ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев АНУ-ын ерөнхийлөгчийг дэлхийн гуравдугаар дайнаар сүрдүүлэв. Өдөөн хатгасан үг хэллэгтэй Медведевийн сүрдүүлгийг АНУ "бодлогогүй" гэж тодорхойлжээ. Трамп Мягмар гаригт "Truth Social" хаягтаа Путиныг шүүмжилсэнтэй энэ мэдэгдэл холбоотой.
Эргэн сануулахад, Трамп "Хэрвээ би байгаагүй бол Орост маш их муу зүйл тохиолдох байсан. Маш муу шүү. Үүнийг Владимир Путин ойлгохгүй байна. Тэр галаар тоглож байна" гэж хэлсэн билээ. Медведев үүний хариуд "Маш муу зүйл би ганцыг л мэдэх юм байна. Тэр нь дэлхийн гуравдугаар дайн. Трамп үүнийг ойлгоно гэж найдаж байна" гэжээ.
Трампийн Украинтай харилцах тусгай элч төлөөлөгч Кейт Келлогг "Дэлхийн гуравдугаар дайнаар ингэж хүмүүсийг айлгах нь болгоомжгүй бөгөөд хүчирхэг улсад зохисгүй үйлдэл. Трамп болон түүний засаг захиргаа энэ дайныг дуусгаж, аллагыг зогсоохоор ажиллаж байна. Бид танай долоо хоногийн өмнө амласан санамж бичгийг хүлээсээр байна. Яг одоо галаа зогсоо" гэжээ.
Энэ мэтчилэн сөргөлдөөн байгаа хэдий ч Лхагва гаригт Москвад болсон аюулгүй байдлын уулзалтад АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд оролцсон нь ховор үзэгдэл.
Тодруулбал, Москва дахь Элчин сайдын яамны хоёр ажилтан буюу Улс төр, эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөх Эрик Жордан, хоёрдугаар нарийн бичгийн дарга Жереми Вентусо нар тус форумд оролцож байна. Энэ нь дайн эхэлснээс хойш АНУ-ын төлөөлөгчид анх удаа ийм арга хэмжээнд оролцсон тохиолдол юм. Путин арга хэмжээг нээж үг хэлэхдээ "Оросын аюулгүй байдлын бодлого өөрчлөгдөөгүй" гэжээ.
Лондонгийн Кингс коллежийн Оросын улс төр судлалын профессор Сэм Гриний хэлснээр АНУ-ын албан тушаалтнууд тус форумд оролцсон нь Оростой харилцаагаа хэвийн болгох хүсэл эрмэлзлийн илэрхийлэл. Харин Оросын хувьд бууж өгөлгүйгээр яриа хэлэлцээнд нухацтай хандаж буйгаа илэрхийлсэн оролдлого гэж үзэж байна.
ЭХ СУРВАЛЖ: INDEPENDENT
Сэтгэгдэл бичих