Хүүхэд, гэр бүлүүдэд туслахаар хаалгаа нээсэн Дэлхийн Зөн Монгол ОУБ 30 жилийн ойгоо тэмдэглэлээ


5-р сарын 27
13 цаг 24 минут

“Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших 30 жилийн ойн баяр болж байна. 

Дэлхийн Зөн ОУБ нь 1950-иад онд Солонгосын дайнаас өнчирсөн хүүхдүүдэд туслах зорилгоор Боб Пийрс хэмээх сайхан сэтгэлт хүний санаачилгаар байгуулагдсан түүхтэй. Харин Монгол Улсад 1993 онд зудад нэрвэгдсэн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлснээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 1995 онд Хууль зүйн яамнаас албан ёсны зөвшөөрөл авч, оффисоо нээн анхны хөгжлийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж эхэлсэн нь Монголын хүүхэд, гэр бүлүүдэд чиглэсэн урт хугацааны хөгжлийн шинэ гарцыг нээсэн байна.  

Зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй, иргэд ажилгүйдэл, ядууралд өртөхийн хэрээр хүүхдүүдэд тавих хараа хяналт суларч, гудамжны гэгдэх хүүхдүүд олноор бий болсон тэр хүнд цаг үетэй зэрэгцэн Дэлхийн Зөн Монгол ОУБ үүд хаалгаа нээжээ. 

Эхний 10 жилд эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, ус, ариун цэврийн байгууламжаар хангах чиглэлд бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж, худаг, эмнэлэг, цэцэрлэг, сургууль барих, тохижуулах зэрэг олон төсөл хэрэгжүүлж байсан болдараагийн жилүүдэд хүүхэд хамгаалал, нийгмийн зорилтот бүлгүүдтэй ажиллах, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна.

2016 он гэхэд 15 аймаг, Улаанбаатар хотын зургаан дүүрэгт нийт 32 урт хугацааны орон нутгийн хөтөлбөрүүдийг нэгэн зэрэг хэрэгжүүлж, малчдын амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, иргэний оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд хамгаалал, хөгжил, тэдний боловсрол, эрүүл мэндэд бодит хувь нэмэр оруулжээ.
Харин сүүлийн 10 жилд хүүхэд хамгаалал, өрхийн амьжиргаа, даван туулах чадварыг сайжруулах чиглэлд цогц аргачлалуудыг амжилттай хэрэгжүүлж ирсэн байна. Тэдгээрээс дурьдвал “Гэрээр айлчлагч“, “Оролцоод хөгжье”, “Төгсөлтийн аргачлал”,”Иргэдийн дуу хоолой” зэрэг онцгой аргачлалуудыг Монголын нөхцөлд тохируулан боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн нь өнөөдөр ч үр өгөөжөө өгсөөр байна.

Ийнхүү Монголын хүүхэд, гэр бүлүүдийн сайн сайхны төлөө тасралтгүй ажилласаар буй Дэлхийн Зөн Монгол байгууллагын 30 жилийн ойд зориулсан ойн баярын хүндэтгэлийн концерт өнгөрсөн баасан /2025.05.26/ гарагт болж, баярт тус байгууллагынүе үеийн ажилтнуудын төлөөлөл, үүсгэн байгуулагч, гадаад, дотоодын хүндтэй зочид, хамтран ажиллагсад хүрэлцэн иржээ. Баярын концертын үеэр зочдын сэтгэгдлийг сонслоо.

