АН-ын даргад ГОРИЛОГЧДЫН албан бус CV


5-р сарын 27
13 цаг 23 минут

МАН-ын Бага хурлаас Хамтарсан засгаас АН-ыг гаргах шийдвэр гаргасан. Л.Оюун-Эрдэнийн хамтарсан засаг тарснаар АН-ын дарга Л.Гантөмөр албан тушаалаа өгөхөө олон нийтэд зарласан. Үүнтэй холбоотойгоор сөрөг хүчний дараагийн дарга хэн байх вэ гэсэн марафон ил далд өрнөж эхэлсэн. Л.Гантөмөрийн хувьд "Дараагийн намын дарга намаа хүчтэй, эвтэй байлгахад ур ухаан гаргадаг хүн байгаасай гэж хүсэж байна" гэдгээ ч намын нөхөддөө захисан юм.


АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛ

АН-ын дарга горилогчдын тэргүүн эгнээнд тэрбээр бичигдэх нь зүй ёсных. Хоёр парламент дараалан сөрөг хүчний бүлгээ удирдаж ирсэн О.Цогтгэрэлийн хувьд намдаа "Нэг Монгол" фракцийнх. Том улс төрд UBS фракцдаа багтах байх. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Хамтарсан Засгийн газрыг анхнаасаа эсэргүүцэж байсан. Энэ удаад тэрбээр "болох ёстой юм болдгоороо боллоо" гэж байр сууриа товч, тодорхой илэрхийлсэн юм. Мөн намын дарга өрсөлдөхөд бэлэн гэдгээ ч нуугаагүй.

Ямар ч байсан намын даргын төлөөх хүчтэй, мөнгө өрсөлдөгчийн нэг. АН хоёр тамгатай, хоёр даргатай байх үед АН-ын даргад сонгогдсон ч харамсалтай нь УДШ түүнийг бүртгэж аваагүй юм.

О.Цогтгэрэлийн хувьд өмнө нь Л.Гантөмөрийг АН-ын даргад балиашиглаж байсан. Бүртгэлгүй, тамгагүй АН-ын дарга байх үед О.Цогтгэрэлийн генсек нь Л.Гантөмөр байлаа. Тэрбээр  2012-2015 оны хооронд Монгол Улсын ерөнхий сайдын зөвлөх, 2015-2017 онд Увс аймгийн АН-ын дарга, 2020-2024 онд УИХ-ын гишүүн, 2024 онд УИХ-ын гишүүнээр мөн сонгогдсон. 2022 оноос хойш Ардчилсан Намын бүлгийн даргаар ажиллаж байна.

ХУУЛЬ ЗҮЙН САЙД АСАН Х.ТЭМҮҮЖИН

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин АН-ын даргад өрсөлдөх жагсаалтад зүй ёсоор бичигдэнэ. "МонДе" фракц. Мөн Л.Гантөмөрийн "Нэг ардчилал"-д харьяалагдаж байсан. Түүний хувьд ганцаарчилсан тоглолт ихтэй. Энэ нь түүний сул тал болох байх. Гэхдээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай нам дотоод дүрэм, журам болон улс төрийн намын тухай хуулийн дагуу даргаа нээлттэй сонгоно. Хэн ч байж болно гэсэн үг” гэх байр сууриас харвал тэрбээр өөрийгөө сойж байгаа нь тодорхой. Х.Тэмүүжингийн хувьд массын дэмжлэг муутай. УИХ-д жагсаалтаар хоёр удаа сонгогдсон ч хоёуланд нь листээр гарч ирсэн гэнэ. Тойргоос гарч чаддаггүй нь олон нийтийн дэмжлэгтэй улстөрч бишийг харуулна. Түүний хувьд АН-ын дарга болохоос илүү Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших амбицтай яваа. Гээд АН-ын дарга хэн болохоос Ерөнхийлөгчийн сонгуульд хэн өрсөлдөх нь хамаарна.

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН

УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа намаа ялагдуулсан хариуцлагаа хүлээж С.Эрдэнэ түүнд намын тамгаа үлдээснээр АН-ын хагарал, талцал эхэлсэн гэж хэлж болно. АН-ын даргаар С.Эрдэнийг ажиллаж байх үед Ерөнхий нарийн бичгийн дарга нь Ц.Туваан байсан юм.

Ц.Тувааны хувьд АН-ын тамгыг Женко.Баттулгад бараг тушаачих шахсан нь болсон явдал. Тиймээс С.Эрдэнэ буцан ирж, нэгэн цагт дарга, генсек явсан хоёр хүн хонь, чоно болж хувирсан.

АН-ын генсек явсны хувьд намын даргад өрсөлдөх нэрсийн жагсаалтад бий. УИХ-ын сонгуулийн дараа АН ялагдахад Л.Гантөмөр тамгаа өгөх ёстой гэсэн байр суурьтай байсан. Хамтарсан засгийн газарт Аж үйлдвэрийн сайдаар ажилласан агаад онгоцны түлшээ оросуудад өгөх асуудлаар нийгэмд нэлээд гөвүүлсэн. Бүлгийн дарга О.Цогтгэрэлтэй адил "Нэг Монгол"-ынх.  Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар АН-ын нэр дэвшигчдийн нэр удаа, дараа солих ажлыг Ц.Туваан хөшигний араас удирдаж ирсэн. АН-ын Тамгын газрын дарга Н.Лхагвадорж түүний хамаатан садан шахуу гэдгийг намынхан нь хүртэл ярьдаг.

