
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн баг Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын Абьeмном мужид энгийн иргэдийг хамгаалах үүргийг гүйцэтгэж байна.
2026 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тус бүс нутагт үүссэн нөхцөл байдлын улмаас 1,000 гаруй иргэн, мөн хоёрдугаар сарын 27-ны өдөр 400 гаруй иргэн (ихэнх нь өндөр настан, хүүхдүүд) хамгаалалт хүсэж баазад нэвтэрснийг Монгол цэргүүд шуурхай хүлээн авч, нийт 1,400 гаруй энгийн иргэнийг хамгаалалтад аван ажиллаж байна.
Энгийн иргэдийг хамгаалах ажиллагааны хүрээнд цэргийн багийн зүгээс эмнэлгийн майханд анхан шатны тусламжийн цэг байгуулж, шархадсан иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн, шаардлагатай иргэдийг бусдаас тусгаарлан зохион байгуулалт хийжээ.
Түүнчлэн хамгаалалт хүсэж нэвтэрсэн орон нутгийн иргэдийн дунд төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэй байсныг баазын эмч ахлах дэслэгч Ц.Цэрэнлхам, сувилагч дэд ахлагч Д.Ууганбаяр нар мэргэжлийн өндөр ур чадвар гарган эх барьж, эх, нярайг эсэн мэнд амаржуулсан байна.

Сэтгэгдэл бичих