Замын дундаас Монгол руу санаандгүй аялаад, эргэж хариагүй Жөэль Рози тал нутагт төвхнөөд 20-иод жил болжээ. Аялал жуулчлалын ихэнх компани Монгол орны дулаан, ногоон зун цагаар идэвхждаг бол Жоэль эсрэгээрээ хахир өвлийг сонгон ажиллаж ирсэн. Түүний хүлээж авдаг жуулчдын дийлэнх нь өвөл ирдэг бөгөөд мөстсөн гол нуур, цасаар хучигдсан тал дундуур нохой чаргаар аялж, байгалийн ширүүн төрхийг биечлэн мэдэрдэг.
Электроник, жүдогийн багш, уулын аяллын, нохой чаргын хөтөч гээд олон талбарт өөрийгөө сорьж, туршлагажсан тэрбээр эцэстээ аяллын салбарыг сонгожээ. Жөэль тогтвортой аялал жуулчлалыг дэмжиж, нутгийн иргэдэд түшиглэсэн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд 22 жил зүтгэж байна. Бид зуны дэлгэр цагийг тэсэн ядан хүлээдэг бол Жөэль өвлийн мэдрэмжийг хоног тоолон үгүйлдэг. Жоэль хэрхэн Монголын хамгийн хатуу ширүүн улирлыг утга төгс амьдрал бас мэдрэмж дамжуулагч болгон хувиргасныг хуваалцья.
-Та Монголд хэр удаан амьдарч байна вэ?
-Би Монголд 22 жил амьдарч байна.
-Монгол орныг анх хэрхэн олж мэдсэн бэ? Анхны сэтгэгдэл ямар байсан бэ?
-Би огт төлөвлөгөөгүйгээр 2003 онд анх ирсэн. Уг нь Пакистанаар дамжин Хятадад нохой чарганы экспедиц аялал хийх байсан ч сүүлчийн мөчид асуудал гарч, Хятад биш Монголд нэг сар гаруй аялсан түүхтэй. Хэдий Монгол бидний “B” төлөвлөгөө буюу гэнэтийн учрал байсан ч амьдралыг минь шийдсэн эргэлтийн цаг ба мөч болж хувирсан даа. Тэр үед өөрөө хөтчөөр явж, нэг хүнтэй аялал хийсэн. Би тэр үед 42 настай байж.
-Тэр үед та юу хийдэг байсан бэ?
-Тухайн үед ажил гэхээсээ илүү адал явдал хайгч байсан. Ажлыг шинэ зүйл турших, шинэ газар үзэхтэй хослуулахыг их хүсдэг сониуч байсан учир ууланд авирч, алхаж, эсвэл нохой чаргын аяллын хөтөч, ахлагч хийдэг байсан.
-Таны боловсрол, мэргэжлийн туршлага юу вэ?
-Би их сургуульд сураагүй. Харин практик ур чадваруудын сургалтуудад хамрагдаж, электроник, уулын аяллын хөтөч, жүдогийн багшаар ажиллах болсон. Францад олон төрлийн мэргэжлийг зэрэгцүүлэн ажиллахыг зөвшөөрдөг. Түүнд зориулсан зохицуулалт байдаг. Тиймээс өөрийгөө ‘multi-proffessional’ гээд бүртгүүлчихдэг.
-Өмнө нь өөр ямар оронд хөтөч хийж байсан бэ?
-Ажлын гараагаа Францдаа эхлүүлж, олон жил ажилласан. Дараа нь Аргентин, Чили, Финланд зэрэг олон оронд 30 гаруй жилийн турш мэргэжлийн хөтөч хийсэн.
-Одоо гадагшаа ажиллахаар явдаг уу?
-Үгүй, одоо Монголд төвлөрөн ажиллаж амьдарч байна.
-Нохой чаргын аяллыг сонгоход хүргэсэн зүйл юу байсан бэ, яагаад ууланд авирах эсвэл алхалтын аялал биш гэж?
-Нохой чарга миний амьдралын хэв маягт илүү тохирдог. Би Европт өвөл, өмнөд хагас бөмбөрцөгт зун ажилладаг байсан. Монголд ирэх үед өвлийн аялал жуулчлал бараг байдаггүй байлаа. Монголд нохой чаргын аяллуудыг хамгийн анх хийж эхэлсэн. Одоо бол энэхүү сонирхлын аяллыг хийдэг оролцогчид нэлээд олон болоод байна. Аажмаар өвөл, зуны аяллуудыг сурталчилж, жуулчдыг авчирч эхэлсэн.
Тухайн үед манай аяллуудын 80 хувь нь өвлийнх байлаа. Одоо бол 80 хувь нь зуны, 20 хувь нь өвлийн аялал болж хувирсан. Тэгэхдээ орлогын хувьд өвлийн аялал жуулчлал манайд илүү өгөөжтэй хэвээрээ байгаа. Өвлийн аялал жуулчлал аажмаар тэлж байна.
