Эмэгтэй төрийн албан хаагчдын карьерын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” зөвлөгөөн өнөөдөр боллоо. Монгол Улсад 227 мянга гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 63.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Хэдийгээр удирдах төвшинд эмэгтэй, эрэгтэй ажилтнуудын харьцаа харьцангуй тэнцвэртэй байгаа ч үйлчилгээ, захиргааны албанд энэ харьцаа алдагдаж буйг салбарынхан онцолж байна.
Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнгийн хэлснээр, төрийн албанд шатлан дэвших, чадахуйн зарчмыг бүрэн хэрэгжүүлэхэд бэрхшээл байсаар байна. Ихэнх ажилтан урдах ажлаа хийж дуусгахыг л зорьдог. Харин урт хугацааны өсөлт, хөгжилд чиглэсэн оролдлого бага байна. Иймээс энэ сургалт эмэгтэйчүүдэд урам зориг, хөгжлийн сэдэл өгөх зорилготой гэлээ.
2024 онд төрийн албанд жендэрийн тэгш байдал, ажлын байрны нөхцөл, бэлгийн дарамтын асуудлаар судалгааг эхлүүлжээ. Уг судалгааг НҮБ, Жендэрийн үндэсний хороо болон мэргэшсэн төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа аж. Бие, сэтгэлийн дарамтыг энгийн судалгаагаар илрүүлэхэд бэрх.
Иймээс Хүний эрхийн үндэсний комисстой хамтран долоон бүсийн 1000 гаруй төрийн албан хаагчтай тусгай уулзалт хийжээ. Судалгааны дүн гарсны дараа тодорхой шийдэл боловсруулна гэв.
Төрийн албаны зөвлөлийн баг 318 сум, найман тосгонд хоёр сарын турш ажиллажээ. Тэд яам, агентлагийн төлөөлөлтэй явж, сургалт, мэдээллийг газар дээр нь хүргэн албан хаагчдын санал бодлыг нь сонсож, ажлын нөхцөлтэй нь танилцсан байна. Зарим сумдад төвөөс сүүлийн долоон жилд нэг ч уулзалт, сургалт хийгдээгүй байсан тохиолдол ч байжээ.
Л.Цэдэвсүрэн нийслэл болон орон нутгийн төрийн албаны хандлагын ялгааг онцлов. Нийслэлд төрийн албаны зөвлөл уулзалт зохион байгуулахад төдийлөн таатай хүлээж авдаггүй. Харин орон нутагт эсрэгээрээ суралцах хүсэл, дэвших эрмэлзэл илүү байна. Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчид цалин хөлсний асуудлаас илүү сургалт, хөгжлийн талаар ярих болсон нь эерэг хандлага гэлээ.
Салбарын төлөөллүүдийн байр суурь:
Нийслэлийн 37-р сургуулийн захирал З.Тунгалаг хэлэхдээ, “Би улсын өмчит сургуульд 30-аад жил тасралтгүй ажиллаж байна. Нас болчихлоо гэж бодохын оронд карьерынхаа хөгжлийг үргэлжлүүлж байгаадаа бахархдаг.
Боловсролын салбарт ажиллаж буй төрийн албан хаагчдын ихэнх нь эмэгтэйчүүд. Манай сургуулийн багш нарын 85 хувь нь эмэгтэйчүүд. Энэ нь төрийн албанд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо ямар өндөр байгааг илтгэнэ гэв.
Налайх дүүргийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Уянга:
Төрийн албанд 16 жил ажиллаж байна. Эмэгтэйчүүдэд ажил, амьдралын олон үүрэг давхацдаг тул манлайллын төвшинд гарч ирэхэд хүндрэлтэй. Хотод боломж илүү нээлттэй ч орон нутагт эмэгтэйчүүд зөвхөн урдах ажлаа л хийж, карьер хөгжүүлэх боломж бага.
Жендэрийн хэвшмэл ойлголтууд ч удирдах албан тушаалд хүрэхэд сөргөөр нөлөөлдөг. Мөн хүүхдүүдэд бага наснаас нь ёс зүйн зөв төлөвшил олгоход анхаарах шаардлага байна. Ажлын байранд ёс зүйн доголдолтой ажилтан цөөнгүй байгаа нь ажиглагддаг гэв.
Сургалтын үеэр удирдах албан тушаалтны ёс зүй, байгууллагын дотоод соёлын талаар олон санал гарсан байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 2023 онд батлагдсан ч зарим заалт хангалтгүй байгааг хэлэлцжээ.
Байгууллагын ёс зүйн дэд хороонд удирдах албан тушаалтнуудын оролцоо бага, харин дунд төвшний, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн ажилтнууд идэвхтэй оролцож буй нь эерэг хандлага гэдгийг салбарынхан хэлж байлаа.Түүнчлэн ёс зүйн дэд хороод зөвхөн дүгнэлт гаргах эрхтэй бөгөөд шийдвэр гаргах боломжгүй байдаг тул дүгнэлтийн хэрэгжилтийг хангах механизм бүрдүүлэх шаардлагатай гэв.
Сэтгэгдэл бичих