
Франц улс цөмийн зэвсгийн бодлогоо өөрчилж, тоог нь нэмэгдүүлэх болжээ. Мөн Европын бусад орнуудыг цөмийн хамгаалалтдаа хамруулах бололтой. Тус улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон олон улсын нөхцөл байдал улам тогтворгүй болж байгаа тул ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байна. Тэрбээр "Ирэх 50 жил бол цөмийн зэвсгийн эрин байх болно" гэж онцолжээ. Франц улс одоогийн байдлаар 300 цөмийн цэнэгт хошуутай бөгөөд энэ тоог нэмэгдүүлэх аж.
Мөн 2036 онд “Дийлдэшгүй” нэртэй шинэ цөмийн шумбагч онгоц ашиглалтад оруулна гэж Макрон мэдэгдсэн байна.
Үүнээс гадна Их Британи, Герман, Польш, Нидерланд, Бельги, Грек, Швед, Дани зэрэг Европын бусад найман орон "дэвшилтэт саатуулах" шинэ стратегид оролцохоор тохиролцсон гэж Макрон мэдэгджээ. Польшийн ерөнхий сайд Дональд Туск “Бид найзуудтайгаа хамт зэвсэглэж байна. Ингэснээр дайснууд бидэнд халдаж зүрхлэхгүй” гэж цахим хуудаснаа нийтэлжээ. Энэ шинэ бодлогын хүрээнд:
- Хамтарч буй орнууд Францын агаарын цөмийн сургуулилалтад оролцоно.
- Францын цөмийн бөмбөгдөгч онгоцнуудыг Европ дахь баазуудад байрлуулах боломжтой болно.
- Мөн сансрын дохиоллын систем, пуужингийн хамгаалалт, холын зайн пуужингийн чадавхыг хамтран хөгжүүлнэ.

Гэсэн ч цөмийн пуужин харвах эцсийн шийдвэрийг зөвхөн Францын ерөнхийлөгч гаргана. Түнш орнуудад албан ёсны “баталгаа” өгөхгүй. Энэ бодлогын гол зорилго нь хэрэв аль нэг улс, хэн нэгэн Францад халдвал маш хүчтэй хариу арга хэмжээнд орно гэдгийг ойлгуулах явдал юм. Франц өмнө нь цөмийн хошууны тоогоо ил тод мэдээлдэг байсан бол цаашид энэ тоог нууцлах болно. Франц аль хэдийнэ Европ дахь цорын ганц өөр нэг цөмийн гүрэн болох Их Британитай хамтран ажиллах гэрээтэй. Саяхан Их Британийн албаныхан Францын цөмийн агаарын сургуулилалтад анх удаа оролцсон юм. Мөн Франц, Герман хоёр улс цөмийн тогтоон барих салбарт илүү ойр хамтран ажиллахаа мэдэгдсэн байна. Тэд энэ хамтын ажиллагаа нь "NATO"-гийн цөмийн хамгаалалтыг орлохгүй, харин нэмэлт дэмжлэг болно гэж онцолжээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл бичих