Хиймэл оюун ухаанаар бүтээсэн урлагийн бүтээлийн анхны дуудлага худалдааг Британийн “Christie's” дуудлага худалдааны ордон 2018 онд анх зохион байгуулж, үнэ хаялцуулсан бүтээл нь 432 500 ам.доллароор зарагдаж байв.
Харин Хонконгийн зураач Виктор Вонг хүний гараар зурсан бүрсгэр тосон зураг мэт уг бүтээлийг эрс эргэлт авчирсан бүтээл хэмээн үзэхгүй байна. “Энэ бол хүний бүтээлийг дуурайснаас өөр зүйл биш” гэж тэрбээр хэлжээ. Тиймээс цахилгааны инженерийн мэргэжилтэй, киноны тусгай эффект, уран баримал зэрэг төрлүүдээр уран бүтээлээ туурвидаг тэрбээр өвөрмөц зүйлийг бүтээхээр шийдсэн байна.
Түүний бүтээл болох “AI Gemini” нь хиймэл оюунаар удирддаг робот бөгөөд Хятадын уламжлалт ландшафтын зургийг бүтээдэг байна. “Энэ бол дэлхийн анхны хиймэл оюун ухаан бүхий бэхээр зурдаг зураач юм” гэж В.Вонгийг төлөөлдөг 3812 Gallery мэдээлжээ. “AI Gemini” нь “Google”-ийн ижил нэртэй хиймэл оюуны чатботтой ямар ч холбоогүй юм. Харин будгийн багс барьсан дахин програмчлагдсан робот гар нь В.Вонгийн сонгосон алгоритмын дагуу зургийг зурдаг байна.
Хятад улс Сарны цаад тал руу явагч аппарат илгээснээс санаа авсан нэгэн цуврал зургийг бүтээхдээ НАСА-гийн 3D Сарны газрын зургийг мэдээллийг ашиглажээ. Тэрбээр мөн хувьцааны үнэ гэх мэт мэдээллийг ашигласан бөгөөд хувьцааны индексийн өсөлт, бууралтыг уул хөндийг дүрслэхэд ашиглах боломжтой байв. Нэг м өндөр, өргөнтэй зургийг бүтээхэд 8-10 цаг зарцуулдаг гэж тэрбээр хэлжээ. В.Вонг “AI Gemini”-г гаргаснаасаа хойш Хонконг, Шанхай, Тайбэй, Лондонд үзэсгэлэнгээ толилуулсан байна. Түүний зургууд 20 мянга орчим ам.доллароор зарагдсан бөгөөд Хонконгийн агаарын тээврийн “Cathay Pacific” зэрэг компаниудын төслүүд дээр ажиллажээ.
Сэтгэгдэл бичих