"Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" нийслэлийн зөвлөгөөн өнөөдөр /2025.05.28/ эхэллээ. Нийт долоон бүсийг хамруулан зохион байгуулсан тус зөвлөгөөн ийнхүү нийслэл хотод зохион байгуулагдсанаар өндөрлөх юм. Өнөөдрийн зөвлөгөөнд оролцож буй талуудын байр сууриас онцлон хүргэе.
Төрийн албаны зөвлөлийн дарга П.Цэдэвсүрэн:
-Төрийн албаны манлайлал гэж нэрлэсний учир нь Монгол Улсад өнөөдрийн байдлаар 226 мянга гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Эдгээр хүмүүс Монгол Улсын хөгжлийн түүчээлэн авч яваа. Бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх процесст оролцож, гүйцэтгэх түвшинд ч мөн ажиллаж байна. Мэдээж нөгөө талд хувийн хэвшлийнхэн болон бусад гэж байгаа. Гэхдээ манлайлал гэдэг дээр бид нэлээд ач холбогдол өгч байгаа. Монгол Улсад ажиллаж байгаа бүх төрийн албан хаагчид манлайлагч. Төрийн үйлчилгээний ямар ч ажил эрхэлдэг байж болно. Хамгийн гол нь хариуцсан ажлынхаа чиглэлээр, тухайн албан тушаал дээрээ та манлайлагч юм. Яагаад гэвэл та төрийг төлөөлөөд тухайн үйлчилгээг иргэнд үзүүлж байгаа. Иргэн таныг төр гэж харна. Хэзээ ч хувь хүнээр тань хардаггүй.
Тиймээс энэ манлайллыг илүү идэвхжүүлье, сайжруулъя, үр дүнтэй болгоё гэдэг үүднээс тус зөвлөгөөнийг зохион байгуулсан.
Бид төрийн албаны манлайлал гээд хоосон уриа дэвшүүлээд орхих биш төрийн албанд тулгамдаж байгаа хууль хэрэгжилтийн болоод бусад асуудлуудыг сонсож, санал авч байна. Үүний үр дүнд маш гоё саналууд гарч байна. Гэхдээ эдгээр асуудлуудыг Төрийн албаны зөвлөл шийдвэр гаргаж, шийдэж чадахгүй. Манай байгууллагын чиг үүрэг хязгаарлагдмал. Тиймээс бид ЗГХЭГ-т хүсэлт тавьж, хамтран ажиллаж байна. Үүний үр дүнд 21 аймгийн төрийн албан хаагчдад тулгамдаад байгаа хууль, эрх зүйн асуудал дээр Засгийн газар тодорхой шийдвэр гаргаж, ажилласан.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн, гавьяат хуульч Б.Идэрчулуун:
-Монгол Улс төр байгуулсан түүхээрээ дэлхийд таван эзэнт гүрэн байгуулсан түүхтэй ард түмэн. Гэтэл бид өнөөдрийг хүртэл төрөө эмхэлж чадахгүй, иргэдийнхээ итгэлийг хүлээсэн, иргэндээ үйлчилдэг төр байгуулж чадаагүй явж байна. Та бүхэн үүнийг хүлээн зөвшөөрөх байх. "Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" нийслэлийн зөвлөгөөний хүрээнд таван хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Нэг талаасаа бүсчилсэн хөгжилд төрийн албан хаагч ямар оролцоотой байх вэ гэдэг үр дүнгээ эргэж харах. Нөгөө талаас хууль тогтоомжийг боловсронгуй болгох замаар бид энэ зорилтдоо хүрэх асуудал бидний өмнө байна. Бид цомхон, чадварлаг, сахилга баттай, ёс зүйтэй төрийн албыг бэхжүүлнэ гээд Засгийн газрын урт хугацааны бодлоготоо тодорхойлчихсон.
Төрийн үйл ажиллагаа шударга ёсны зарчим дээр хэрэгжинэ гэж Үндсэн хуульд заасан байдаг.
Хуулийг мөрдөх гэж баталдаг болохоос бид нар шиг зөрчих гэж баталдаг ард түмэн байхгүй. Монгол Улс сүүлийн 30 жил уруудан, доройтсонд төрийн томилгоо нөлөөлж байна гэж ярих хэмжээнд хүрж байж бид нарын өнөөдөр гартаа барьж байгаа хуулийг баталсан.
Тиймээс дор бүрнээ хуулиа хэрэгжүүлдэг, сэтгэл гаргадаг байвал бидний зориод байгаа хөгжил ойрхон гэдгийг хэлмээр байна.
Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга Т.Сосорбарам:
-Хүн сонгон шалгаруулна гэдэг ганцхан Монгол Улсын зовлон биш, дэлхий нийтэд байгаа бүх төрийн байгууллагуудын зовлон. Энэ асуудал хувийн хэвшилд ч тохиолддог. Өнөөдөр мэдлэг гэхээс илүү чадвар, чадвар гэхээс илүү хандлагыг илүүд үзэж байна. Монгол Улсын төрийн албаны шинэчлэлийн гол тулгамдсан асуудал юу гээд хиймэл оюун ухаанаас асууж үзлээ.
Тэгэхэд авлига, улс төрийн нөлөө, санхүүгийн ил тод бус байдал, бүтцийн тогтворгүй байдал гэх мэт зүйлсийг эрэмбэлж гаргаж ирлээ.
Олон улсын жишгээр аливаа төрийн албаны хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийг хийхдээ хамгийн эхлээд зарчмаа тодорхойлох ёстой. Харин үүнийг Монгол Улс тодорхой түвшинд тодорхойлж чадсан гэж бодож байна. Хамгийн гол төлөвлөлтөө хийхдээ анхаарах хэрэгтэй.
Сэтгэгдэл бичих