"Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтад 460 тэрбумыг олгоно"


2-р сарын 26
20 цаг 20 минут

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу өнөөдөр /2026.02.26/ цаг үеийн асуудлаар тодруулга өглөө.


-Иргэдэд 2026 оны дөрөвдүгээр сардаа багтаан 1072 хувьцааны ногдол ашиг тараана гэж мэдэгдсэн. "Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд хэр ашигтай ажиллав?

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьд 2025 онд 30.3 сая тонн нүүрс олборлож, экспорт 28.7 хувь, борлуулалт 27.5 сая тонн байлаа. Өнгөрсөн 2025 онд үүссэн нөхцөл байдал гэвэл, нүүрсний үнэ сүүлийн зургаан жилийн хувьд тав, зургадугаар сард хамгийн доод хэмжээнд хүрсэн. БНХАУ-ын Ганцмод боомт дээр нэг тонн хатуу коксжих төрлийн нүүрсний үнэ 700 юань буюу 100 орчим ам.доллар болж ирсэн. Үүнтэй холбоотойгоор эхний хагас жилд нүүрсний борлуулалт, экспорт, биркийн арилжаа гээд маш олон үйл ажиллагаанд тодорхой хэмжээний тасалдал үүсч, борлуулалтын орлого буурсан. Гэхдээ 2025 оны долдугаар сараас хойш нүүрсний үнэ тодорхой хэмжээнд нэмэгдэхээс гадна Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, салбар хоорондын уялдаа холбоог хангах хүрээнд гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоолоо. Ингэснээр хил гааль гэх мэт бүх байгууллагын үйл ажиллагааг сайжруулахыг зорьж ажилласан. Мөн нүүрсний тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлыг өнгөрсөн хугацаанд хийсний үр дүнд 2025 оны арванхоёрдугаар сард анх удаа 4 саяас дээш тонн нүүрсийг экспортолж, Монгол Улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн байна.

Мөн 2025 онд "Хуримтлалын сан"-д бид 375 тэрбум төгрөгийг хуримтлуулж, иргэдийн нэрийн дансан дээр нь мөнгө хуримтлагдаад явж байгаа. Мөн энэ мөнгөний тодорхой хэсгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болгож байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 595 тэрбум төгрөгийг "Хуримтлалын сан"-д төвлөрүүллээ. Өнгөрсөн оны хувьд нүүрсний үнийн уналтаас шалтгаалан борлуулалтын орлого буюу биет хэмжээ нь 2024 онтой харьцуулахад огцом буураагүй. Сүүлийн хагас жилдээ нүүрсний экспорт, борлуулалт, тээврийг огцом нэмэгдүүлж, ажиллаж чадсан. Харин нэгж үнэ нь хоёр дахин унасантай холбоотойгоор 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, холбогдох санхүүгийн тайлангаа гаргасан. Компанийн тухай хуулиараа санхүүгийн тайлангаа гаргаж дууссанаас 50 хоногийн дотор хувьцаат компанийн зүгээс ногдол ашиг тараах, тараахгүй тухай шийдвэрийг хувьцаа эзэмшигчдээс ирүүлж, ТУЗ-өөс шийдвэрээ гаргадаг. Үүнтэй холбоотойгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн шийдвэр гарч, энэ шийдвэрийг гүйцэтгэх удирдлагын зүгээс хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-д хөндлөнгийн аудит оруулж, ирэх зургадугаар сард үр дүн нь гарна гэдгийг албаныхан мэдээлсэн. Ер нь хөрөнгийн зах зээл дээр нээлттэй хувьцаат компани болгох хүрээнд ямар ажлуудыг хийж байна вэ?

-"Эрдэнэс Тавантолгой" ХК нь нээлттэй хувьцаат компани болно гэдэг нь хувьцааг хоёрдогч зах зээлд нээх тухай асуудал. Мөн УИХ дээр Үндсэн чиглэл батлуулахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тогтоолын төсөл оруулж, хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэсэн. Хаврын чуулганаар энэ тогтоолыг авч хэлэлцэх байх. Нээлттэй хувьцаат компани болсноор ямар давуу тал үүсэх вэ гэхээр Засгийн газар болон УИХ-ын шийдвэрээр 2011 онд иргэдэд нэг сая төгрөгийн үнэлгээтэй 1072 ширхэг хувьцаа өгсөн. Ингэхдээ иргэд 1072 хувьцаагаа захиран зарцуулах эрхийг хоёрдогч зах зээл дээр нээлттэй болох хүртэл түр хязгаарласан тогтоол баталсан. Тэгэхээр 10 гаруй жилийн өмнөх нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 933 төгрөг байсан бол одоо "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн балансын үнэлгээгээр 1900 төгрөг буюу хоёр дахин нэмэгдэнэ.

Бид олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланд үнэлгээ хийлгүүлж байна. Засгийн газраас 2025 оны арванхоёрдугаар сард энэ ажлыг хийх үүрэг чиглэлийг өгч, нэгдүгээр сард аудит оруулсан. Одоо энэ ажил 20 гаруй хувьтай, ирэх зургадугаар сард дуусахаар ажиллаж байна.

