
Жин хасах зориулалттай эм нь зүрхний шигдээс туссан хүмүүст тустай байж магадгүй нь шинэ судалгаагаар тогтоогдсон байна. Тодруулбал, "Ozempic" болон "Wegovy" зэрэг эм нь зүрхний эдийг гэмтэхээс хамгаалж чадна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Их Британи улсад жил бүр ойролцоогоор 100 мянган хүн зүрхний шигдээс тусдаг бөгөөд тэдний тал орчим нь “no-reflow” гэх асуудалтай тулгардаг. “No-reflow” нь зүрхний жижиг судаснууд бөглөрснөөс үүдэн бий болдог. Үндсэн гол судас нээгдсэн ч зарим хэсэгт цус хүрдэггүй. Үүний улмаас нас барах эсвэл нэг жилийн дотор зүрхний дутагдалд орж эмнэлэгт дахин хэвтэх эрсдэл нэмэгддэг байна.
Судлаачид "GLP-1" даавар агуулсан жин хасах эмүүд нь дээрх асуудлаас урьдчилан сэргийлэх боломжтой байж магадгүй гэж тогтоожээ.
Эдгээр эм зүрхний шигдээс болон тархины цус харвалтын эрсдэлийг бууруулдаг болох нь өмнө нь мэдэгдсэн. Харин зүрхний шигдээс болсны дараах эмчилгээнд анх удаа судлагдаж байгаа юм. "GLP-1" гэдэг нь "Glucagon-Like Peptide-1" гэсэн утгатай бөгөөд гэдэсний доторх даавар юм. Энэ нь цусан дахь сахарыг хянах, өлсгөлөнг багасгах, мөн зүрхний эрүүл мэндийг дэмжихэд тусалдаг даавар. Бристолийн их сургуулийн эмнэлгийн сургуульд ахлах багшаар ажилладаг доктор Светлана Мастицкая хэлэхдээ, зүрхний шигдээс болсны дараах гэмтэлд "GLP-1" эерэг үр дүн өгсөн. Ирээдүйд зүрхний шигдээстэй өвчтөнд тухайн эмийг эмнэлэг хүргэх замд нь ч түргэн тусламжийн баг өгөх боломжтой гэжээ.
Гэхдээ судалгааг амьтан дээр хийсэн тул хүн дээр туршихад илүү их судалгаа, шинжилгээ шаардлагатай байна гэж Мастицкая хэлж байна.
Энэхүү судалгааг "British Heart Foundation" санхүүжүүлсэн бөгөөд "University College London"-ын мэргэжилтнүүд оролцжээ. Судалгааны үр дүнг "Nature Communications" сэтгүүлд нийтэлсэн байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, жин хасан эм нь амь аврах эмчилгээ болох боломжтой. Өмнөх томоохон судалгаануудад тухайн эмүүд нь зүрхний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг болохыг харуулсан. Гэхдээ хэрхэн үр дүнд хүрч байгааг одоо ч судалж байгаа юм. Энэ судалгаа нь жин хасах эмүүд зүрхний хамгийн жижиг судсанд цусны урсгалыг сайжруулах боломжтой байж магадгүйг харуулж байна.

Сэтгэгдэл бичих