Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурал” (COP17) ирэх наймдугаар сард Монгол Улсад зохион байгуулагдана. Дэлхийн 190 гаруй орны шийдвэр гаргагчид цуглах энэ түүхэн үйл явдлын бэлтгэл ажил, малчдын оролцооны талаар “Хил хязгааргүй алхам” ТББ-ын захирал Н.Баярсайхантай ярилцлаа.
-Бэлчээрийн талбайгаар дэлхийд 10-т ордог манай улсын хувьд цөлжилттэй тэмцэх олон улсын хуралд дуу хоолойгоо зайлшгүй өргөх ёстой хүмүүс бол малчид шүү дээ. Говийн бүс, уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдардаг малчидтай илүү тулж ажилладаг байгууллагын хувьд малчид энэ талаар хэр зэрэг мэдээлэлтэй байгаа бол, малчдыг хэрхэн хамруулж байна гэж та үзэж байна вэ?
-Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн Олон улсын жил” болгон зарласан. Үүний хүрээнд COP17-оос өмнөх 10 хоногт дэлхийн 60 гаруй орны малчид Монголд чуулна. Энэ бол малчдын дуу хоолойг дэлхийн түвшинд гаргах ховор боломж.
Өнөөдөр Монголд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас хурдтай явагдаж, цөлжилтийн эрсдэл нэмэгдэж байна. Бэлчээр, ус, газрын доройтлын асуудал бол онолын сэдэв биш харин малчдын өдөр тутмын амьжиргааны асуудал.
Гэвч орон нутагт ажиллахад олон малчин, бүр нутгийн зарим удирдлагууд хүртэл эдгээр олон улсын чуулганы талаар хангалттай мэдээлэлгүй байна. Ийм нөхцөлд бодлогын шийдвэрүүд малчдын бодит оролцоогүй гарах эрсдэлтэй.
Энэ хоёр чуулган хоёулаа малчдын жам ёсны эрхийг шууд хөндөх асуудлыг хэлэлцэнэ. Тиймээс малчдад зориулсан ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийн аян зохион байгуулах, мөн уул уурхай, эрчим хүч түүний дэд бүтцийн төслийн нөлөөллийн бүсийн малчдаас албан ёсны санал оролцоог хангах, уламжлалт мэдлэг, бодит туршлагыг шийдвэр гаргах түвшинд тусгах механизмыг бий болгох зайлшгүй шаардлагатай.
Харамсалтай нь Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн яам болон энэ хоёр том хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн төлөвлөгөө, мэдээлэл бүгд нуугдмал хаалттай байна. Малчдын оролцоогүйгээр бэлчээрийн тогтвортой менежментийг ярих боломжгүй. Харин тэднийг шийдлийн төвд нь тавьж чадвал COP17 болон Дэлхийн малчдын хурлаас бодит, хэрэгжихүйц үр дүн гарна.
Мэдээлэл дутмаг байгаагийн шалтгааныг та хэрхэн харж байна вэ?
-Мэдээлэл дутмаг байгаа гол шалтгаан нь дотоодын бэлтгэл ажлын төлөвлөгөө ил тод биш байгаатай холбоотой гэж харж байна. ХХААХҮЯ болон Засгийн газар “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг олон нийтэд нээлттэй танилцуулаагүй байна.
Улсын Их Хурлын зарим гишүүд хүртэл бодит бэлтгэл ажлын талаар тодорхой мэдээлэлгүй байгаа нь анхаарал татаж байна.
Монгол Улс COP17-г даргалагч орны хувьд дотоодын төлөвлөгөө, оролцогч талуудын үүрэг, оролцооны механизмаа ил тод болгож, нэгдсэн зохион байгуулалттай ажиллах шаардлагатай.
Одоогоор мэдээлэл хаалттай, олон нийт цахим болон хэвлэл мэдээллийн ерөнхий мэдээлэлд тулгуурлаж байна.
Харин олон улсын түвшинд бэлтгэл идэвхтэй өрнөж байна. Латин Америк, Африк, Азийн бүсийн малчид нэгдсэн уулзалтууд хийж, COP17-д баримтлах байр сууриа тодорхойлсон.
Тухайлбал, Азийн найман улс хамтарсан хурал зохион байгуулж, есөн заалт бүхий “МЕРА”-гийн тунхаглалыг боловсруулсан. Манай байгууллага уг хуралд оролцон баримт бичгийг холбогдох яам, зохион байгуулах ажлын хэсэгт албан ёсоор танилцуулахаар бэлтгэж байна.
