Улсын дээд шүүхээр Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан, Төрийн соёрхолт, Гавьяат эмч П.Батчулуун эмчийн гомдлыг 2025 оны зургадугаар сарын 4-ний 09.00 цагаас хэлэлцэхээр товложээ. Тэрбээр одоо Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
П.Батчулуун эмчийг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон /2025.01.20/ өдөр шүүхээс 2.6 жилийн ял оноосон.
Тус хэргийг П.Батчулууны гомдлын дагуу дахин хэлэлцэхээр болж шүүх хуралдааныг өнгөрсөн гуравдугаар сард /2025.03.13/ нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хэлэлцсэн байдаг. Давж заалдах шатны шүүх түүний гомдол болон өмгөөлөгчийн хүсэлт зэргийг хэлэлцэж, П.Батчулуунд оноосон 2.6 жилийн ялыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн юм.
Хэргийг эргэн сануулбал, П.Батчулууныг Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхад 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө иргэн А Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд замд зам тээврийн ослоор нас барсан харамсалтай хэрэг болсон. Энэ үед хохирогчийн ар гэрийнхнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан байдаг. Гэтэл А-гийн биеэс зөвшөөрөл аваагүй зарим эд эрхтнийг авсан хэрэгт буруутгагдан улмаар яллагдагчаар татагдсан юм.
Сэтгэгдэл бичих