"BLACKPINK" хамтлаг энэ онд цоо шинэ дуутайгаар бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирнэ гэдгийг "YG Entertainment"-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх продюсер Ян Хюн Сук хэллээ. Гэхдээ тодорхой огноо дурдсангүй. Энэхүү шинэ дуу нь тус хамтлагийн хоёр жил найман сарын дараах анхны уран бүтээл болно. Хамгийн сүүлд 2022 оны есдүгээр сард "BLACKPINK" хамтлаг "Born Pink" цомгоо гаргасан билээ.
Түүнчлэн "BLACKPINK" хамтлаг ирэх долдугаар сарын 5, 6-нд "Deadline" нэртэй дэлхийн аялан тоглолтоо эхлүүлэх гэж байна.
Ян Хюн Сук "YG Entertainment"-ийн бусад хамтлагийн төлөвлөгөөг ч танилцуулжээ. Дебют хийгээд удаагүй "Babymonster" хамтлаг долдугаар сарын 1-нд "Hot Sauce" шинэ уран бүтээлээ цацна. Энэ нь 1980-аад оныг мэдрүүлэх хип хоп төрлийн дуу бөгөөд сонсогчдодоо зугаатай зуныг бэлэглэнэ гэж найдаж байна. 40-өөд жилийн өмнөх сонгодог хип хоп төрлийг туршиж үзтэл маш амжилттай болсон талаар Ян Хюн Сук хуваалцав.
Харин "TREASURE" хөвгүүдийн хамтлаг есдүгээр сарын 1-нд шинэ уран бүтээлээ толилуулж, аравдугаар сард дэлхийн тойрон аялан тоглолтоо эхлүүлнэ.
Эдгээрээс гадна "YG Entertainment" дөрвөн гишүүнтэй шинэ охидын хамтлаг гаргаж ирэх төлөвтэй байна. Охидын хамтлагийн гишүүн тус бүрийн дасгал сургуулилалтуудын бичлэгийг ирэх Лхагва гаригаас эхлэн цахим сүлжээнд цацах аж. Одоогоор "YG Entertainment" хөвгүүдийн хоёр, охидын хоёр хамтлаг бэлдэж байна.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP
Сэтгэгдэл бичих