Хэрэв бид дотооддоо ил тод, оролцоотой бэлтгэл хангаж чадахгүй бол олон улсын индэр дээр манай малчдын дуу хоолой сулрах эрсдэлтэй. Эх орондоо болж буй олон улсын хуралд өргөн олуулаа, нэгдсэн байр суурьтай, идэвхтэй оролцох боломжийг Засгийн газар бүрдүүлэх ёстой.
- Малчдын дуу хоолойг бодлогод тусгах тал дээр танай байгууллага ямар ажил хийж байна вэ?
-Манай байгууллага говийн бүсийн уул уурхай, дэд бүтцийн нөлөөллийн бүсийн малчдын дуу хоолойг бодлогод тусгахын тулд хөдөө орон нутагт биечлэн уулзалт хийж, цахимаар үе шаттай хэлэлцүүлэг зохион байгуулан байр суурийн нэгдсэн баримт бичиг боловсрууллаа.
COP17 болон Дэлхийн малчдын хурлын бодлогын хэлэлцүүлэгт уг баримт бичгийг албан ёсоор танилцуулахаар бэлтгэж байна. Бидний байр суурь тодорхой.
Нүүдэлчин малчид бол цөлжилтийн шалтгаан биш, харин шийдлийн гол түнш. Тэд уламжлалт туршлага, технологиор бэлчээрээ сэлгэн ашиглаж, байгалийн нөхөн сэргээлтийг дэмждэг.
Малчдын дуу хоолой, мэдлэгийг цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, биологийн төрөл зүйлийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах бодлогод тусгахгүйгээр бэлчээрийн тогтвортой менежментийг баталгаажуулах ямар ч бодлого үр дүнд хүрэхгүй.
Энэ маш ойлгомжтой асуудлыг хүлээн зөвшөөрөх цаг болсон. Монголын хүн амын ихэнх нь хот, сууринд амьдарч байгаа ч газар дээр нь байгальтай харьцаж, эрсдлийг өдөр бүр мэдэрч байгаа хүмүүс бол малчид.
Тэдний оролцоогүйгээр гаргасан бодлого хэрэгжилтийн шатанд гацах эрсдэлтэй. Сүүлийн жилүүдэд батлагдсан зарим хууль, тухайлбал 2024 оны “гурвал хууль” ч хэрэгжилтийн түвшинд малчдын бодит оролцоо, амьдралын нөхцөлтэй бүрэн уялдаж чадаж байгаа эсэх дээр анхаарах шаардлагатай байна.
Иймээс бид малчдыг зөвхөн соёлын төлөөлөл бус, бодлогын хэлэлцүүлгийн тэгш оролцогч, шийдлийн хамтрагч болгохыг зорьж ажиллаж байна.
- Уул уурхай болон цөлжилтийн хамаарлыг малчид хэрхэн харж байна вэ?
-Уул уурхай бол эдийн засгийн чухал салбар гэдгийг малчид ойлгодог. Гэхдээ хяналтгүй, хариуцлагагүй үйл ажиллагаа нь бэлчээрийг доройтуулж, усны нөөцийг хомсдуулж, улмаар цөлжилтийг эрчимжүүлдэг бодит эрсдэлтэй гэж тэд хардаг.
Үүнд зөвхөн төсөл хэрэгжүүлэгч ч бус төрийн өндөр албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхол, бүх түвшний засаглалд нүүрлэсэн авилгал холбоотой. Үүнд анхаарах шаардлагатайг Монголын өнцөг булан бүрийн малчид, иргэд хэлсээр ирсэн.
Малчид уул уурхайг эсэргүүцдэггүй, харин байгаль орчинд учруулж буй хохирол, нутгийн иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж буй үйлдэл, засаглалд буй авлигад, шударга бус байдалд санаа зовж байна. Тэд газар нутгаа үе дамжин хамгаалж, үр ашигтайгаар ашиглаж ирсэн туршлагатай хүмүүс.
Тиймээс цөлжилтийг бууруулах бодлого нь малчдын оролцоотой, хариуцлагатай уул уурхай, дэд бүтцийн төслийн бодлого шийдвэр харилцан уялдсан байх ёстой. Малчдын оролцоогүйгээр боловсруулсан бодлого газар дээр хэрэгжих боломжгүй, зөвхөн баримтад бичигдсэн төдий болно.
Тиймээс цөлжилтийн эсрэг бодлого нь малчдын оролцоотой байхаас гадна, төрөөс баримтлах мал аж ахуйн талаар баримтлах бодлого нь тогтвортой хариуцлагатай уул уурхайн бодлоготой уялдсан байх ёстой гэж үздэг.
