Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас өнөөдөр /2025.05.26/ мэдээлэл хийлээ.
Ирэх сарын 10-наас барилга, барилгын материалын тусгай зөвшөөрлийг хялбарчилж, хүний оролцоогүй 100 хувь цахимаар олгохоор болсон байна.
ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.ТӨМӨРХҮҮ:
-Зургадугаар сарын 10-наас барилгын тусгай зөвшөөрлийн үйлчилгээ бүрэн цахимжина. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зөвшөөрлийн зөвлөлөөс улс даяар олгогдож буй тусгай зөвшөөрлүүдийг нэгдсэн нэг системээр олгож эхлэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас олгодог Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг license.mn зөвшөөрлийн нэгдсэн системээр дамжуулан олгохоор боллоо.
Зөвшөөрлийн нэгдсэн систем license.mn Монгол Улсад тусгай зөвшөөрөл, эрх зүйн баримт бичиг, зөвшөөрөл шаардах үйл ажиллагааг нэг цонхоор цахимаар шийдвэрлэх зорилготойгоор хөгжүүлсэн бөгөөд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагааг зөвшөөрлийн нэгдсэн системээр олгодог болсноор хэд хэдэн шинэчлэлтүүд гараад байгаа.
Сэтгэгдэл бичих