Үндсэндээ "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүхий л үйл ажиллагааг шалгаж, аудитын дүгнэлт гаргах юм. Үүнтэй зэрэгцүүлээд Тавантолгойн уурхайн ордын нэгдсэн ТЭЗҮ-г шинэчлэн батлуулах ажлыг өнгөрсөн жилийн хугацаанд хийж, тайлангаа гаргасан. Одоо Эрдэс баялаг мэргэжлийн зөвлөлөөр батлуулахаар ажиллаж байна. Бид өнгөрсөн жил тус ордын нөөцийг 8.1 тэрбум тонн болгож, шинэчлэн батлуулсан. Энэ хүрээндээ компанийн хөрөнгийн болон бизнесийн үнэлгээг хийхэд үнэлгээ нь тэр чинээгээрээ өснө. Мөн сүүлийн гурван жил буюу 2023, 2024, 2025 оны санхүүгийн үзүүлэлтийг харвал, манай бизнесийн үнэлгээ нэг жилд дунджаар нэг тэрбум ам.долларын цэвэр ашигтайгаар ажиллажээ. Энэ маань нэгж хувьцааны хөрөнгийн болон бизнесийн үнэлгээг тогтооход чухал үзүүлэлт болдог. Тэгэхээр энэ бүгдийг хийж, хэрэгжүүлснээр иргэдийн 1072 хувьцааны үнэ цэн өснө. Нөгөө талаасаа иргэд санхүүгийн боловсрол мэдлэг ямар байгаа бол гэдэг эрсдэл гарч ирнэ. Ямар ч байсан 1072 хувьцаа гарснаас хойш нэрийн дансаа нээлгэх ажиллагаа дэлхийн бусад орнуудтай харьцуулахад маш өндөр түвшинд хүрсэн. Өнгөрсөн 2024 оны Засгийн газрын 10 дугаар тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаанаас 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны арвандугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон Монгол Улсын харьяат болсон иргэн бүрд 1072 ширхэг энгийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлсэн. Шинэ төрсөн иргэдэд 1072 хувьцааг олгож эхэлсэнтэй холбоотойгоор зарим нь нэрийн дансаа нээлгээгүй байхыг үгүйсгэхгүй.

Гэхдээ "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгочихвол иргэд 1072 хувьцаагаа хоёрдогч зах зээл дээр арилжаалах, бэлэглэх, өвлүүлэх, хадгалах бүрэн боломжтой болно. Жишээлбэл, ямар нэгэн өөр шийдвэрээр өрийн үйл ажиллагаанд хамааралгүй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломжгүй болно. Нээлттэй хувьцаат компани болсноор саналын эрхгүй ард иргэд саналын эрхтэй болж, "Миний өмч хөрөнгөд дураараа халдаж болохгүй" гэж хамгаалах боломж нь нээгдэнэ. Тийм учраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг нээлттэй болгох ажлыг 2026 онд хэрэгжүүлж, бэлтгэл ажлыг хангах үүргийг Засгийн газраас даалгасан. Энэ хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК болон "Эрдэнэс Монгол" нэгдлийн зүгээс үе шаттай ажлыг хийж байна.

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагын томилгоо хүлээгдэж байна. Засгийн газраас дахин менежментийн баг томилох шийдвэрийг гаргаад буй. Таны хувьд сонгон шалгаруулалтад оролцсон уу?

-Би тус компанийн удирдлагыг сонгон шалгаруулах субъект нь биш. Чиг үүргийн хувьд 1072 хувьцааны ногдол ашгийг тараана, тараахгүй гэдэг асуудлыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ шийддэг. Энэ асуудалд би нэмэлт тайлбар, хариулт өгөх нь илүүц биз.

-"Эрдэнэс Тавантолгой" ХК 2019 онд анх 1072 хувьцааны ногдол ашиг өгч байхад нэгж хувьцаа 90 төгрөг байсан бол компанийн цэвэр ашиг нь нэг их наяд төгрөг байжээ. Өнгөрсөн 2025 онд мөн л 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан хэдий ч нэгж хувьцаа 65 төгрөг болж буурсан байна. Үүний шалтгаан нь юу вэ?

-Компанийн тухай хуулиар хувьцааны ногдол ашиг тараах, тараахгүй тухай шийдвэрийг хувьцаа эзэмшигчид буюу ТУЗ гаргадаг. Нэг хувьцаанд ногдох ногдол ашгийн хэмжээ 90 төгрөг гэж 2019 онд гаргаж байсан бол 2025 онд 65.5 төгрөг байна. Нэг зүйлийг ойлгомоор байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК нүүрсний борлуулалт, экспорт, тээврийг нэмэгдүүлээд, улсын хэмжээнд татвар хураамж гээд бүх түвшинд жин дарах хувь нэмрийг оруулж байгаа. Гэхдээ энэ компанид өгсөн үүрэг даалгавар маш их. Өнгөрсөн хугацаанд 7 их наяд төгрөгийн өөр төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн байна. Зөвхөн 2025 онд гэхэд холбогдох тогтоол шийдвэрийн дагуу "Тавантолгой түлш" компанид 280 тэрбум төгрөгийн санхүүжилтыг нийгмийн хариуцлагын хүрээнд олгосон. Монгол Улсын нийт хүн амын 50 хувийн эрүүл мэндийн асуудал учраас буруутгаж болохгүй.

