Нийгмийн даатгалын сан/НДС/-гийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг энэ сарын эхээр жилийн 15 хувийн хүүтэй системийн нөлөө бүхий дөрвөн банкинд хадгалуулснаар 108 тэрбум төгрөгийн хүүгийн өгөөж хүртэх болжээ. Тодруулбал, дээрх мөнгийг жилийн хугацаатай хадгалуулахад хүүгийн өгөөж нь 108 тэрбум төгрөг болж байгаа юм.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу НДС-гийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд хадгалуулах шийдвэр гаргасан нь энэ аж. Системийн нөлөө бүхий банкинд Хаан, Голомт, ХХБ, Төрийн банк хамаардаг юм.
Өмнө нь НДС-ийн чөлөөт үлдэгдлийг жилийн гурван хувийн хүүтэй банкинд хадгалуулдаг байсан. Түүнтэй харьцуулахад хүү тав дахин нэмэгдээд буй. Мөн дээрх банкууд олон нийтийн болсон. Иймээс хяналт сайжирсан гэсэн үг.
Сануулахад, НДС-ийн чөлөөт үлдэгдлийг өмнө нь найдваргүй банкинд байршуулснаас үүдэж даатгуулагчдын 100 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг хэзээ барагдуулах нь ойлгомжгүй байгаа. УИХ-ын гишүүн, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тус яамыг удирдах удирдах болсон цаг үеэс даатгуулагчдын мөнгөн хөрөнгийг буцаан төлүүлэх асуудлаар хуулийн байгууллагын нэр бүхий хүмүүстэй уулзаж, хохирлыг барагдуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг удаа хүссэн байдаг.
Уг нь анх 2019 онд Капитал банкнаас 104.2 тэрбум төгрөг нэхэмжлэх шийдвэрийг шүүхээс гаргасан бөгөөд 2024 оны наймдугаар сарын 24-ний өдрийн байдлаар 36.9 тэрбум төгрөгийн төлбөр барагдаж, 67.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Чингис хаан банкнаас нийт нэхэмжилсэн 103.57 тэрбум төгрөгөөс нийт 7.98 тэрбум төгрөг төлөгдөж, үлдэгдэл 95.6 тэрбум төгрөг барагдалгүй өнөөдөртэй золгоод буй.
Г.ХОРОЛ
Сэтгэгдэл бичих