Москва хотын Улаан талбайд Ялалтын баярын сүрт жагсаал ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Кремлийн хонх цохисны дараа хүндэт харуулын цэргүүд ОХУ-ын төрийн далбаа болон Ялалтын тугийг Улаан талбайд залж авчирлаа.
Парадыг командлагч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч Олег Салюков ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Алексей Белоусовт ёслон цэргүүд баярын сүрт жагсаалд жигдрэн жагсаж бэлэн болсныг илтгэв. А.Белоусов, О.Салюков нар хоёр лимузин автомашинаар парадад оролцохоор хайрцаглан жагссан цэргийн эгнээг тойрон явж мэндчиллээ.
Парадыг нээж Ерөнхийлөгч В.Путин үг хэлэхдээ, манай гаргийн хүн амын 80 шахам хувь нь Дэлхийн II дайнд татагдан оролцсон гэдгийг онцлон дурдлаа. “Дэлхийн хүн амын бараг 80 хувь нь гал дүрэлзсэн дайны хүрээнд татагдан орсон юм. Нэгдсэн Үндэстнүүдийн хамтын хүчээр Нацист Герман, милитарист Япон болон тэдний холбоотнуудыг дэлхийн өнцөг булан бүрд бүрмөсөн бут цохисон юм” гэж В.Путин хэллээ.
Нацизмыг ялагчдыг гүтгэхийг Орос улс хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж тэрбээр онцлон тэмдэглэв. В.Путин хэлэхдээ, "Бид Дэлхийн II дайны сургамжийг үргэлж санаж, түүний үйл явдлыг гажуудуулах, алуурчдыг өмгөөлөх, жинхэнэ ялалтыг авчирсан хүмүүсийг гүтгэн доромжлох оролдлогыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй" гэлээ.
ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас мэдэгдсэнээр, тус парадад цэргийн тусгай ажиллагаанд оролцож буй 1500 цэргийг оролцуулаад нийт 11 мянга гаруй цэргийн албан хаагч оролцжээ. Мөн Азербайжан, Вьетнам, Беларусь, Египет, Казахстан, Хятад, Киргиз, Лаос, Монгол, Мьянмар, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг 13 орны цэргийн алба хаагчид парадад жагслаа.
Парадад анх удаа нисгэгчгүй системийн 7-р тусгай хорооны цуваа оролцож, Орлан-10, Орлан-30, ЗАЛА, Лансет-51, Лансет-52, Харпиа, Герань зэрэг олон төрөл загварын нисгэгчгүй нисдэг аппаратуудыг олон нийтэд үзүүллээ.
Зэвсэг техникийн парадын тэргүүнд Аугаа Эх орны дайны ялалтын бэлгэ тэмдгүүдийн нэг болох Т-34 танк явж өнгөрөв. Улаан талбайгаар С-400 “Триумф” зенитийн пуужингийн систем, "Ярс" пуужингийн хөдөлгөөнт цогцолбор зэрэг орчин үеийн зэвсэглэлүүдийг тээсэн хуягт болон дугуйт техникүүдийн цуваа явж өнгөрлөө.
ОХУ-ын Агаар-Сансрын хүчний "Русские Витязи" баг Су-30СМ нисэх онгоцоор, "Стрижи" баг "МиГ-29" болон "Су-25" дайрагч онгоцуудаар уран жолоодлогын үзүүлбэрээ толилуулснаар Аугаа Эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслолын парадыг сүр жавхлантайгаар хаалаа.
Парад эхлэхийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ялалтын баярын үйл ажиллагаанд уригдан ирсэн гадаад улсуудын төрийн тэргүүн нарыг Кремлийн ордны Сүлдэт танхимд угтан авлаа. Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор гадаадын 29 орны удирдагчид хүрэлцэн иржээ.
Парад дууссаны дараа Ерөнхийлөгч В.Путин гадаад улсуудын төрийн тэргүүн нарын хамтаар Улаан талбай дундуур алхсаар Александрын цэцэрлэгт очиж, Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшинд цэцэг өргөлөө.




Сэтгэгдэл бичих