Мөн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор 252 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Үүнээс гадна газрын тосны үйлдвэрийн шугам хоолой гэх мэт бусад төсөл хөтөлбөрүүдэд 2020, 2021, 2022 онуудад гарсан шийдвэрүүдийн дагуу төлбөрийг нь төлж ажилласан. Тийм учраас энэ компани зохис харьцаагаа баримтлаад, тооцоо судалгаатай ажиллах ёстой. Мөнгөн урсгалын хувьд, хэдий цэвэр ашигтай ажиллаж байгаа ч бэлнээр ийм олон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа учраас хүндрэлтэй гэдгийг компанийн удирдлагуудын зүгээс удаа дараа хэлдэг. Дараа жил ч гэсэн 1.2 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ёстой учраас бид өөрсдийн үйл ажиллагаагаа хэмнэж, өртөг зардлаа бууруулах ажлыг бүх түвшинд хийж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын томоохон стратегийн орд газрын хувьд татвар төлөлт, борлуулалтын орлогоороо нэгдүгээрт орж байгаа учраас ачаагаа үүрч ажиллаж байна.

-Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалт 10 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд төсвийг 54 тэрбум төгрөгөөр нэмэх шаардлагатай гэдэг хүсэлтийг ирүүлжээ. Энэ мөнгийг санхүүжүүлэх боломжтой юу?

-Энэ асуудлыг Зам, тээврийн хөгжлийн яам болон "Тавантолгой" төмөр зам зэрэг ажил хариуцаж байгаа хүмүүсээс асуух нь зүйтэй байх. Үндсэндээ "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас нийт санхүүжүүлэх ёстой мөнгөн дүн бол 848 тэрбум төгрөг. Бид 2025 онд 30 хувийн санхүүжилт буюу 252 тэрбум төгрөгийг олгосон. Харин энэ онд Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 460 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтыг бэлнээр нь олгоно.

-Бортээгийн ордын эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулалтад хэчнээн аж ахуйн нэгж материалаа ирүүлсэн бэ?

-Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар УИХ-ын 103 дугаар тогтоол 2025 онд гарсан. Энэ тогтоол дээр Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгө оруулагчдыг нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулж, орж ирсэн өгөөжийг Баялгийн сангийн тухай хуульд нийцүүлэн хүртээх агуулгатай юм. Энэ хүрээнд Засгийн газар дээр Тэргүүн Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг Засгийн газрын хуралдаанд 2-3 удаа асуудлыг танилцуулж, сонгон шалгаруулалтын зарыг нээлттэйгээр байршуулсан. Одоогийн байдлаар сонгон шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу тодорхой тооны этгээдүүд саналаа ирүүлэхээр ТЭЗҮ-ийн хүсэлтээ илэрхийлж, нэмэлтээр авна гэдэг шалгуур тавьсны үндсэн дээр мэдээллийг авч байна. Яг одоо тоо хэлэх боломжгүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтад 460 тэрбумыг олгоно"2 цаг 29 минутын өмнө"Бид авлигын индексээр Непал, Филиппин, Сьерра-Леоне зэрэг улсын ард орлоо"2 цаг 30 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар ажлын гүйцэтгэл нь муу дүгнэгдсэн Б.Чойжилсүрэн нарын 2-3 сайдад хариуцлага тооцохоор болжээ2 цаг 30 минутын өмнө"Мэдэгдлээ авч байж л усны үйлчилгээний төлбөрөө төлж хэвшсэн айлууд бий"2 цаг 31 минутын өмнөМазаалай баавгайг хамгаалах өдрийн хүрээнд танин мэдэхүйн үйл ажиллагаа болно2 цаг 32 минутын өмнөМОНГОЛ УЛС , БНСУ-ЫН ГХЯ ХООРОНДЫН КОНСУЛЫН XII ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ2 цаг 34 минутын өмнөҮл хөдлөх хөрөнгөтэй холбоотой 1,000 гаруй залилан гарч, учирсан хохирол ₮120 тэрбумд хүрчээ2 цаг 37 минутын өмнөЗээлийн мэдээллийн тогтолцооны тухай нийтлэг асуулт, хариулт2 цаг 38 минутын өмнөБНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 цаг 40 минутын өмнөДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргажээ2 цаг 43 минутын өмнөНИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫГ БНСУ-Д ЧАДАВХЖУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО2 сар 25. 16:52СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч линкээр нэвтэрч, 22.5 сая төгрөг алджээ2 сар 25. 16:42
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.