Монголын хувийн сургуулиудын холбооноос санаачлан D-petition буюу нийтийн цахим өргөдөл, гомдлын системд Үдийн хоолны хөтөлбөрт 1–12 дугаар ангийн бүх сурагчдыг өмчийн хэлбэр харгалзахгүй хамруулах шат дараалсан арга хэмжээг авах талаар санал авч эхэлжээ.
2006 онд “Үдийн цай” нэрээр хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрт анх 1-2 дугаар ангийн сурагчид хамрагдаж байсан бол 2008 оноос эхлэн 1-5 дугаар ангийн сурагчид хамрагдах болсон. Улмаар хөтөлбөр 2019 оноос “Үдийн хоол” болж өргөжсөн юм.

Энэхүү саналыг санаачлагчид уг саналыг гаргах болсон шалтгаанаа “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “…тэгш байдал…” нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болохыг; Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.”, Арван зургаадугаар зүйлийн 7-д “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно /үдийн хоол нь ерөнхий боловсрол олгох үйл ажиллагааны нэг бүрэлдэхүүн хэсэг юм/. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” гэж; мөн 11-д “Гэр бүл, эх нялхас, эх хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж тус тус хуульчилсан.
Эдгээрийн дагуу сургуулийн өмчийн хэлбэрийг үл харгалзан ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчийг Үдийн хоол хөтөлбөрт тэгш хамруулах эрх зүйн үндэслэл бүрэн бүрдэж буй тул энэхүү өргөдлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна.” хэмээн дурдсан байна.
Саналыг 100,000 ба түүнээс дээш иргэн дэмжвэл холбогдох байнгын хороо хэлэлцэх ба одоогийн байдлаар саналыг 12,117 иргэн дэмжиж гарын үсгээ зуржээ. Санал авах хугацаа гуравдугаар сарын 7-нд дуусах юм.

Сэтгэгдэл бичих