сарын 5
15 цаг 19 минут

Намайг Сара гэдэг. Би Унгар улсын иргэн. Монголд анх удаа 2018 оны намар ирж байлаа. Тэр өдрөөс хойш явуулын хүн шиг Монгол, Унгарын хооронд ирж буцдаг болоод удаж байна.

 

Ямар ч хүнд анхны дурсамж сэтгэлд хоногшин үлддэг шүү дээ. Тэр цаг 2019 оны хавар байсан. Багштайгаа хамт Багануурын малчин айлд зочилсон юм. Хөдөө нутгийн үнэр миний сэтгэлийг ихэд татсан. Тэр цагаас хойш надад монгол хоол унд, мал, талын цэцэгсийн үнэр гоё санагддаг болсон.

 

Хот руу буцахдаа талд нар жаргаж, түүний наана бэлчиж буй мал сүргийг харах урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй, уйлмаар мэдрэмжийг төрүүлсэн. Монголд байгаадаа үнэхээр их талархаж байсан. Гадаад улсад байгаа хэрнээ эх орондоо байгаа юм шиг сонин мэдрэмж төрж билээ. Одоо бол боломж гарах бүрд хөдөө явдаг.

 

Сэтгэлд минь хамгийн ойр нутаг бол Булганы Баян-Агт сум. Зун Шаргын нуурт сэлж, хөлдсөн үед дээгүүр нь машинаар давхиж үзсэн. Дүн өвлөөр загасанд явж, Могод сумын Хульжийн рашаанд орсон. Баян-Агт сумын Хануй рашаанд очиж, хийморио сэргээсэн. Тэдгээр нь миний мөрөөдлийн жагсаалтад байсан зүйлс юм. Ер нь Булганы зуншлага их сайхан болдог.  Баян-Агт суманд наадмаар хурдан морины уралдаан сонирхож, зүлгэн дээр сууж бөхийн барилдаан үзсэн. Тэр жил нутгийн залуу бөх түрүүлсэн нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн. 

Анх 2023 онд Бөхийн өргөөнд орж үзэж байлаа. Монгол үндэсний бөхийн барилдааны ёс дэг, зодог шуудаг, барилдааны үеэр эгшиглэх уртын дуу намайг гайхшруулдаг. Барилдааны үеэр хэн ч түрүүлж мэднэ, хэн ч унаж мэднэ. Юу ч тохиолдож магадгүй. Ер нь тааварлашгүй. Тиймээс барилдаан бүр их сонирхолтой болдог. 

Цагаан сарын 2023 оны барилдаанд Ховд аймгийн заан Б.Бат-Өлзий түрүүлсэн нь их гайхалтай байсан. Анхны “Алтан цом”-ын сүүлийн тойргийн барилдаан бас мартагдашгүй байлаа. Тухайлбал, Булган, Архангайн багууд барилдаж, Бөхийн өргөө пиг дүүрч, хүмүүс шатан дээр хүртэл сууж байсан. Миний дэмжиж байсан бөхчүүд мэдээж Булганыхан байсан.

 

Хэдэн бөхийн нэр дурдвал, Д.Амарсайхан, Б.Түвшинтөгс, Э.Сумъяабат зэрэг улсын начингууд, Архангай талаас М.Бадарч, “Цахилгаан” Б.Зоригтбаатар, “Өндөр” О.Мөнх-Эрдэнэ, С.Сүхбат зэрэг бөхчүүд барилдахад тэр нь “гал” санагдаж байлаа. Булганыхантай хамт бөхийн барилдаан үзэж, бөх сонирхогчидтой хамт “Халуун элгэн нутаг” дууг дуулж, айраг уух нь гайхалтай цаг мөч байсан.

 

Монголд амьдарсан сүүлийн хэдэн жил надад энэ ертөнцийг илүү сайн ойлгоход тусалсан. Би унгар хүн боловч сэтгэлдээ бараг монгол хүн болчихсон. Би монгол нутгаас салж чадахгүй юм шиг санагддаг, салахыг ч хүсдэггүй. Миний зүрх сэтгэл Монголын гүн рүү улам тэмүүлсээр байгаа.

 Гэрэл зургийг Б.Чадраабал

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үхрийн махны үнэ буурав10 сар 21. 21:30"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"10 сар 21. 21:29SpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй10 сар 21. 21:28Түрээслээд өмчлөх 45 м.кв байрны сарын төлбөрийг 1.42 сая төгрөгөөр тогтоов10 сар 21. 21:26Орон сууцны 106 төсөл иргэдийг хохироосон бол 37 нь зөвшөөрөлгүй баригдаж эхэлжээ!10 сар 21. 21:25Малчдын хохирлыг барагдуулах асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ10 сар 21. 21:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө10 сар 21. 21:22АНУ-ын төрийн байгууллагууд “DeepSeek”-ийн технологийг ашиглахгүй10 сар 21. 21:21Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхааруулав10 сар 21. 21:19Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ10 сар 21. 17:24Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо10 сар 20. 11:13Хиймэл оюун ухааны далд үнэ10 сар 20. 11:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.