ОТТО ФАРКАШ: 1990-ЭЭД ОНЫ ЭХЭН ҮЕД МОНГОЛД АМЬДРАЛ ҮНЭХЭЭР БАРЗГАР БАЙСАН

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ыгМонгол Улсад үүсгэн байгуулагчдын нэг, Монголч Эрдэмтэн Отто Фаркаш, Би Унгар  улсад төрж, өссөн хүн. Монгол судлалын чиглэлээр мэргэжил эзэмшиж, анх 1985 онд Монголд ирсэн. 1990-ээд оны зах зээлийн эдийн засагт шилжих үед Монголын хүүхэд, гэр бүлүүдэд туслахаар шийдэж судалгааны ажлаа орхиж, 1995 онд Монголд ирээд, хүмүүнлэгийн чиглэлээр ажилласан. Тэр цагаас хойш 30 жил өнгөрчээ. Хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө чиглэсэн ажлаа би Монголоос эхэлсэн.

1990-ээд оны эхэн үед Монголд ядуурал их байсан. Тухайн үед Яаралтай тусламжийг хэрэгжүүлэх чиглэлээр дандаа алсын бодлого, хөгжлийн чиглэлтэй төслүүд боловсруулсан. Эхлээд эрүүл мэнд, боловсрол, байгалийн гамшигтай тэмцэх төслүүдээрээ дамжуулж, ихэнх аймгийн олон мянган хүүхдэд хүрч чадсан. Хүүхэд хамгаалал, орлого нэмэгдүүлэх чиглэлийн олон төслүүд одоо ч хэрэгжсээр байна.

Би хаана ч явсан Монгол Улсын хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулсаар байх болно.1990-ээд оны эхэн үед Монголд амьдрал үнэхээр барзгар байсан. Дэлхийн зөнгийн төсөл маш их  хэрэгтэй цаг үе байсан. Дэлхийн зөн хэрэгтэй цаг үед нь шаардлагатай тусламжийг хүмүүст үзүүлж чадсан.  Түүнээс хойш Монголын нийгэм цаг үе өөрчлөгдөж, эдийн засаг тэлэхийн хэрээр бидэнд шинэ шинэ сорилтууд гарч ирсэнд тэдгээрт нийцүүлэн олон төсөл хэрэгжүүлсэн. Би Монголын өөрчлөлтийг харж байна. Одоо Монголын төр засаг үүргээ гүйцэтгэж, олон нийтийн хэрэгцээг хангах хөтөлбөр хэрэгжүүлдэг болсон. Хувийн хэвшлийн байгууллагууд ч энэ чиглэлээр ажиллаж байгаа нь сайн хэрэг. 

-30 жилийн дараа ч Монголд ядуурлын түвшин өндөр, 30 гаруй хувьтай байна. Энэ асуудлыг шийдэхэд Дэлхийн зөнгийн төслүүдээс гадна Монголын төр засгаас ямар бодлого хэрэгжүүлээсэй гэж та хүсэж байна вэ?
-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол орон маш их хөгжсөн. Тиймээс бид илүү фокуслаж, нарийвчилсан төслүүд рүү орох шаардлага үүссэн. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох болон орлого нэмэгдүүлэх, амьжиргаа дээшлүүлэх чиглэлээр төслүүд хэрэгжүүлж байгаа нь сайн. Улс хөгжиж байгаа ч хүний хөгжлийг орхигдуулахгүй дэмжиж байх нь чухал. Орон нутгийн манлайллаар олон зүйлийг амжуулах боломжтой юм. Энэ чиглэлээр манай байгууллагын төслүүд ч арай зогсох болоогүй, цаашид идэвхтэй ажиллах шаардлагатай.
Миний бодлоор Монгол Улс авто замаа илүү сайн барьж, сүлжээ үүсгэвэл улсын хөгжилд тустай гэж бодож байна.
Эцэст нь Дэлхийн Зөн Монгол байгууллагынхаа үе үеийн ажилчид, хамтран зүтгэгчдэдээ 30 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Б.БОЛОРЦЭЦЭГ: БИД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ БОЛОН ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ИЛҮҮ АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Үндэсний захирал Б.Болорцэцэг, Дэлхийн Зөн байгууллага хамгийн анх 1995 оноос өмнө иодын дутагдлын эсрэг төсөл хэрэгжүүлсэн байдаг. Дараа нь эх, хүүхдийн эрүүл мэндийн төслүүдийг хэрэгжүүлсэн. 1990-ээд оны эхэн үед хараа хяналтгүй хүүхдүүд буюу гудамжны хүүхдүүд их байлаа.

Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд хэцүү, дээр нь зудын гамшиг тохиолддог. Ийм хүнд цаг үед Дэлхийн Зөн Монгол ОУБ богино хугацааны төслүүдээ хэрэгжүүлсэн нь цаг үеэ олсон тусламж байсан.

15-аас дээш жил үргэлжлэх урт хугацааны хөтөлбөрөө 1998 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Монгол хүүхэд, гэр бүлүүдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүүхэд, гэр бүлүүдтэй тулж ажилладаг хэд хэдэн байгууллага орж ирсний нэг нь Дэлхийн зөн байсан.

Өнөөдөр хэдийгээр хүүхдийн сайн сайхан байдал, хүүхдийн эрх хамгаалах асуудал бүрэн дүүрэн шийдэгдээгүй ч 30 жилийн өмнөхтэй харьцуулшгүй сайхан үе ирсэн байна. Дэлхийн зөн байгууллага улс орны нөхцөл байдалд тохируулан өөрийн төсөл хөтөлбөр, зорилго стратегиа өөрчилж ирсэн. Өмнө нь гадаадын спорсорууд, сайхан сэтгэлтэй хүмүүс монгол хүүхдүүдэд тусалдаг байсан бол өнөөдөр “Монголчууд Монголчууддаа“ хөтөлбөрийг хэрэгжүүлээд, 6 -7 жил болсон байна. Бид цаашдаа дотоодын хөтөлбөрөө илүү өргөжүүлэхийн дээр бусад санхүүжилтийнхээ эх үүсвэрийг илүү сайжруулж, ялангуяа нэн хэрэгцээтэй байгаа хүүхэд, гэр бүлүүдэд онцгойлон анхаарч ажиллах болно.

Дэлхийн зөн байгууллага “Хүүхэд бүрийн бүрэн дүүрэн амьдралын төлөө” гэсэн алсын хараатай ажилладаг. Бид өнөөдөр хүүхдийн эрх хамгаалал, хүүхдийн хөгжилд илүү анхаарч ажиллаж байна. Хүүхэдтэй ажиллахад гэр бүл, орон нутагтай нь хамтарч ажиллах хэрэгтэй болдог. Өрхийн амьжиргаа, гамшиг, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхийг бэхжүүлэхэд илүү анхаарч ажиллах болно. Ус, ариун цэврийн  байгууламж, хүүхэдтэй ажилладаг дотоодын иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах чиглэлээр илүү анхаарч ажиллах болно.

Ц.ЦЭЦЭНБААТАР: ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ ОУБ МААНЬ ДОТООДЫН ТББ БОЛОХ ҮЙЛ ЯВЦ ӨРНӨЖ БАЙНА


Дэлхийн 
Зөн Монгол ОУБ-ын Зөвлөх зөвлөлийн тэргүүн Ц.Цэцэнбаатар, Дэлхийн Зөн Монгол ОУБ бол өнгөрсөн хугацааанд дэлхийн 16 улсын сайн санаатай хүмүүсийн туслалцаа дэмжлэгээр хүүхдийн төлөө, нийгэм, гэр бүлүүдэд эерэг өөрчлөлт авчрахын тулд үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ ажилд бидний хамтран зүтгэгчид болон сайн дурын идэвхтнүүдийн үйл ажиллагаа өндөр ач холбогдолтой байсан.

30 жилийн босгон дээр Дэлхийн Зөн Монгол ОУБ маань дотоодын Төрийн бус байгууллагаболох үйл явц эрчимтэй өрнөж байна. ТББ болсноор үндэсний удирдлагатайгаар дотоодоосоо хөрөнгө босгон, тогтвортой үйл ажиллагаа явуулах, түүнчлэн үндэсний манлайллыг бий болгосноор орон нутгийн хэрэгцээг илүү таньж мэдэж, хамтран ажиллах боломж нээгдэнэ гэж харж байна гэв.