-Та яагаад Монголд өвлийн аялал онцгой гэж үздэг юм бэ?
-Байгальтай илүү гүн гүнзгий, бие сэтгэлээрээ холбогдох, мэдрэх харилцаа өвөл үүсдэг гэж би боддог. Бүх зүйл бүрэн дүүрэн мэдрэгддэг үе. Бээлийгээ тайлах мөч, мөс хагалж ус гаргаж авах, гал түлэх гэх мэт өдөр тутамдаа хийдэг ажлууд ч өвлийн улиралд өөр утга, мөн чанар агуулдаг. Зун налгар таатай ч, өвөл бол нүүдэлчдийн амьдралын мөн чанарт илүү ойртдог.
-Монголд нохой чаргаар аялах нь Скандинавын орнууд, Аляскагаас хэр ялгаатай вэ?
-Монголд соёлын солилцоо илүү тод өрнөдөг онцлогтой. Скандинавт бол зүгээр л байгальд нохой чаргаар аялсаар байгаад л дуусдаг. Харин энд бүхэл бүтэн соёлтой танилцаж, нүүдэлчдийн амьдралд оролцож, мэдэрдэг. Тэгснээрээ өөр төрлийн туршлага бий болдог. Хээр тал, нүүдэлчдийн уламжлал аялагчдад гүнзгий өөр мэдрэмж төрүүлдэг. Өвлийн аяллыг манай жуулчид адал явдал, сэтгэл зүйд нөлөөлөх онцгой аялал гэж хэлдэг.
-Аяллаа ихэвчлэн хаана зохион байгуулдаг вэ?
-Нэгт, хүчтэй онцгой энергитэй газар учраас Тэрэлжид байрладаг. Мөн нааш цааш нохдоо зөөхөд хялбар байдаг нь сонгоход нөлөөлсөн. Бид мөн Хөвсгөл нуур руу аялал хийдэг. Нуур бол үгээр хэлшгүй тийм хүчтэй, онцгой энергитэй. Нуурын мөсөн дээр нохой чаргатайгаа аялахад яг л ид шидийн мэт мэдрэмж төрдөг.
-Ямар нэгэн тайлбарлахын аргагүй онцгой зүйл үү?
-Шууд биш ч гэлээ, тэнд нэг онцгой уур амьсгал, эрч хүч байдаг. Манай зочид ч бас үүнийг мэдрээд их хэлдэг.
-Та хэдэн нохойтой вэ?
-50 гаруй нохой бий.
-Хаанаас нохдоо авсан бэ?
-Эхэндээ гаднаас оруулж ирсэн. Харин одоо Монголд үржүүлдэг болсон.
-Зун ноход юу хийдэг вэ?
-Амардаг. Гэхдээ энэ нь тэдэнд таалагддаг эсэх нь эргэлзээтэй. Өвөл хэдэн арван км давхилдаж эрч хүчтэй байдаг учраас түүнийгээ санагалзаж буй харагддаг
-Танд дуртай ноход бий юу?
-Тийм. Ялангуяа урдаа гардаг удирдагч ноход их сонирхолтой санагддаг. Аялал бүр тэднээс их хамаардаг. Тушаал дагах, бусад нохдыг удирдах зэрэг нь их сонирхолтой үйл явц. Удирдагч нохой болоход заавал төрмөл чанар хэрэгтэй.
-Нохдын хоорондын харилцаа ямар байдаг вэ?
-Хүмүүсийнхтэй адил. Захирагч, удирдагч, дагалдагч гээд бүтэцтэй. Ахлагчтай хөлбөмбөгийн баг л гэсэн үг.
Сэтгэлийн дуудлагаа Монголын салхинд даатгачихсан. Монголын салхи намайг хаашаа хөтөлж дуудна, би тийшээ явах болно.
-Удирдагч болох гэж ноход хоорондоо зодолдох уу?
Заримдаа тийм. Хүмүүстэй л адил өрсөлддөг, тэмцэлддэг.
-Бүх ноход нэртэй юу? Та бүгдийг нь мэддэг үү?
-Бүгд өөрийн гэсэн нэртэй. Мэдээж би 50 нохойгоо бүгдийг нь нэрлэж мэднэ. Зарим нь гол үүрэг гүйцэтгэдэггүй ч мэднэ. Яагаад гэвэл нохой бүр өөрийн гэсэн онцгой зан чанар, араншинтай.
-Таны аяллууд хэд хоног үргэлжилдэг вэ?
-5-9 хоног, заримдаа түүнээс ч урт аялдаг.
-Аялагчид хаана байрладаг вэ?
-Зарим аялал бүхэлдээ нүүдэлчин айлд, зарим нь майхан болон гэрийг хослуулсан байрлалаар явагддаг. Хөвсгөлд гэхэд майхан кэмпээр аялдаг.
-Усанд орохгүй тэр олон хоног аялдаг юм уу?
