“Хөгжлийн бэрхшээлтэй иргэн НДШ төлөөд тэтгэвэр, зээл авч чадахгүй байгаа нь үнэн”


5-р сарын 28
14 цаг 58 минут

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэн НДШ төлөөд тэтгэвэр, зээл авч чадахгүй байгаа нь үнэн”

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хуралдааны өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн анхаарал хандуулах чухал асуудлын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх. Монгол Улс халамжийн орон боллоо гэдэг ч бодит байдал дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил хийж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ч арилжааны банкнаас зээл авах эрх үүсдэггүй, авч байгаа тэтгэвэр, тэтгэмж нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй ч дүйцдэггүй зэрэг олон асуудал байгаа юм. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд парламент хэрхэн анхаарах, ямар асуудалд гаргалгаа яаралтай олох шаардлагатай байгаа талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай ярилцлаа.


-Та чуулганы хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ч зээл авч чаддаггүй, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авахад мөн хүндрэл үүсч байна гэсэн. Тухайлбал ямар кэйсүүд байна вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн даатгалын хувьд ажил олгогч 10 хувь /энгийн хүн байвал ажил олгогч 12.5 хувь/ хөгжлийн бэрхшээлтэй иргэн 9.3 хувь /энгийн хүн байвал хувь хүн 11.5 хувь/ байдаг. Нийгмийн даатгалын шимтгэл төлсний ашиг нь хувийн туслахын үйлчилгээ авч болно.

Хэдийгээр бага хувьтай нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нь сайн мэт харагдавч асуудлууд бий.

Нийгмийн даатгалын хуулиараа бол халамжийн сангаас тэтгэвэр авах биш нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсдэг. Гэхдээ сүүлийн таван жилд нийтдээ 36 ба түүнээс дээш сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн халамжийн тэтгэмжээс Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авна. Бодит амьдрал дээр 60 сараар НДШ төлсөн боловч энэ хууль хүчингүй болсон гээд шилжүүлээгүй зогсоочихсон байгаа юм. 10 жилээс дээш болж байж шилжинэ гэж хэлсэн. Саяхан хөгжлийн бэрхшээлтэй гурван хүн нийгмийн даатгалын сан руу шилжих хүсэлтээ өгсөн боловч хүлээж аваагүй байна.

Хоёрдугаарт, хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоох, хувь тэнцүүлэх тэтгэвэр нь өндөр насны тэтгэврийг улсаас нэмэх үед дагаж нэмэгддэггүй. Одоо тэтгэврийн доод хэмжээ 800 мянган төгрөг орчим байгаа. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хувь тэнцүүлснээрээ 540 мянган төгрөг авдаг. Гуравдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 20 жил нийгмийн даатгалын шитмгэл төлөөгүй учраас бүрэн тэтгэвэр авах эрх бараг үүсч чадахгүй байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажил хийж байгаад ажлаасаа халагдахад ажилгүйдлийн тэтгэмжийг авч чаддаггүй.

Учир нь төлж байгаа шимтгэлд нь ажилгүйдлийн тэтгэмжийн шимтгэл ордоггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүтэн 12 сар цалин авсан хэр нь цалингийн зээл авч чадахгүй байгаа юм. Өөр дээрээ банкны ипотекийн зээл ч авах эрхгүй байна.

Халамжийн тэтгэвэр сарын 328 мянган төгрөг байдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэвэр нь сарын 540 мянган төгрөг байдаг.

-Улс төрийн үүсээд байгаа нөхцөл байдал бүх хүнд их, бага хэмжээгээр нөлөөлдөг. Төр засаг савлалаа гэхэд аж ахуй нэгжүүд, иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд очих нөлөөлөл дарамт ихэсдэг шүү дээ. Үүнд хэрхэн анхаарч, ямар зохицуулалт хийх нь зүйтэй вэ?

-Төрийн бодлого шийдвэр гаргалтад хүний ялгаатай байдал, хөгжлийн бэрхшээлийг харгалзан үзэх нэн чухал. Гэтэл хурдан хугацаанд батлагдаж байгаа хууль тогтоомжуудад хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчил үүсэх эсэх, тухайн үйлчилгээг тэгш хамруулан хүргэх гэх мэт наад захын шалгуур үзүүлэлтээр дүн шинжилгээ хийгдэхгүй байгаа тул эрх зүйн байдлыг дордуулах, нийгэмд хэвийн ажиллаж амьдрах боломжгүй нөхцөлд хүрдэг.

