Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 53 тэрбумын нэмэлт төсвийг батална


2-р сарын 25
16 цаг 39 минут

"Хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоо" олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр /2026.02.24/ Тусгаар тогтнолын ордонд болсон. Хэлэлцүүлэгт эрүүл мэндийн салбарын үе үеийн сайд нар оролцож, салбартаа тулгамдаж буй асуудал болон бодлого, шийдлийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.


"ЗАЛУУ ЭМЧ, СУВИЛАГЧ НАРЫН ЦАЛИН ОНЫ ТӨГСГӨЛД 2.4 САЯ ТӨГРӨГ БОЛЖ, САЯАР НЭМЭГДЭНЭ"

Байр суурь: Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 53 тэрбумын нэмэлт төсвийг батална

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:

-Эрүүл мэндийн салбарын цалин тусдаа төсөв байхгүй. Жишээлбэл, боловсролын салбарынхан тусдаа төсөвтэй байдаг бол эрүүл мэндийн салбар гүйцэтгэсэн үр дүнд тулгуурласан санхүүжилтын тогтолцоотой. Үүгээр дамжуулан хийсэн, бүтээсэн зүйлээ цалин болгож авдаг. Нийт даатгалын сангийн 70-80 хувийг цалинд зарцуулж байна. Бид өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын санг дорвитой нэмж чадаагүйтэй  холбоотойгоор зөвхөн цалин өгдөг сан болж хувирсан. Бид нэлээд шинэчлэл хийж, бүсээ чангалан санхүүгийн сахилга баттай байдал орох нөхцөл байдал үүссэн. Тийм учраас нэг жилийн өрийг дараа жилд нь төлдөг системд орсон байсны улмаас эмийн компаниуд өр төлбөрөө авч чадахгүй болсон.

Бид бүсээ чангалсны үр дүнд 520 тэрбум төгрөгийн өртэй гарах байсан 2025 оныг 200 тэрбум төгрөгөөс доош болголоо.

Өнгөрсөн 2024 оны өглөг 326 тэрбум төгрөг байсан. Энэ хоёр тоог нийлүүлбэл, бараг 800 тэрбум төгрөгийн өртэй гарах эрсдэл байсан. Хэрвээ энэ мөнгө байх юм бол эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн өртгийг илүү нэмж, тооцох боломж бүрдэнэ. Дээрээс нь 2026 оны улсын төсөвт 196 тэрбум төгрөгийг даатгалын санд тусгасан. Үүнтэй холбоотойгоор 2026 оны эхний сарын цалинг 30 хувь нэмсэн. Ингээд найм, ес, арав, 11, 12 дугаар саруудад ес, есөн хувиар цалин нэмнэ. Жишээлбэл, 1.4 сая төгрөгийн цалин авдаг байсан залуу эмч, сувилагч нар оны төгсгөлд 2.4 сая төгрөгийн цалин авна.

Хоёрт, бид даатгалын сангийн зарцуулалтад илүү ухаалаг байх ёстой. Даатгалын сан гэдэг бол халамжийн сан биш. Энэ бол эрсдлийн сан. Иргэд өвчин тусаад ядуурдаггүй болох бодлого нь эрсдлийн сан байх ёстой. Тэр утгаараа зөв зохион байгуулалттай ажиллах нь зүйтэй. Эрүүл мэндийн даатгалын тусламж авсан иргэн бүр "И-Монголиа" системээр ямар үйлчилгээ авсан гэдгээ харах боломжтой. Тийм учраас байгаа мөнгийг зөв зарцуулах менежерүүд ажиллах шаардлагатай. Эмнэлгийн дарга нарыг Төлөөлөн Удирдах зөвлөл нь сонгож, томилдог болно. Эрүүл мэндийн сайд эмнэлгийн сайд биш. Бодлогоо боловсруулж, эмнэлгийн даргыг томилохоо болино.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн гол шинэчлэлийн зорилго нь улсын болон хувийн эмнэлэг байхаас үл хамааран тусламж үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн салбарын ачааллыг хуваалцаж чадаж байгаа бол санхүүжилтыг олгоно. Харамсалтай нь хүсэл их ч санхүүжилтын эх үүсвэр нь хангалттай бус учраас төрөөс бүгдийг нь даах боломжгүй. Жишээлбэл, гемодиализын тусламж үйлчилгээ ямар хүнд байлаа. Энэ тусламж үйлчилгээг төр даадаг болсноос хойш огт тарифаа огт нэмээгүй өдийг хүрч байна. Энэ тусламж үйлчилгээг улсын эмнэлгүүд хийх гэхээр асар их ачаалалтай байсан учраас хувийн хэвшилтэй хамтран ажиллаж, олсон орлогоо хувааж авахыг уриалж байгаа. Үүнтэй адилхан төр дааж чадахгүй байгаа тодорхой тусламж үйлчилгээг хувийн хэвшил хийнэ гэвэл Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр дамжуулан дэмжихэд бэлэн байна. Хуваарилалтыг зөв болгох үүднээс ЭМДҮЗ-ийн хурлыг өнөөдөр хийж, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 53 тэрбум төгрөгийн нэмэлт төсвийг батална.