30 ЖИЛД ДЭЛХИЙН ЗӨН ОУБ МОНГОЛД 420 ГАРУЙ САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖЭЭ

30 жилийн түүхэндээ Дэлхийн Зөн ОУБ Монголд 420 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 100 гаруй төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлжээ. Мөн 3000 гаруй ажилтан, сайн дурынхны оролцоотойгоор нийгэмд эерэг өөрчлөлт авчирсан хэмээн энэ хамт олон үйл ажиллагаага дүгнэж байна.


Төсөл хөтөлбөрүүд нь жил бүр 500 мянга орчим хүнд, түүний дотор 200 мянга гаруй хүүхдэд шууд хүрч, Монгол Улсын нийт хүүхдийн 70 орчим хувьд эергээр нөлөөлж, өргөн цар хүрээтэй ажиллажээ.

Мөн Монгол хүмүүсийн хүмүүнлэгийн үйлст оролцох оролцоог нэмэгдүүлэх, хандлагыг өөрчилж, энэрэх сэтгэлийг олон нийтэд уриалан, тусламж дэмжлэг хэрэгтэй нэгэнд бодитоор туслах боломжийг нээх зорилгоор 2017 оноос “Монголчууд Монголчууддаа” хөтөлбөрийг нээсэн байна. Энэ хөтөлбөр нь өнөөдөр Монголдоо хамгийн олон ивээн тэтгэгчтэй хөтөлбөр болж, 1100 гаруй ивээн тэтгэгч 2000 орчим хүүхдэд тусламж дэмжлэг үзүүлснийг ойн баяраар онцлон тэмдэглэж байна.


Бусдын сайн сайхны төлөө гар сунган ажилласаар ирсэн Дэлхийн Зөн Монголынхон 30 жилийн ойгоо аль болох төсөв хэмнэж, дэмжигчдийнхээ тусламжтайгаар даруухан тэмдэглэж байна. Тэд “Анир” поп оркестртой хамтарч “Music in love” тоглолт зохион байгуулж, тоглолтынхоо орлогоор хөгжлийн бэрхшээлтэй 40 хүүхдийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих төсөл хэрэгжүүлэх гэж  байна.  


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Б.Баярбаатар: Ерөнхий сайд огцрох,чөлөөлөгдөх нь ялгаатай8 цаг 12 минутын өмнөМонгол Улс сүүлийн 30 жил уруудан, доройтсонд төрийн томилгоо нөлөөлсөн8 цаг 14 минутын өмнөХ.Тэмүүүжин: Хөшигний ард хэрүүл байгаа нь үнэн8 цаг 15 минутын өмнө"МАН-ын бага хурлын шийдвэрийг нэхэж авна"8 цаг 31 минутын өмнөЛ.Гантөмөр: Монголын парламентын хувь заяа яригдаж байна8 цаг 33 минутын өмнө“Хөгжлийн бэрхшээлтэй иргэн НДШ төлөөд тэтгэвэр, зээл авч чадахгүй байгаа нь үнэн”5 сар 28. 14:58Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийнэ5 сар 28. 14:57Төрийн албаны ачааны ихийг эмэгтэйчүүд үүрч байна5 сар 28. 14:56Засгийн газар огцорсон, огцроогүй5 сар 28. 14:55П.Алтан-Од: Улс орнууд кибер орон зайд хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал5 сар 27. 13:26Засгийн газaр ирэх онд эдийн засгийн эрх чөлөөг цогцлооно гэв5 сар 27. 13:25Хүүхэд, гэр бүлүүдэд туслахаар хаалгаа нээсэн Дэлхийн Зөн Монгол ОУБ 30 жилийн ойгоо тэмдэглэлээ5 сар 27. 13:24
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.