Жишээ нь, Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг шинэчлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүний авах тэтгэмж, тэтгэврийн харилцааг анхаараагүй орхигдуулснаас хамгийн бага хэмжээгээр авах, бүр авах боломжгүй болох гэхчлэн сөрөг үр дагаврууд үүсч байгаа талаар санал, хүсэлтүүд ирж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталж орхичхоод бусад хуульд энэ тухай огт зохицуулахгүй байгаа нь гол бэрхшээл үүсгэдэг. Нийгэм, эдийн засгийн түвшинд гаргаж байгаа шийдвэрүүд эцсийн дүндээ хүний төлөө, хөгжлийн бэрхшээл ялгаатай байдлаас үл хамааран ижил хүртээмжтэй байдлыг хангах ёстой.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олгож байгаа тэтгэмж, тэтгэлгийн зарим нь тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага байгаа. Үүнийг анхаарч, тэтгэмж, тэтгэлгийг хэмжээг үе шаттай нэмэгдүүлж хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх шаардлагатай.

Монгол Улсын хэмжээнд нийт хэчнээн хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг вэ. Тэдгээр иргэдээс Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй байгаатай холбоотой ямар ямар гомдол санал ирүүлж байна?

-Манай ажлын албанаас фэйсбүүк хуудсаар дамжуулан зар түгээж иргэдийн санал гомдлыг хүлээн авдаг. Сүүлийн гурван долоо хоногийн байдлаар:

  • Хөгжлийн бэрхшээл – 38,
  • Ахмад настан – 2,
  • Орчны хүртээмж – 9,
  • Мэдээллийн хүртээмж – 2,
  • Нийгмийн эрүүл мэнд – 4,
  • Хүүхэд хамгаалал – 2,
  • Нийгмийн хамгаалал – 2,
  • ТББ, иргэний орон зай – 2 тус тус санал хүсэлт, гомдол ирсэн.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 113 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Иргэдээс ирж байгаа гомдол саналыг багцлаад үзвэл Үндсэн хуульд заасан нийгмийн халамж, үйлчилгээ хүртэх,хөдөлмөрлөх гэх мэт суурь эрхүүд ямагт зөрчигдөж тэтгэвэр, тэтгэмж хамгийн доод хэмжээнд байгаа талаар, хэвийн ажиллаж амьдрах орчин, стандартын зам талбай байхгүйгээс нийгмийн харилцаанд оролцож чадахгүй байгаа тухай гомдлууд давамгайлж байна. Нэмээд, бодит байдал дээр хөгжлийн бэрхшээлтэй байдлаас шалтгаалж ялгаварлан гадуурхагдах, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд ихэсч байгааг дурдах нь зүйтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан хориглосон агуулга бүхий заалтыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд оногдуулах хариуцлага тодорхойгүй, оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг иргэний эрх зүйн чадамжгүй гэж шүүхийн журмаар тогтоох, шүүхэд хүсэлт гаргах, шүүхийн ажиллагааг явуулах бүхий л үйл ажиллагаанд оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэний өөрийн нь оролцоо, түүний хүсэл зориг, санал бодлыг сонсох, харгалзан үзэх хуулийн зохицуулалт байхгүй байна.

Оролцоог нь дэмжье, халамжийн бодлогоос салгая, бодит дэмжлэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлье гэж жилийн жилд ярьдаг. Гэхдээ бодит амьдрал дээр гарсан эерэг өөрчлөлтүүд тун цөөн. Шийдвэр хэрэгжилт хаана очоод гацдаг вэ?

-Гацаад байгаа хоёр том асуудал байна. Нэг нь мэдлэг ойлголт бүх түвшинд тааруу байна. Нөгөө талд энэ асуудлыг салбар дундын хамтын ажиллагаагаар шийдэхгүй бол явахгүй ээ гэдгийг хаа хаанаа ойлгож авахгүй байна. Тэрнээс биш хууль эрхзүйн баримт бичиг, бодлогын баримт бичгүүд бүх л төлөвлөгөөнд хамруулаад оруулаад тусгачихсан байна.

Тэгш оролцоог хангах тухайд тулгамдсан асуудлуудыг авч үзвэл төрийн оролцоотой бодлогын алдаа дутагдал бий юу?

-Тэгш оролцоог хангана гэдэг нь Болдоо, Цэцэгээ хоёрт адилхан ном өгөхөд Болдоо нь хараа муутай эсвэл харахгүй учраас номон дээр юу гардгийг мэдэхгүй, мэдэхгүйгээс болоод тур сэдвээр ярилцаж чадахгүй, санал бодлоо ч хуваалцаж ч чадахгүй байлаа гэж бодъё л доо. Тэгвэл Болдоогийн номыг брайлаар эсвэл дуут орчуулгатай болгоод өгчихвөл адилхан хүлээгээд л авчихна, мэдээлэл авсан ойлгосон хүн ярианд оролцоно гэсэн үг. Тэгэхээр номын дэлгүүр эсвэл зохиогч номоо иймэрхүү маягаар хувилбартай гаргаж өгөхийг тэгш оролцоог хангах, хүртээмжтэй үйлчилж байна гэж тодорхойлно гэсэн үг. Монгол Улсын жил бүрийн төсөв, хөгжлийн бодлогод хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр тусгайлсан төсөв, хөгжлийн бодлогын дэд багц, хөтөлбөр бий эсэх тухай асуухад тодорхой хариулт, шийдлийг хэлэхгүй байна.