"ТӨР БОЛОН ХУВИЙН ХЭВШИЛ ГҮЙЦЭТГЭЛИЙН САНХҮҮЖИЛТЭЭ ЯМАР НЭГЭН ХЯЗГААРГҮЙГЭЭР АВЧ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ"

 

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан:

-Миний хувьд Эрүүл мэндийн сайдаар жил гаруй хугацаанд ажилласан. Ингэхдээ төвлөрлийг сааруулах буюу иргэн хүн амьдарч буй бүс нутагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээг ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүй авах бодлогыг баримталсан. Жишээлбэл, зүрхний ангиографийн аппаратын оношилгоог зөвхөн Улаанбаатарт хийдэг байсныг зургаан бүсийн үзлэг, оношилгооны төв дээр хийдэг болсон. Ингэснээр олон хүний алтан амийг аврах боломж бүрдсэн. Мөн урологийн мэс заслыг зөвхөн Улсын нэгдүгээр төв эмнэлэг үзүүлдэг байсан бол Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон Улсын гуравдугаар төв эмнэлэгт хийдэг болсон. Эдгээр эмнэлгийн эмч нар 21 аймгаа хуваарилж авч, эмч нарт арга зүйгээр бэлтгэсэн бол улсаас орон нутгийн эмнэлгүүдийг нарийн тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн.

Үүний үр дүнд хоёр сарын оочер дугаарыг 10 хоног болгож урагшлуулсан байдаг. Энэ ажлыг цааш нь үргэлжлүүлсэн бол ямар ч оочер дугаар үүсгэхгүй, тусламж үзүүлэх боломжтой болох байсан.

Өнгөрсөн 2020 онд хувийн хэвшлийнхэн ямар санхүүжилттэй байсан билээ. Төр, хувийн хэвшлийн түншлэл буюу ачаалал хуваалцах бодлогыг 2020 онд хэрэгжүүлж эхэлсэн. Санхүүжилтын тогтолцоог шинэчилж, хувийн хэвшлүүд улсын эмнэлэгтэй ижил санхүүжилттэй болж ирсэн. Цаашдаа бид энэ асуудлыг шийдэхийн тулд эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа санхүүжилтээ нэмэгдүүлэхгүйгээр амжилтад хүрэхгүй. Өнгөрсөн 2020-2025 оныг хүртэл эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилт 2.4 дахин нэмэгдсэн. Урьд өмнө байгаагүйгээрээ санхүүжилт нэмэгдсэн. Гэсэн хэдий боловч салбарын орлого ДНБ-ий гурван хувьтай тэнцэж байна. Олон улсын тооцоо судалгаанаас хоёр дахин бага тоо. Тэгэхээр бид даатгалын сангаасаа эрүүл мэндийн салбарт зарцуулах эх үүсвэрээ нэмэгдүүлж, төр болон хувийн хэвшил нь гүйцэтгэлийн санхүүжилтээ ямар нэгэн хязгааргүйгээр тусламж үйлчилгээгээ үзүүлэх ёстой. Эргүүлээд тэнд тавьж буй хяналтаа сайжруулах нь зүйтэй. Даатгалын сангийн үр ашиггүй зарцуулалт болон шаардлагагүй тусламж үйлчилгээг багасгах бодлого руугаа анхааръя. Ингэхийн тулд цахим бодлогоо сайжруулж, нэгдсэн системд мета датаг бий болгох ёстой. Тэнд нь иргэн болгоны эрүүл мэндийн мэдээлэл орж, хяналтаа тавьдаг болно. Тийм ч учраас 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Бид Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хууль гэх мэт хуулиудад цогц шинэчлэл, өөрчлөлтийг оруулж, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх шаардлагатай.

"ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЯАРАЛТАЙ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ"

 

Эрүүл мэндийн сайд асан, ЭМДЕГ-ын дарга асан С.Энхболд:

-Миний бие 2021-2023 онд Эрүүл мэндийн сайдаар ажилласан. Энэ үед Монгол Улсын урт хугацааны бодлогын бичиг баримт болох "Алсын хараа-2050" болон тухайн үеийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн бүрийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл амьдралын хэв маягтай болгох том зорилгыг тавьж ажилласан. Энэ хүрээнд бид 2021 онд бэлтгэл ажлыг ханган 2022 оны тавдугаар сараас орон даяар эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо, шинжилгээг эхлүүлсэн. Ингэхдээ өмнө нь хийж байсан багц шинжилгээг өргөтгөж, хүүхэд болон ид хөдөлмөрийн насны иргэдэд ямар шинжилгээг хийх чухал болох талаар гарын авлага боловсруулж, эхлүүлсэн.

Бид улсын хэмжээнд өвчлөлийн дата мэдээлэлтэй болохыг зорьж, зөв дадал хэвшлийг бий болгоход маш том ахиц дэвшил гарна гэж төлөвлөсөн. Энэ дагуу 21 аймгийн 16-д нь урьдчилан сэргийлэх цогц эрт илрүүлгийн төвийг байгуулсан. Нийт хүн амын 46 хувь буюу 1.5 сая хүн эрт илрүүлэгт хамрагдсан байдаг.

Мөн 2025 онд ЭМДЕГ-ыг есөн сар удирдаж ажилласан. Ингэхдээ хэд хэдэн шийдвэрийг гаргаж ажилласан. Олон улсын туршлагаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хувийн хэвшилд тулгуурлаж үзүүлдэг. Өнгөрсөн 2020 онд хийсэн Эрүүл мэндийн багц хуулийн гол өөрчлөлтөөр төр, хувийн хэвшил гэж ялгалгүйгээр адилхан нэг тарифаар, нэг санхүүжилтээр үйлчлэх тогтолцоог бий болгосон. Харамсалтай нь Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв хязгаартай. Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ нь хязгааргүй. Тийм учраас бид 2027 оныг эрүүл мэндийн салбарыг дэмжих жил болгон зарлаж, хууль эрх зүйн шинэчлэлээ яаралтай хийх шаардлагатай. Тэгж байж Эрүүл мэндийн даатгалын сангийн эх үүсвэрийг тодорхой болгоно. Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын сан нь ажил олгогчийн шимтгэлийн хуримтлал болон улсын төсвийн татаас гэсэн хоёрхон эх үүсвэрээс бүрддэг. Өөр ямар эх үүсвэрээс сангаа бүрдүүлж болох вэ гэдэг гарц гаргалгааг хайж, хуульд өөрчлөлт оруулах ёстой. Ингэснээр ДЭМБ-аас зөвлөж буй ДНБ-ийхээ 5-6 хувьд салбараа аваачих юм. Мөн ямар нэгэн Эрүүл мэндийн даатгалын сангийн эх үүсвэрийн дутагдал, эрсдэл үүсэхгүйгээр иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломж бүрдэнэ. Тэр утгаараа бид олон талаас нь судалж, хамтран ажиллаж байна.

