
Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхт 105 жилийн ойг тохиолдуулан “Шилдэг хип хоп дуу, уран бүтээл” шалгаруулах уралдаан зарлалаа.
Уралдаанд хип хоп чиглэлээр уран бүтээл туурвидаг хамтлаг, дуучид, бие даасан уран бүтээлчид болон сонирхогч залуус оролцох боломжтой юм. Бүтээл нь эх оронч үзэл, энхийг эрхэмлэсэн бодлого, ард түмний бахархалт түүх, Зэвсэгт хүчний үйл хэрэг, тусгаар тогтнолын утга агуулгыг илэрхийлсэн байх шаардлагатай.
Шалгаруулалт хоёр үе шаттай явагдах бөгөөд үгийн утга, хөгжмийн найруулга, ая хэмнэл, уран чадвар зэрэг үзүүлэлтээр дүгнэнэ.
Хоёрдугаар шатанд шалгарсан оролцогчид бүтээлээ биечлэн дуулж танилцуулсны дараа ялагчдыг тодруулах аж. Тэргүүн байр эзэлсэн бүтээл гурван сая төгрөгийн шагнал, өргөмжлөл болон видео клип хийлгэх эрх хүртэх юм. Дэд, гутгаар байрт мөнгөн шагналыг тус тус олгоно. Мөн шилдэг уран бүтээлийг ойн хүндэтгэлийн арга хэмжээнд дуулуулах юм.
Оролцогчид шинэ уран бүтээлээ тав хүртэлх минутын хугацаатайгаар бэлтгэж, МР3 файл эсвэл холбоос хэлбэрээр 2026 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл цахимаар илгээж бүртгүүлэх боломжтой байна.
Холбогдох хаяг: Зэвсэгт хүчний Жанжин штабын Хэвлэл мэдээллийн хэлтэс
Лавлах утас: 70152430; 80829499 (хошууч Ё.Бат-Эрдэнэ)
Эх сурвалж: news.mn

Сэтгэгдэл бичих