-COP 17 хурлын уриа нь “Бэлчээрээ хамгаалж, итгэл найдвараа бадраах”. Бид энэ том хурлыг бэлгэдэл төдий зохион байгуулах бус, юу авч үлдэх вэ, ямар шийдэл байна вэ гэдэгт төвлөрөх хэрэгтэй байна, тийм үү?
-Тийм ээ. “Бэлчээрээ хамгаалж, итгэл найдвараа бадраах” гэдэг нь уриа биш, бодлогын чиглэл байх ёстой. Цөлжилт нэмэгдвэл хамгийн түрүүнд усны нөөц доройтно. Ус бол зөвхөн малчдын асуудал биш уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, хот суурин гээд эдийн засгийн бүх салбарын суурь. Усгүй эдийн засаг гэж байхгүй.
Тиймээс цөлжилтийн асуудлыг салбар хоорондын маргаан болгох бус, үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх шаардлагатай.
Бидэнд гурван тодорхой чиглэл хэрэгтэй. Нэгдүгээрт, Усны нэгдсэн бодлого. Сав газрын зарчмыг чанд мөрдөж, голын урсац, газрын доорх усны нөөцөд кумулятив нөлөөллийн үнэлгээг заавал хийдэг болгох. Нэг төслийн бус, бүс нутгийн нийт ачааллыг тооцдог тогтолцоонд шилжих хэрэгтэй.
Хоёрдугаарт, Бүсчилсэн хөгжлийн бодлого. Монгол орон хангай, хээр, говийн эмзэг экосистемтэй. Говьд ус татах, голын гольдрол өөрчлөх зэрэг шийдэл нь нэг бүсийн асуудлыг нөгөөд шилжүүлж болзошгүй. Иймд бүс нутгийн экологийн даацад суурилсан тусгай шалгуур, хязгаарлалт тогтоох ёстой.
Гуравдугаарт, Бэлчээрийн нүүдэлчин ахуйтай малчдыг шийдлийн түнш болгох.
Уул уурхай, зам, дэд бүтцийн нөлөөллийн бүсэд амьдарч буй малчид бол тухайн газрын урт хугацааны ажиглагч, хамгаалагчид бас хохирогчид. Тэднийг зөвхөн “оролцогч тал” биш, мониторингийн албан ёсны хамтрагч болгож, мэдээлэл, хяналтын тогтолцоонд институцчлэх хэрэгтэй.
Өнөөдөр “хэн буруутай вэ” гэж маргах биш, “яаж урт хугацаанд даац хэтрүүлэхгүй хөгжих вэ” гэдэгт төвлөрөх цаг болсон. Хэрэв OP17 бодит үр дүн үлдээе гэвэл ус, бэлчээр, экосистемийн даацыг хамгаалах эрх зүйн болон санхүүгийн тодорхой механизм батлах нь хамгийн чухал шийдэл юм.
-Хөгжлийн төслүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, нөхөн сэргээлтийг хэрхэн үр дүнтэй болгох вэ?
-Хөгжлийн төслүүдийн нөлөөллийг үр дүнтэй болгохын тулд гурван зүйл чухал.
Нэгдүгээрт, уул уурхай, дэд бүтцийн төслүүдийн цөлжилт, усны нөөцөд үзүүлж буй хуримтлагдсан нөлөөллийг бодитоор хэмжих хэрэгтэй. Мөн зөвхөн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлэхээс гадна Нийгэм-Соёлын эрхийн эрсдлийг урьдчилан үнэлэх эрх зүйн баталгааг хангах ёстой.
Эдгээр нь нэг төслийн тайлан биш, бүс нутгийн нийлбэр ачааллыг тооцох ёстой.
Хоёрдугаарт, нөхөн сэргээлтийг зүгээр “нүх бөглөх” хэмжээнд бус, экосистемийг бодитоор сэргээх түвшинд хүргэх шаардлагатай. Үр дүнг урт хугацааны экологийн шалгуураар үнэлэх хэрэгтэй.
Гуравдугаарт, хяналтыг ил тод болгож, нутгийн иргэдийг ялангуяа нүүдэлчин ахуйтай малчдыг албан ёсоор оролцуулан баталгаажуулдаг тогтолцоонд шилжих нь чухал. Цаасан тайлангаар биш, газар дээрх бодит үр дүнгээр хэмждэг болох ёстой.
- COP 17-оос бид юу авч үлдэх ёстой вэ?
