
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн тушаалаар эрт илрүүлгийг орон даяар зогсоох шийдвэр гарсан. Эрт илрүүлэг, үзлэг оношилгооны санхүүжилтийг мэдээллийн санд дүн шинжилгээ хийж, эрт илрүүлгийн багцыг шинэчлэн тогтоох, цаашдын чиг хандлагыг тодорхойлохын тулд түр хугацаагаар зогсоох чиглэл ирүүлсэн тул ЭМДЕГ-аас эрт илрүүлгийн санхүүжилтийг 2025 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож буйг мэдэгдсэн. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр, "Эрт илрүүлгийг илүү оновчтой болгохоор ажиллаж байна. Мөн эрт илрүүлэг үзлэг оношилгооны хүрээнд томоохон системийг хөгжүүлж дуусгасан. Энэхүү шинэ системийг Австрийн Засгийн газрын хөнгөлөлтэй зээлийн тусламжтайгаар хийж гүйцэтгэлээ. Ингэснээр иргэний гар утсанд ямар үзлэг, оношилгоонд хамаарагдах ёстой болсныг мессеж хэлбэрээр мэдээлдэг болно. Гар утсанд ирсэн мэдээллийн дагуу хаана, ямар эмнэлэгт үзүүлэх зэрэг мэдээлэл давхар очих юм. Хэрэв иргэн эрт илрүүлэгт хамрагдсаны дараа шинжилгээний хариу хэвийн бол эрүүл гэсэн мэдээлэл очно. Харин ямар нэгэн өөрчлөлтэй гарвал дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлэх ёстойг мэдээлэхээс гадна эмнэлгийн цаг автоматаар үүснэ. Нөгөөтэйгүүр иргэн бүрд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо шинжилгээ хийхгүй гэж ойлгож болно. Жишээлбэл, ходоодны хорт хавдрыг илрүүлэхэд цусны шинжилгээ, шээсний шинжилгээ болон биохимийн шинжилгээ авах шаардлагагүй. Учир нь ииргэний биед гарч буй өөрчлөлт нь хорт хавдрыг илэрхийлэхгүй тул зөвхөн дурангийн шинжилгээ хийхээр болсон.
Эрт илрүүлгийн шинжилгээг 60-70 мянган төгрөгийн хооронд хийдэг. Тиймээс бид өртгийг нь нэмэгдүүлнэ. Өртгийг нь нэмэгдүүлэхээр үзлэг, оношилгоо хийх хувийн эмнэлэг нэмэгдэнэ гэж харж байгаа.
Энэ удаагийн эрт илрүүлгийн шинэ систем нь иргэний араас явдаг механизмаар хийсэн. Ингэж байж олон мянган иргэдийн эрт илрүүлэгт хамруулж, тухайн өвчнийг эрт оношлох боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр, умайн хүзүүн хорт хавдрыг илрүүлэхэд үе шаттайгаар ажиллана.
Анхан шатны оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ өрх, сум, дүүргийн эмнэлэг 30-35, 40-45 насны эмэгтэйчүүдэд папиллома вирус байгаа эсэхийг үзнэ. Папиллома вирустэй иргэдийг илрүүлэхийн тулд тухайн эмнэлэгт санхүүжилтийг бүрэн олгоно. Бодитой санхүүжилт байхгүй бол аль ч эмнэлэг үзлэг, оношилгоо, шинжилгээ хийхгүй. Тиймээс вирус илэрсэн иргэд дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлсний дараа өөрчлөлт илэрвэл эмчилгээнд хамруулна. Иймд эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах ажил эхэлсэн. Энэ удаагийн эрт илрүүлэг тогтолцооны хувьд илүү оновчтой, санхүүжилтийн хувьд хүрэлцээтэй байхаас гадна иргэний оролцоог хангасан байхыг зорилт болгон ажиллаж байна" гэлээ.
Эрт илрүүлгийн хүрээнд хамгийн сайн оношлогдсон хавдрын нэг бол умай хүзүүн хорт хавдар. Гэтэл нийт эмэгтэйчүүдийн 49 хувь нь умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсан байдаг. Үүнээс гадна ЕБС-ийн сурагчдын дунд амны хөндийн өвчлөл өндөр байгаатай холбогдуулан зургаан настнуудыг эрт илрүүлэгт хамруулах болсон. Мөн өсвөр насны хүүхдүүдийн дунд түгээмэл гарч буй сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч ажиллахаар болсон аж. Үүнээс гадна цэрэг татлагатай уялдуулж залуусын дунд түгээмэл илэрдэг ДОХ, тэмбүү, сүрьеэгийн шинжилгээг хийхээр болжээ.

Сэтгэгдэл бичих