Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэх дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6 сая ширхэг энгийн, нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9 сая ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гаргана.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан. Дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа "Хөгжлийн банкны дүрмийн санг Засгийн газраас 1.5 тэрбум төгрөгөөр нэмсэн. Бид өр авлагаа нэлээн цэгцэлсэн. Банкны санхүүгийн үзүүлэлтүүд сайжирсан тул бид шинэ эх үүсвэр татах боломж бүрдлээ. Дотоод, гадаадын зах зээлд үнэт цаас гаргана. Өнөөдрийн байдлаар 1.2 их наяд төгрөгийн авлага барагдууллаа. Цаана нь 700-800 тэрбум төгрөгийн муу авлага бий. Үүнийг багцлан хоёр дахь зах зээлд худалдана" гэв.
Багахангай-Хөшигийн хөндийн салаа төмөр замын санхүүжилтийг Хөгжлийн банк 100 хувь гаргахгүй. Дотоодын таван банктай хамтран синдикат маягийн үнэт цаас гаргах юм.
Энэ төмөр замын нийт өртөг 1.3 их наяд төгрөг. Тус банк системийн 5 банктай хамтран гүүрэн зээл олгоно. Дараа нь, оны эцсээр Хөгжлийн банк зээл төлнө. Тэр хүртэл тус банк бонд гаргах хангалттай хугацаа бий. Салаа төмөр зам 5-8 жилд гаргасан зардлаа нөхнө гэв.
Сэтгэгдэл бичих