-Бид COP17-оос хамгийн багадаа дараах гурван бодит зүйл авч үлдэх ёстой. Цөлжилттэй малчдын бусад талуудын оролцоотой тэмцэх санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалтыг Монголд татах бодит механизм юм.
Үүний тулд Засгийн газар дангаараа энэ ажлыг барахгүй, тиймээс хөгжлийн оролцогч бүх талуудыг өнөөдрөөс татан оролцуулах шаардлагатай. Хоёрдугаарт, ус, бэлчээр, хуурай бүсийн менежментийн шинэ технологи, шинжлэх ухаанд суурилсан мэдлэг туршлага, сургамж.
Үүний тулд хэн цөлжилтийг бодитой бууруулахад үүрэг хүлээж үйлдэл хийх вэ, хэнд уламжлалт мэдлэг байна, тэдгээрийг хурал чуулганд өөрсдийн биеэр оролцуулж мэдлэг, санаачилгыг сонсгож, хэлэлцэх, түншлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай.
Бас нэг зүйл нь, Монголын экосистемийг олон улсын урт хугацааны судалгаа, хамтын ажиллагааны талбар болгох тогтвортой түншлэлийг эхлүүлэх явдал.
Хэрвээ өнөөдрийнх шиг төр бүх мэдээллээ, боломжоо хав дарчхаад юу төлөвлөж, ямар боломж байгаа, байхгүйгээ хуваалцахгүй, зөвлөлдөхгүй бол АСЕМ-ийн хурал шиг л болно. Бид хурлыг зохион байгуулснаараа бус, хурлын дараа ямар институц, ямар төсөл, ямар санхүүжилт Монголд үлдсэн бэ гэдгээр амжилтаа хэмжих ёстой.
-Энэ асуудлаар иргэний нийгмийн байгууллагууд болон бусад талуудаас санал авсан уу?
-Ерөөсөө аваагүй. Одоогоор хангалттай өргөн хэлэлцүүлэг хийгээгүй байна. Иргэний нийгэм, мэргэжлийн холбоод, нутгийн иргэдийн оролцоог бодитоор хангах шаардлагатай.
Хөрөнгө оруулагчид зорилгын мэдэгдэлд биш, хэрэгжиж эхэлсэн бодит ажил, хэмжигдэхүйц үр дүнд л итгэдэг. Тиймээс COP17-оос өмнө бодлогын бэлтгэлээ хангах нь чухал. Юуны өмнө, салбар бүрийн уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилтөд үзүүлж буй нөлөөг хэмжих үзүүлэлт, журмыг хуульчлах хэрэгтэй.
Тэр ч бүү хэл УАӨ, газрын доройтол, бэлчээрийн доройтлын нийгэм-соёлын эрсдлийн үнэлгээ хийх хэрэгтэй. Мөн уур амьсгал, бэлчээр, уул уурхайн менежментийг уялдуулсан экологийн хариуцлагыг чангаруулсан эрх зүйн шинэчлэлийг яаралтай хийх шаардлагатай.
- Хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр өөр ямар тодорхой алхмууд дутагдаж байна вэ?
-Хууль эрх зүйн орчны хувьд хэд хэдэн тодорхой алхам дутуу байна. Эхний ээлжид, уул уурхай, зам тээвэр, эрчим хүчний бүх төслийн өмнө “байгаль орчин, нийгэм, соёлын нөлөөллийн иж бүрэн үнэлгээ”-г заавал хийдэг, үр дүнг нь олон нийтэд ил тод болгодог эрх зүйн шаардлагыг чангатгах хэрэгтэй.
Дараа нь, төслийн улмаас нутгийн иргэдийн амьжиргаа, усны нөөц, уламжлалт аж ахуйд хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр, сэргээн засах механизмыг тодорхой заасан эрх зүйн зохицуулалт шаардлагатай.
Гуравдугаарт, малчдын бэлчээр ашиглах, нутагтаа нүүдэллэн амьдрах эрхийг баталгаажуулсан, тодорхой хамгаалалт бүхий хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй.
Мөн бодлогын баримт бичгийг эцэслэхээс өмнө өргөн хүрээний хэлэлцүүлэг зохион байгуулж, малчид, иргэний нийгэм, мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн оролцоог хангах нь итгэлцлийг бэхжүүлнэ. Ил тод, оролцоотой үйл явц л Монгол Улс тогтвортой хөгжилд бодитоор зорьж байгааг харуулна.
Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: gogo.mn

Сэтгэгдэл бичих