Ардчилсан намын сайтад нэвтрэхдээ регистрийн дугаараа оруулснаар тухайн иргэний оршин суух хаяг харагдаж байгаа талаар нийгмийн сүлжээнд шүүмжлэл өрнөөд буй. Хүний хувийн мэдээллийг улс төрийн нам авч, ашиглаж байна гэдэг шүүмжлэлд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар болон УИХ-ын гишүүн, АН-ын дарга асан Л.Гантөмөр нар дараах тайлбарыг өгчээ.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар: Гэрийн хаяг, регистр бол хүний хувийн мэдээлэл гэдгийг хуульд тодорхой заасан байдаг. Хүний хувийн мэдээллийг ил болгож болохгүй. Тухайн иргэнээс заавал зөвшөөрөл авч байж ил болгоно. Энэ бол Хувь хүний мэдээллийн тухай хуулийг бүдүүлгээр зөрчиж байгаа явдал. Тухайн иргэний эрхийг ч бүдүүлгээр зөрчиж байна.

Энэ мэдээллийг ХУР системээс татсан. Ингэхдээ иргэний ДАН системд нэвтрээд хувийн мэдээллийг авч болох эсэх зөвшөөрлийг иргэнд илгээдэг. Тухайн иргэн зөвшөөрснөө цахимаар илгээдэг.
Гэтэл хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй авч, ил болгож байна. Ямар гэрээгээр ингэж байгааг нягтална. Хэрэв гомдол ирвэл тухайн гэрээг эргэж харах нөхцөл үүснэ.
ХУР системийг хариуцаж байгаа байгууллага банк зэрэг бусад байгууллагатай гэрээ хийж болдог. Гол нь гэрээ хийж байгаа байгууллага нь хуулийн дагуу ажиллах ёстой.
АН-ын дарга асан Л.Гантөмөр: Энд хуулийн зөрчил гарахгүй байх. Цаад программ хангамжийг хөгжүүлж байгаа компанийн л хариуцлагын асуудал. Тухайн компани хэнд бусдын хувийн мэдээллийг ил харуулах вэ гэдгээ шийдэх ёстой. Тиймээс программын алдаа гарлаа гээд АН-ыг буруутгаж болохгүй.

Эх сурвалж (ikon.mn)

Сэтгэгдэл бичих