УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.06.05/ нэгдсэн хуралдаанд 69 гишүүн ирснээр ирц 54.8 хувьтай болж, эхлэв. Энэ үеэр УИХ-ын дарга гишүүдийг хууль боловсруулах ажилдаа идэвхтэй оролцож, чуулганы үйл ажиллагаанд саатал учруулахгүй байхад анхаарахыг хүслээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-УИХ-ын гишүүд Байнгын хорооныхоо хуралд идэвхтэй оролцож, УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудад хүлээгдэл үүсгэхгүй байхад анхаарахгүй бол УИХ-ын үйл ажиллагаанд саатал учрах эрсдэлтэй байна. Жишээлбэл, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хэлэлцсэн асуудлаа гурав дахь удаагаа ажлын хэсэг рүү буцаасан байна. Нэг, хоёрхон заалт дээр гишүүд маргалдаад, бие биедээ ацаг тавиад асуудлыг хэлэлцэхээс хойш нь чангааж байгаа тохиолдол гарч байна.
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбоотой асуудал дээр гишүүд зөвшилцлийн арга зам ашиглан байр сууриа илэрхийлэх ёстой.
Хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод бүхэл бүтэн том хууль УИХ-ын чуулганы хуралдаанд орох боломж хангагдахгүй байна. Байнгын хорооны хурлыг удаа дараа үймүүлсэн гэдэг мэдээлэл ирж байна.
Энэн дээр гишүүд анхаарал хандуулж, ажиллахгүй бол УИХ-ын үйл ажиллагаанд саатал учрах эрсдэлтэй байна” гэв.
Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүнээс өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг тус тус Хууль зүйн байнгын хороонд, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Арилжааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд хуваарилсан болохыг онцоллоо.
Түүнчлэн УИХ-д өргөн мэдүүлсэн хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль тогтоолын төслүүдийг Байнгын хороо тус бүрээр нь танилцуулсан юм. Тухайлбал, зургаан Байнгын хороонд хэлэлцэх эсэх шатандаа 14, анхны хэлэлцүүлгийн шатанд 11, нийт 25 хууль тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийн явц удаашралтай байгааг анхааруулаад Байнгын хороод эдгээр хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг эрчимжүүлж, УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явах нөхцөлөөр хангах шаардлагатай талаар Байнгын хорооны дарга нарт чиглэл өглөө.
Дараа нь Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжив.
Дараа нь баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсов. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоол, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг сонслоо.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулаад байна.
Г.ХОРОЛ
Сэтгэгдэл бичих