Энэ удаагийн Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт, УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл багтаж байгаа нь төрийн бодлого, хууль тогтоох үйл ажиллагаанд тэгш оролцоог хангах талаар гаргасан улс төрийн хүсэл зориг, ахиц дэвшил бүхий шийдвэр гэж харж байгаа. Иймд дээрх тэгш оролцоог хангах талаар өөрийн бүхий л хүчин чармайлтыг гарган ажиллаж байгаа. Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны есдүгээр сарын 5-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 108 дугаар захирамжаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа хэвшүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт боловсруулан Монгол Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн Засгийн газарт чиглэл өгөх тухай Нийгмийн бодлогын байнгын хорооны тогтоолыг саяхан баталлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, саадгүй байдал хүртээмжийн тухай асуудал нь энгийн иргэдэд ч хамаатай.

Тиймээс тухайн тулгамдаж байгаа асуудлыг тусдаа өөр хүмүүсийн асуудал гэж өрөөсгөл хандлага, соёлыг өөрчилж, хууль тогтоомжийн шинэчлэлийг цогцоор шийдвэрлэх шаардлагатай.

-Өнгөрсөн долоо хоногт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад нутгийн захиргааны байгууллагын оролцоо үндэсний хэлэлцүүлэг болсон. Тус хэлэлцүүлэгт оролцогчид ямар саналуудыг хэлэв?

-Товчхондоо бол Нийслэл, аймаг дүүргүүдийн засаг дарга нарын хийхээр гэрээндээ тусгасан, Монгол Улсын Засгийн газрын урт дунд хугацаанд тусгачихсан, олон улсын гэрээ конвеницоороо тусгасан заавал хийх ажлуудаас түүвэрлээд нэн тэргүүнд хийх, мэдлэг ойлголтыг дээшлүүлж, хүртээмжийг сайжруулах, гүйцэтгэлийн хяналт бүхий 13 багц ажлыг 32 шалгууртай болгож цэгцлээд, заавал мэдэх ойлголт, тайлбарын хамтаар гарын авлага болгож өгөөд, ул суурьтай ойлгуулахын тулд гадаад дотоодын мэргэжилтнүүдийг авчраад өдөржин зөвлөлдсөн. Одоо яг үүн шиг төлөвлөгөөгөө аж ахуй нэгж, яамдууд гаргаж хэмжих нэгжтэй шалгууртай болж л ажиллахгүй бол болмооргүй байна. Нийтдээ хоёр удаа чуулганд оролцож улсын төлөвлөгөө сонссон туршлагаараа бүрхэг байсан үзүүлэлтүүдийг нарийвчилсан л гэсэн үг л дээ. Оролцсон 21 аймаг, есөн дүүргийн засаг дарга нар, төлөөлөл бүгд хамтран ажиллахаар болсон.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл 86 хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 29. 15:24Австралийн чулуун дээрх зургууд аюулд оржээ5 сар 29. 15:23"Guys" хамтлагийн тоглолтын VIP тасалбар дуусчээ5 сар 29. 15:17Ой, хээрийн түймрийн улмаас таван тэрбум төгрөгийн хохирол учирчээ5 сар 29. 15:15УДШ: П.Батчулуун эмчийн гомдлыг ирэх 7 хоногт хэлэлцэнэ5 сар 29. 15:14"Даваа гаригаас Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ"5 сар 29. 15:12Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна5 сар 29. 15:09Гэр бүлээс гадуурх харилцаа гэмт хэрэг биш, гэхдээ хүн сэтгэл, санаагаараа хохирч л байг уу?5 сар 29. 15:09"АН Засгийн газраас гарах нь тодорхой болсон учир зарим яамыг татан буулгаад, зардлаа хэмнэе"5 сар 29. 15:08Трампийг дэлхийн гуравдугаар дайнаар сүрдүүлэв5 сар 29. 15:06Б.Баярбаатар: Ерөнхий сайд огцрох,чөлөөлөгдөх нь ялгаатай5 сар 28. 17:08Монгол Улс сүүлийн 30 жил уруудан, доройтсонд төрийн томилгоо нөлөөлсөн5 сар 28. 17:07
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.