Гэр бүлээс гадуурх харилцаа гэмт хэрэг биш, гэхдээ хүн сэтгэл, санаагаараа хохирч л байг уу?


5-р сарын 29
15 цаг 09 минут

Гэр бүлээс гадуурх харилцаа гэмт хэрэг биш, гэхдээ хүн сэтгэл, санаагаараа хохирч л байг уу?

Үр хүүхдээ хаяж, өөр бусадтай амрагийн харилцаа үүсгэсэн гэх агуулгатай гомдол тээсэн сэтгэгдлүүд нийгмийн сүлжээгээр нэг хөвөрч байна. Эдгээр сэтгэгдлийн эцсийн үр дүн нь ихдээ л гомдоосон этгээдийг олноор шүүмжлүүлж, “шарах”. Учир нь “Манай эхнэр /нөхөр/ гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсний улмаас би хохирчихлоо” гэж цагдаа, шүүхэд гомдол гаргах хууль эрхзүйн зохицуулалт одоогоор манай улсад байхгүй.

Уг нь Монголд хүний сэтгэл санаа, сэтгэцэд хор хохирол учирвал үүнийгээ нэхэмжлэх боломжтой болоод хоёр жил өнгөрч байна. Гэхдээ гэр бүлээс гадуурх харилцааны ард хэн нэгэн сэтгэл, санаагаараа хохирсон, үүнийгээ нэхэмжилье гэвэл боломжгүй.

“Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах” эрхзүйн орчин 2022 онд Шүүх шинжилгээний тухай хууль (шинэчилсэн найруулга) батлагдсанаар бүрдсэн юм. Улмаар Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн 14 бүлгийн 85 гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үйл ажиллагаа 2023 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн.

Өөрөөр хэлбэл, энд дурдсан 85 гэмт хэргээс болж л хүнд сэтгэл, санааны хохирол учирсан бол үүнийг нэхэмжлэх эрхтэй гэдэг хууль өнөөдөр үйлчилж байна. Тэгэхээр гэр бүлээс гадуурх харилцаа нь гэмт хэрэг биш тул сэтгэл санааны хохирол нэхэмжлэх боломжгүй гэсэн үг.

Манай улсад дан ганц “Сэтгэл, санаа минь хохирчихлоо” гэж гомдол гаргах боломж байхгүй.

Гэхдээ хэрүүл, маргааны шалтгаан нь гэр бүлээс гадуурх харилцаанаас улбаатай байх, ингээд нэг нэгнээ зодож, цохисон, хүчирхийлсэн гэмт хэргүүд гарч, үүнийг шүүхээр шийдвэрлэжээ. Тухайлбал, Иргэний хэргийн шүүхээр 2023-2025 онд сэтгэл санааны хохиролтой холбоотой 26 хэрэг шийдвэрлэжээ. Үүнээс 8 нь бусад буюу хууль бусаар яллагчаар татагдсан, хоригдсон, ажлаас гэнэт халагдсаны улмаас үр зулбасан, гэр бүлээс гадуур харилцаанаас болсон гэх шалтгаантай байна. Эдгээрийн дийлэнх нь гэр бүлээс гадуур харилцаатай холбоотой байж. 

Ингээд гэр бүлээс гадуурх харилцаанаас эхлэлтэй хэрүүл маргаан дэгдэж, энэ нь даамжирч хүний биед гэмтэл учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг болсон  тохиолдолд хохирогч сэтгэл, санааны хохирол нэхэмжлэх боломжтой болдог гэсэн үг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд эсхүл үүнийг хариуцвал зохих этгээдээс шаардана.

“Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт” гэж бий. Үүнд сэтгэцэд учирсан гэм хорыг 6 шалгуур үзүүлэлтээр, 1-5 зэрэглэлээр тогтоохоор заасан байна. Гуравдугаар зэрэглэлийн шалгуур үзүүлэлтэд гэмт хэргийн улмаас сэтгэн бодох, ярих хурд удаашрах, сурч, хөдөлмөрлөх чадвар буурах, өөрийгөө арчлах чадвар хэсэгчлэн алдагдах, түрэмгий авир гаргах, биеэ хянах чадвар сулрах, гэнэтийн хүчтэй айдас байнга төрөх, сэтгэлээр унах шинжүүд үргэлжлэх, цочмог хариу урвал үзүүлэх, бэлгийн болон хооллох дур өөрчлөгдөх, нойргүйдэл, симпатик (амьсгал түргэсэх, зүрхний цохилт хурдсах гэх мэт) мэдрэлийн хөөрөл удаан хугацаанд үргэлжлэх зэрэг гэм хорыг багтаажээ.

Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас хүнд дээрх шинж тэмдгүүд илрэх боломжтой. Гэсэн ч эдгээр нь гэмт хэргийн улмаас л үүссэн бол таны гомдлыг хуулийн байгууллага хүлээн авах боломжтой. Өөрөөр хэлбэл, манай улсад дан ганц “Сэтгэл, санаа минь хохирчихлоо” гэж гомдол гаргах боломж байхгүй. Таны сэтгэл санаа заавал гэмт хэргийн улмаас л хохирсон байх ёстой гэдэг хуулийн зохицуулалттай. Тиймээс хуульдаа өөрчлөлт оруулах шаардлага бий.

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Баярмаа “Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэвэл гэмт хэрэг мөн гэсэн хууль манайд байхгүй. Гэхдээ хүн гэр бүлээс гадуурх харилцааг урт, удаан хугацаанд үүсгэсний улмаас тухайн гэр бүлийн нөхцөл байдлын таагүй уур амьсгал хүнийг ямар байдалд оруулах вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Жишээ нь, Японд хайрын эрх ашгийг ярьж байна. Тиймээс бид ч энэ түвшинд асуудлыг харах, хүний эрхийн мэдрэмжтэй байх цаг болсон байхыг үгүйсгэхгүй” хэмээсэн юм.

Японд гэр бүлээс гадуурх харилцаа (фүрин 不倫 буюу хууралт) үүсгэсэн тохиолдолд тухайн харилцаанд оролцсон гуравдагч этгээдээс сэтгэл санааны хохирол нэхэмжлэх боломжтой юм байна.

Тодруулбал, гэрлэсэн хүн гуравдагч этгээдтэй харилцаа тогтоож, энэ нь гэр бүлийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлсэн бол нөхөр/эхнэрийнх нь эрх зөрчигдсөн гэж үздэг. Тиймээс нөхөр/эхнэр нь гуравдагч этгээдээс сэтгэл санааны хохирол нэхэмжлэх эрхтэй. Японы шүүх нэхэмжлэхийг хүлээн авахдаа тодорхой нөхцөлүүдийг шаардана. Тухайлбал:

  • Гэрлэлт хүчин төгөлдөр байх (салсан, эсвэл тусдаа амьдарч байсан бол нөхцөл өөрчлөгдөнө)
  • Гуравдагч этгээд тухайн хүнийг гэрлэсэн гэдгийг мэдэж байсан
  • Бэлгийн харилцааны шинжтэй үйлдэл тогтоогдсон
  • Харилцаа найз, нөхдийн хэмжээнд биш гэр бүлээс гадуурх түвшинд хүрсэн байсан нь нотлогдсон гэх мэт.

Харин сэтгэл санааны хохирлын хэмжээг тогтоохдоо:

  • Хэр удаан хугацаанд хуурсан
  • Бэлгийн харилцаанд орсон эсэх
  • Гуравдагч этгээд тухайн хүн гэрлэсэн гэдгийг мэдэж байсан эсэх
  • Энэ харилцаа тухайн гэр бүлийг шууд салахад хүргэсэн эсэхийг харгалзана.

Хэрэв харилцаа богино хугацаанд үргэлжилсэн (нэг удаагийн уулзалт), зөвхөн сэтгэл хөдлөлийн түвшинд харилцаж байсан (зурвас бичих, утсаар ярих гэх мэтчилэн) бол хохирлыг бага дүнтэй тогтооно. Харин олон сар, жил үргэлжилсэн бол илүү их хохирол үүссэн гэж үздэг. Бэлгийн харилцаа тогтоогдсон бол гэр бүлийн үнэнч байдлыг ноцтой зөрчсөн гэж үзэж илүү өндөр хохирол тогтооно. Мөн гуравдагч этгээд тухайн хүн гэрлэсэн гэдгийг мэдсээр байж бэлгийн харилцаанд орсон бол түүнийг буруутай гэж үзнэ. Харин мэдээгүй бол зарим тохиолдолд хариуцлагаас чөлөөлөх, хохирлын хэмжээг бууруулах үндэслэл болдог байна.