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Ц.БААТАРХҮҮ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү мөн байж болох хувилбар. АН-ын генсекээр ажиллаж байсан туршлагатай. Хэн нэгний хүн гэх шошго түүнд наахад хэцүү. Аливаа асуудалд буурь суурьтай ханддаг нь түүний нэг давуу тал. Ямар ч байсан намаа хоёр хувааж, талцуулах хүн биш. Нөгөө талдаа ардчиллын амин сүнсээс урвахгүй кандитат. УИХ-д анх удаа сонгогдсон ч тэрбээр ногоон гэрлээр биш улс төрийн мерит зарчмаар дээшээ өгссөн. Дүүрэг, НИТХ гээд шат дараатайгаар улс төрийн албан тушаал хашиж ирсэн түүнийг наяад оныхон налах болов уу. АН-ын "Морьтон" фракцийн гишүүн. АН-ын шинэчлэх амбиц  ч түүнд бий байх. Тэрбээр АН-ын даргаар сонгогдлоо гэхэд гайхах юмгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН, УИХ-ЫН ДЭД ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн хувьд анхнаасаа л хамтарсан засгийг эсэргүүцэж ирсэн. Парламентын сонгуульд намаа ялагдуулсан хариуцлагаа хүлээж огцрохыг Л.Гантөмөр ил тод шаардаж байсан нэгэн. С.Баярцогтыг жийж, Х.Тэмүүжинг АН-ын жагсаалтад оруулсан гол хүмүүсийн нэг, адилхан "МонДе" фракц. АН-ын даргад горилогч дундаас УИХ-д удаан сууж буй улстөрч юм. Энэ нь түүний давуу тал болох байх. Хувь хүн нэлээд зальжин, мөн хүний мөс муутай гэгддэг. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч мөн горилж яваа нэгэн юм.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийг АН-ын даргад зүтгүүлж буй хүн Женко.Баттулга. "Алим модноосоо хол унадаггүй, Алтангэрэл Женкогоос хол явахгүй" гэдгийг хуулийн сайд хийсэн богино хугацаандаа харуулчихсан. Түүний өргөн барьсан авлигын эсрэг хууль үндсэндээ ардчиллын аранга болохоор байлаа. О.Алтангэрэлийн хувьд Х.Баттулгаар дамжин АН-д орсон хүн. Итгэл үнэмшил нь "эзэнтэй"-гээ маш ижилхэн. Ийм хүн АН-ын дарга болбол ардчилал, эрх чөлөөний аранга болно гэсэн үг.  МоАХ-д харъяалагддаг. Мөн "Морьтон"-д ч ордог.

 
 
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ч.ӨНӨРБАЯР
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлага түүнд бий. АН хоёр тамга, хоёр даргатай болох үед гол зарчим, үнэт зүйлээ хадгалж үлдсэн нэгэн. Өөрөөр хэлбэл, АН-ыг Х.Баттулгад "алчуур" болгохын эсрэг тэмцэж явсан нэгэн. Үндсэндээ өнөөдрийн АН-ыг нэг тамга, нэг толгойтой болоход Ч.Өнөрбаярын үүрэг оролцоо чамгүй. Зарчимч, бас үнэт зүйлдээ тууштай нэгэн.  Тэрбээр АН-ын даргаар сонгогдлоо гэхэд гайхах зүйлгүй. Харин ч АН-ын гоё имиж болж харагдах байх. АН-ын "Олуулаа" фракцийнх. Өнгөрсөн хугацаанд эрх баригчдын дарангуйллыг тууштай эсэргүүцэж ирсэн байдаг.
 
 
ШИНЭ ГОРИЛОГЧИД

Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, Гансүх  нарын нэрс ч сонсогдож байгаа. АН-ын дарга хэн болохоос Монголын ардчилал, аюулгүй байдал ч шалтгаална.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Б.Баярбаатар: Ерөнхий сайд огцрох,чөлөөлөгдөх нь ялгаатай8 цаг 9 минутын өмнөМонгол Улс сүүлийн 30 жил уруудан, доройтсонд төрийн томилгоо нөлөөлсөн8 цаг 11 минутын өмнөХ.Тэмүүүжин: Хөшигний ард хэрүүл байгаа нь үнэн8 цаг 12 минутын өмнө"МАН-ын бага хурлын шийдвэрийг нэхэж авна"8 цаг 29 минутын өмнөЛ.Гантөмөр: Монголын парламентын хувь заяа яригдаж байна8 цаг 30 минутын өмнө“Хөгжлийн бэрхшээлтэй иргэн НДШ төлөөд тэтгэвэр, зээл авч чадахгүй байгаа нь үнэн”5 сар 28. 14:58Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийнэ5 сар 28. 14:57Төрийн албаны ачааны ихийг эмэгтэйчүүд үүрч байна5 сар 28. 14:56Засгийн газар огцорсон, огцроогүй5 сар 28. 14:55П.Алтан-Од: Улс орнууд кибер орон зайд хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал5 сар 27. 13:26Засгийн газaр ирэх онд эдийн засгийн эрх чөлөөг цогцлооно гэв5 сар 27. 13:25Хүүхэд, гэр бүлүүдэд туслахаар хаалгаа нээсэн Дэлхийн Зөн Монгол ОУБ 30 жилийн ойгоо тэмдэглэлээ5 сар 27. 13:24
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.