Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 3-нд болно. Эрт санал хураалтыг тавдугаар сарын 29, 30 гэсэн хоёр өдөр зарласан бөгөөд урьд өмнө байгаагүй ирц сайтай үргэлжилж байна. Тодруулбал, энэ сонгуулиар 44.3 сая сонгогч санал өгөхөөр бүртгүүлсэн. Өнөөдрийн байдлаар /2025.05.30/ 10 сая гаруй хүн буюу нийт сонгогчийн дөрөвний нэг нь саналаа хэдийнэ өгчээ.
Эрт санал хураалтын системийг тус улс 2014 онд анх нэвтрүүлсэн. Түүнээс хойш анх удаа эрт санал хураалт ийм өндөр ирцтэй үргэлжилж байна. Энэ байдлаараа үргэлжилбэл өдрийн эцэст түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна.
Харин нэр дэвшигчдийн кампанит ажил зургадугаар сарын 2-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мёны хувьд ялах магадлал хамгийн өндөр байгаа нэр дэвшигч. Ли Жэ Мён өнөөдөр Гангвон мужийн Чунчон, Вонжу, Хойд Чунчон мужийн Чунжүгээр айлчилж, иргэдтэй уулзана. 2022 оны сонгуулиар Ли Жэ Мён Гангвон, Хойд Чунчон мужуудад Юн Сук Ёлд ялагдаж байсан тул энэ нь түүний хувьд нэн ач холбогдолтой айлчлал юм.
Харин Ардын хүч намын Ким Мүн Сү зургадугаар сарын 3-наас өмнө амжиж улс орон даяар 90 цагийн кампанит ажил явуулахаар төлөвлөжээ.
Лхагва гаригт танилцуулсан урьдчилсан санал хураалтын дүнг харвал Ли Жэ Мён 49.2 хувиар тэргүүлж, Ким Мүн Сү 36.8 хувиар удаалж явна. Харин Шинэчлэлийн намын Ли Жүн Сок 10.3 хувийн саналтайгаар гуравдугаар байранд оржээ.
Сэтгэгдэл бичих