Монгол Улсын баг мөсөн сийлбэрээр дэд байр эзэллээ
АНУ-ын Аляска мужийн Фэйрбэнкс хотод энэ сарын 16-нд эхэлсэн "Ice Alaska – World Ice Art Championship" мөсөн урлалын тэмцээнд Монголын баг амжилттай оролцож, дэд байрт шалгарлаа. Монголын уран сийлбэрчид “Everything is Waking Up” буюу байгаль дэлхийн сэргэлтийг илэрхийлсэн бүтээлээр өрсөлджээ. Багийг уран сийлбэрчин Ц.Батмөнх ахалж, багт Х.Алтанхүү, Д.Энхбат, Д.Мөнхтуул нар ажилласан байна.
Энэхүү тэмцээн нь жил бүр тогтсон өдрийн дагуу эхэлж, 30-аас дээш орны 100 гаруй уран сийлбэрчид оролцож, уралддаг онцлогтой. Уг тэмцээнээр дамжуулж мөсөн сийлбэрчид өөрийн улс орны өв соёлыг танилцуулдаг. 1990-ээд оноос эхлэлтэй энэхүү олон улсын наадамд дэлхийн шилдэг мөсөн сийлбэрчид оролцдог бөгөөд Монголын уран сийлбэрчид сүүлийн 20 гаруй жилийн турш тус тэмцээнд тогтмол оролцож, өөрсдийн дахин давтагдашгүй арга барил, үндэсний хэв шинжийг шингээсэн бүтээлүүдээрээ дэлхийд танигдаад байгаа юм.


Сэтгэгдэл бичих