Японд сэтгэц, сэтгэл санааны хохирлыг “эдийн бус хохирол” гэж үздэг бөгөөд тогтсон мөнгөн дүнгээр хэмждэггүй. Тиймээс шүүгч нар олон хүчин зүйлсийг харгалзан үзэж, өөрсдийн итгэл үнэмшлээр хохирлын хэмжээг тогтоодог бөгөөд гэр бүлээс гадуур харилцаанаас үүдэлтэй сэтгэл, санааны хохирлын хэмжээ ойролцоогоор 500,000 – 3,000,000 иен байдаг аж.

Тухайлбал, богино хугацаанд харилцаа үүсгэсэн бол 300,000 – 800,000 иен, урт хугацаанд харилцаа үүсгэсэн, үүнээс болж гэр бүл салсан бол 1,000,000 – 3,000,000 иен гэх мэтээр хохирол тогтоодог байна. Гэхдээ хохирлын хэмжээ нь хэдэн зуун мянган иенээс хэдэн сая иен хүртэл хэлбэлздэг аж.  

Харин манай улсад ижил төстэй хэргийг хэрхэн шийдвэрлэж, сэтгэл санааны хохирлыг тогтоосныг харъя. Нэгэн боксчин хамтран амьдрагчтайгаа хардалтын улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэл тогтоогдсон байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ:

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчийн биед үүссэн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар харгалзан 3.4-т “...Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу гуравдугаар зэрэглэлд тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж заажээ.
Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо учруулсан гэм хор, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруу, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж  насанд хүрээгүй хохирогчид гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хор уршигт Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон бөгөөд  660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэжээ. (Эх сурвалж: Шүүхийн шийдвэрийн нэгдсэн сан)

Жишээ нь манайд гэмт хэргийн улмаас үүссэн сэтгэл санааны хохирлыг ингэж тогтоож байна. Одоо харин зөвхөн гэмт хэргээс болж сэтгэл санаа хохирдог мэтээр тусгасан хууль, журмыг өөрчлөхийг иргэд хөндөж байгаа. 

Шивэрч л байг, бороо юм чинь

Сэмэрч л байг, сэтгэл юм чинь... гэдэг үгтэй дуу бий. Үүн шиг гэр бүлээс гадуурх харилцааны улмаас хүний мэдэрч буй өвдөлт, зовуур, шаналал бүрийг “Хохирч л байг, сэтгэл юм чинь” гээд үлдээж буйтай утга дүйх хууль, журмыг өөрчлөх нь зөв үү? 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна5 сар 30. 16:58"Говийн бүс дэх уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана"5 сар 30. 16:57Хандгайт, Баруун салаа зэрэг зуслангийн бүсээс 100 тарвага шилжүүлэн нутагшууллаа5 сар 30. 16:56Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглолоо5 сар 30. 16:56Хятадын компаниуд дотоодод үйлдвэрлэсэн чипүүдийг ашиглаж байна.5 сар 30. 16:55БНСУ: Сонгуулийн эрт санал хураалт түүхэн амжилт тогтоож байна5 сар 30. 16:50Японы далайн хүнс Хятадын зах зээлд эргэн ирнэ5 сар 30. 16:49Улаанбаатар–Бээжингийн галт тэрэг энэ сарын 3-наас аялж эхэлнэ5 сар 30. 16:49Хүүхдийн баяраар ТҮР ХААХ ЗАМУУД5 сар 30. 16:08Жөэль Рози: Нэг газрыг хэт хөгжүүлэн, жуулчдын даацыг хэтрүүлж, бусдын алдааг давтах хэрэггүй5 сар 30. 16:07Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл 86 хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 29. 15:24Австралийн чулуун дээрх зургууд аюулд оржээ5 сар 29. 15:23
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.