-Тийм. Өвөл нойтон салфетка ч хөлддөг. Гэхдээ жуулчид өвлийн аяллын мөн чанар, сайн ба хэцүүг адал явдлын нэг хэсэг гэдгээр нь ойлгодог. Бэлтгэлтэй ирдэг-
-Зочид тань ихэвчлэн хаанаас ирдэг вэ?
-Ихэнх нь Францаас, цаашлаад өөр олон орноос ирдэг. Үүргэвчтэй аялагчдаас тансаг аялал хийж дадсан хүмүүс гээд янз бүрийн хүмүүс ирдэг. Тэднийг нэгтгэж буй сонирхол нь онцгой давтагдашгүй мэдрэмж туршлага байдаг.
-Тогтвортой, байгальд ээлтэй аялал жуулчлалтай хэр холбогддог вэ?
-Бид нутгийн иргэдийн соёлд түшиглэсэн аялал жуулчлалыг илүү түлхэж, хөгжихөд хувь нэмрээ оруулж ирсэн. Нүүдэлчин айлуудтай хамтарч, нутгийн гар урчуудыг дэмжих замаар соёл ба байгалийн тогтвортой хөгжилд анхаардаг. Жинхэнэ тогтвортой хөгжил гэдэг хүний эрхийг хүндэлж, орон нутгийн эдийн засгийг дэмжсэнээр утгаараа бий болно гэж үздэг. Нутгийн иргэд ба жуулчдын хоорондох харилцаа, солилцоог л бид илүүтэй хөхиүлдэг аяллууд хийдэг.
-Монголын аялал жуулчлал ирээдүйд хэрхэн хөгжих ёстой вэ?
-Нэг бүсийг эсвэл ганц газрыг хэт хөгжүүлэн даацыг нь хэтрүүлж, бусад орны алдааг давтах хэрэггүй. Аяллуудыг бүс нутгуудад жигд тарахад туслах бодлого хэрэгжүүлж, дэд бүтцийг хөгжүүлэх, чиглүүлэх нь зөв болов уу. Ингэж байж монголчуудын онцгой соёл хадгалагдаж үлдэнэ.
-Энэ салбарт орж ирсэн шинэ залуу бизнес эрхлэгчдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хүмүүстэй идэвхтэй, сайхан харилцаа тогтоо. Аль хэдийнэ бий болсон туршлага, мэдлэгийг цаг алдаж дахин хийх хэрэгггүй. Өрсөлдөхөд биш хамтрахад анхаарч, хэт ганцаараа түрүүлэх гэж яаралгүй хамтарч ажиллаж сурах хэрэгтэй. Туршлага судал бас хуваалц. Хамтрахгүй, сурахгүй бол бусдын гаргасан алдааг давтана. Уялдаатай хамтын хүч зүтгэлийг жинхэнэ хөгжил гэдэг.
-Аяллын сайн хөтөч ямар ур чадвартай хүнийг хэлэх вэ?
-Тусч байдал,туршлага, харизм, мөн хүмүүсийг ойлгож, харилцаа холбоог чин сэтгэлээсээ үүсгэх чадвар чухал.
-Шинэ хөтөч нарт юуг зөвлөх вэ?
-Энэ ажлыг цалингийн төлөө бус, сэтгэлийн дуудлагаараа сонгож ажиллах ёстой байдаг юм шүү. Жинхэнэ баяр баясал нь хамтдаа шинийг нээж, гайхамшигт учралуудад талархаж, хуваалцахад оршдог. Залхаж төвөгшөөж байгаа бол сонголтоо бодох хэрэгтэй
-Ирээдүйн төлөвлөгөө хуваалцаж болох уу?
-Багтаа үүрэг хариуцлагаа шилжүүлнэ. Эцэг эхийн үүрэг шиг хамт олноо биеэ даан ажиллах чадвартай болох үед би болино. Ирээдүйн нарийн төлөвлөгөө байхгүй. Сэтгэлийн дуудлагаа Монголын салхинд даатгачихсан. Монголын салхи намайг хаашаа хөтөлж дуудна, би тийшээ явах болно.
-Монголд хамгийн дуртай газар?
-Завхан, Ховд, Увс гээд олон янзын байгалийн тогтоц үзэж, мэдэрдэг баруун аймгуудаар, аялах дуртай. Бүх талаар их баялаг аялал болдог л доо
-Таны хуруунд юу тохиолдсон бэ?
-Мод хөрөөддөг машины осолд орсон. Хүмүүс Монголд хөлдөөсөн гэж таамагладаг ч, тийм сүржин түүх байхгүй ээ. /инээв/
-Эцэст нь хуваалцахыг хүссэн зүйл бий юу?
-Тогтвортой хөгжил гэдэг нь зөвхөн “эко” байх бус, урт хугацааны, оролцоог хангасан тогтолцоо байх ёстой. Нүүдэлчдийг илүү оролцуулах хэрэгтэй. Хөвсгөл, Өмнөговь зэрэг газрууд хэт их аялал жуулчлалын ачаалалд орж, унгана төрхөө алдаж байна. Үүнийг давтах хэрэггүй.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих