Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа


5-р сарын 8
19 цаг 57 минут

Орхон аймаг Эрдэнэт хотын хөгжлийн үзэл баримтлалыг танилцуулах, ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Хойд бүс- Эрдэнэт 2025” эдийн засгийн форум тавдугаар сарын 6-ны өдөр боллоо. Аймгийн ЗДТГ-аас Эрдэнэт үйлдвэртэй хамтран анх 2017 онд “Бизнес форум” нэрийн дор аймгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалт татах, Эрдэнэт хотоо хөгжүүлэх,  иргэдээ ажилтай, орлоготой байлгах орон нутгийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлээр хэлэлцэж эхэлсэн форумыг хоёр жил тутамд зохион байгуулах болжээ.

Энэ жилийн тав дахь удаагийн форумаар дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй хиймэл оюун ухаан, дата өгөгдөл бүхий AI технологийг хөгжлийн хурдасгуур болон ашиглаж, бүтээлч, ухаалаг, тогтвортой ирээдүйн төлөө “Хойд бүс-Эрдэнэт 2025” эдийн засгийн форум зохион байгуулав.


Энэ үеэр Эрдэнэт хотыг 2036 он хүртэл хөгжүүлэх бодлогын чиг хандлага, хамтын ажиллагааны шинэ санаа, бизнесийн тогтвортой орон зай, бүс нутгийг хөгжил цэцэглэлтэд хөрөнгө оруулалт хийж, үр өгөөж хүртэх гарц шийдлийг хайж байна. Засгийн газраас 2025 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, бүсийн хөгжлийг иргэд олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэхээр шийдвэрлэсэн.

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түшиглэж 1976 онд байгуулагдсан Эрдэнэт хот өдгөө 106387 хүн амтай, хүн амын тоогоороо нийслэлийн дараа орох Монгол Улсын хоёр дахь том хот. Эрдэнэт хотын нэг хүнд ногдох ДНБ 39.9 сая төгрөг бөгөөд энэ үзүүлэлтээрээ улсдаа мөн хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. 30 мянга гаруй өрхтэй, үүний 47.5 хувь нь орон сууцанд амьдардаг гэх мэт үзүүлэлтийг дурдахад хөгжлийн хувьд улсдаа боломжийн мэт боловч бүх зүйл тийм сайн биш байгааг Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр форумын индрээс онцлов.

Уул уурхайн орлогыг үл тооцвол эдийн засгийн өсөлтөөр Эрдэнэт 21 аймгаас 19-рт, нэг хүнд ногдох ДНБ-ээрээ 7.4 сая төгрөг буюу баруун хязгаар Увс аймгийн дараа орно. Увс аймаг 7.5 сая гэсэн дүнгээр Эрдэнэтийн өмнө зогсож байна. Нэг салбараас хэт хараат эдийн засаг урт хугацаандаа эрсдэлтэйг аймгийн удирдлагууд хүлээн зөвшөөрч, эдийн засгаа солонгоруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх шатандаа орж буйг “Хойд бүс- Эрдэнэт 2025” эдийн засгийн форумын үеэр танилцууллаа.

Б.ЗОРИГТБАЯР: ЭРДЭНЭТИЙН ЕСӨН БАЙРШИЛД 9296 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА

Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр Эрдэнэт хотын хөгжлийн шинэ үзэл баримтлалыг танилцуулав. Ирээдүйн Эрдэнэт хотын хөгжлийн үзэл баримтлалыг 12 жилээр буюу нэг үеийг дөрвөн жилээр тооцон төлөвлөж, Монгол Улсын Засгийн газрын бодлого болон холбогдох хуулийн хүрээнд боловсруулжээ. 

Эрдэнэтийн иргэд бүтээлч буюу шинийг санаачлагч, санаачилсан бүхэн нь байгаль орчинд ээлтэй, нөхөн сэргээгдэх баялаг байх ёстой. Газар нутаг багатай, уул уурхайтай зэрэгцэн оршдог, усаа холоос татдаг, хөдөө аж ахуйн бэлчээр багатай тул илүү ухаалаг, хэмнэлттэй, хүрээлэн буй орчиндоо ээлтэй амьдрах дэлхийн чиг хандлага руу эрдэнэтчүүд эртнээс шилжих цаг болсныг Засаг даргын илтгэл танилцуулгаас ойлгож болохоор байна.

 

Засаг дарга Б.Зоригтбаяр, Тогтвортой хөгжлийн судалгаанаас харвал хүлэмжийн хийн ялгаруулалтаар Эрдэнэт улсдаа тэргүүлдэг. Тиймээс эрдэнэтчүүд ухаалаг байх шаардлагатай. Энэ нь усаа хэмнэдэг, цаасны хэрэглээг багасгаж цахимд шилжих, орон нутгийн удирдлагуудын хувьд судалгааны үндэстэй шийдвэр гаргадаг байх хэрэгтэй гэж үзэж байна.

Эрдэнэт эдийн засгийн өсөлтөөрөө улсдаа тэргүүлж ирсэн ч цаашид байгаль орчин, нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлогыг тэнцвэртэй авч хэрэгжүүлэх, Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж ажиллах шаардлага тулгарсан гэдэгтэй санал нэгджээ. Үүний хүрээнд 2025-2028 онд дараах төслүүдийг хэрэгжүүлнэ.

  • “Эрүүл, оюунлаг хот”- Боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарыг хамруулсан 12 дэд төсөл хэрэгжүүлнэ. Сургууль, цэцэрлэг барих, хүүхэд гэрийнхээ ойр цэцэрлэг, сургуульд явах, анги дүүргэлт цэцэрлэгт 20-25, сургуульд 25-30 байх, хүүхэд сурч хөгжих таатай орчин бүрдүүлнэ гэж төлөвлөжээ.
  • “Ухаалаг хот”- орон сууцжуулах, нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээний чанар, ногоон байгууламж, биотехнологийн үйлдвэрүүдийг байгуулах зэрэг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 24 дэд төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
  • “Цэвэр агаартай хот”- Агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох, инженерийн дэд бүтцийн шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, авто зам засварлан өргөтгөх, орон сууц барих, гэр хорооллын нүүрсний хэрэглээг бууруулах зорилтуудыг төлөвлөж, энэ ажил төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоо хамгийн чухал болохыг онцлон тайлбарлав. 

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнээс Эрдэнэтийн есөн байршлын 226 га талбайд 9296 айлын орон сууц барих ажлыг ирэх жилээс хэрэгжүүлнэ. Энэ гурван агуулгыг хүрээнд 60 дэд төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөө дурдаж, форумын үеэр төсөл нэг бүрээр орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчдэд танилцуулж байв.

21 АЙМГААС АНХ УДАА ОРХОН АЙМАГ “ЭРДЭНЭТ БОНД” ГАРГАНА


Булган аймагт дөрөвдүгээр сарын 28-нд болсон Хойд бүсийн чуулган Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр 21 аймгаас анх удаа Орхон аймаг “Эрдэнэт бонд” гаргах шийдвэрлэжээ. Тиймээс тус аймаг орон нутгийн төсөв болон Эрдэнэт үнэт цаас гаргах, Эрдэнэтэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн байгууллагуудаас орж ирэх болон гадаад, дотоод хамтын ажиллагаа, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 978 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт босгож, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Энэ удаагийн форумын өмнөх эдийн засгийн форумуудаас ялгарах онцлог нь хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ мөнгөн дүнтэй, мөнгөн дүнг аль эх үүсвэрээс оруулж ирэхийг тодорхой танилцуулсанд оршиж байгааг Засаг дарга Б.Зоригтбаяр илтгэлийнхээ төгсгөлд онцлов.

УЛААНБААТАРЫН АРААС ОРОХГҮЙН ТУЛД ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙН АСУУДЛАА ОДОО Л ШИЙДЬЕ

“Ухаалаг хот” төслийн талаар Орхон аймгийн ЗДТГ-ын Хамтын ажиллагаа, гадаад дотоодын төсөл хөтөлбөр хариуцсан удирдагч Б.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.