"БИДЭНД МӨНГӨ БАГАДААГҮЙ, ТЭР МӨНГӨӨ ҮР АШИГТАЙ, ЗӨВ ЗАРЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ"


Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг:

-Бид өнөөдөр хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцооны талаар ярилцаж байна. Хүн төвтэй тогтолцоог хөгжүүлэхийн тулд нийгмийн эрүүл мэнд болон эмнэлгийн тусламж үйлчилгээгээ хэрэгжүүлэхдээ санхүүгийн эрэмбийг зөв хийх нь чухал. Тэр утгаараа ЭМДЕГ-ыг бие даасан байдалд оруулж, Үндэсний зөвлөлийг байгуулсан сайд нь би. Энэ дээр үндэслэн нийгмийн эрүүл мэндийн таван том үндэсний хөтөлбөрийг батлуулсан байдаг. Та бүгдийн сайн санаж байгаа нэг төсөл бол "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр 70 мянган хүн элэгний С вирусээс салж, элэг бүтэн амьдарч байна. Үүнээс гадна өндөр өртөгтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг төр хариуцах түүхэн шийдвэрийг гаргаж байлаа. Гемодиализын тусламж үйлчилгээг хувийн хэвшилтэй хамтран хийж, төрөөс санхүүжилтыг нь олгодог болсон. Мөн гадаад руу эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг олноор хийлгэдэг байсан урсгалыг бууруулж, иргэд эх орондоо үнэ төлбөргүй хагалгаа хийлгэх боломжийг бүрдүүлсэн.

Өнөөдөр бидний хамгийн тулгамдаж буй асуудал бол санхүүжилт. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт тийм ч сул гараар яваагүй байх гэж найдаж, итгэдэг.

Эрүүл мэндийн салбарынхан санхүүжилтээ нэлээн сайн хасуулж, хянуулж, шалгуулдаг байсан. Бид өнөөдөр гадаад, дотоод хүчин зүйлээ зөв үнэлэх ёстой. Би сайдаар ажиллаж байх үеэс эрүүл мэндийн салбарын санхүүжилтыг улсаас тав дахин нэмсэн. Тэгэхээр бидэнд мөнгө багадаагүй. Мөнгөө үр ашигтай, хэрхэн зөв зарцуулах вэ гэдгийг сайтар бодох ёстой. Жишээлбэл, орны фонд ашиглалтыг 2016 оныг 2024 онтой харьцуулъя. Өнгөрсөн 2025 онд 55.5 хувьтай байсан бол 2016 онд 71.1 хувьтай байжээ. Эндээс харахад, бид эмнэлэг бариад байх уу эсвэл технологиудаа сайжруулж, тогтолцоогоо өөрчлөх үү гэдгийг харж болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫГ БНСУ-Д ЧАДАВХЖУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО1 цаг 17 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч линкээр нэвтэрч, 22.5 сая төгрөг алджээ1 цаг 27 минутын өмнөӨрхийн эрүүл мэндийн төвүүдэд 53 тэрбумын нэмэлт төсвийг батална1 цаг 30 минутын өмнөЭх орны сэдэвт уран бүтээл туурвих уралдаан зарлагдлаа1 цаг 32 минутын өмнө“Эрдэм шинжилгээний бага хурал”-д оролцохыг урьж байна1 цаг 41 минутын өмнө“ЦАГААН АЛТ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН БА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ БОЛОМЖ” СЭДЭВТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО1 цаг 43 минутын өмнөН.Баярсайхан: Малчид цөлжилтийн шалтгаан биш, харин шийдлийн түнш байх ёстой1 цаг 45 минутын өмнөМАН-ын сайд "Иргэний хувийн мэдээллийг ил болгосон нь хууль зөрчсөн үйлдэл" гэсэн бол АН-ын дарга асан "Программын алдаа гарсны төлөө манай намыг буруутгаж болохгүй" гэв1 цаг 48 минутын өмнөУлаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг зургаан эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлнэ1 цаг 49 минутын өмнө2026 онд дэлхий даяар мэндлэх нийт хүүхдийн 85 хувь нь ердөө Ази болон Африк тивд төрөхөөр байна.1 цаг 52 минутын өмнө800 АЙЛЫН “НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН МЕТР КВАДРАТЫН ҮНИЙГ БАТАЛЛАА2025, 12 сар 25. 14:16НИЙСЛЭЛИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН 2025 ОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО2025, 12 сар 23. 14:37
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.