400 рентген цацраг гэдэг нь атомын цахилгаан станцын ослын үеийн нөхцөл юм


5-р сарын 7
15 цаг 37 минут

2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Mongolian Guree нэртэй хаягаас “Улаанбадрахын иргэд яг одоо 400 рентгэнд зэрэг орж байгаатай ижил цацрагаар хордож байна, аймаглан устгах ажиллагаа эрчимтэй явагдаж байна” гэсэн бичлэг нийтэлжээ. Энэхүү текстийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн зурагтай, “Улс өөрөө нууцаа хамгаалах ёстой, сэтгүүлчид нууц задлах ёстой” гэсэн бичигтэй зургийн дээр оруулсан байна.

Уг бичлэг нь 671 реакц, 111 сэтгэгдэл авч, 534 удаа цааш түгээгджээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

Улаанбадрах суманд уран олборлолтын үйл ажиллагаа эхлээгүй

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны гурван орд бий. Тухайлбал Дулаан-Уул(18916), Зөөвч-Овоо(18915) ,Өмнөт (18914) гэсэн гурван газарт “Бадрах энержи” ХХК нь ашиглалтын лиценз эзэмшиж байна.

  • Энэ талаар “Бадрах Энержи” ХХК-ийн олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Өнөөдөр ураны олборлолтын үйл ажиллагаа хийгдээгүй байгаа, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үндсэн олборлолтыг  бүтээн байгуулалтын үе шатыг хийсний дараа эхлүүлнэ. Гэрээ ёсоор бэлтгэл үе шат 4 жил үргэлжлэх бол үндсэн олборлолт үүний дараа эхлэх ёстой” гэж бидэнд мэдээлсэн юм.

2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан.

Уг гэрээний 3.4-т Төсөл хэрэгжих үе шатыг зааж өгсөн. Үүнд

  • “а. Төслийн үйл ажиллагаа дараах үе шатуудад хуваагдана.

(i) Бүтээн байгуулалтын үе шат;
(ii) Уурхайн ашиглалтын үе шат;
(iii) Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн үе шат.

  • b. Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компани нь Бүтээн байгуулалтын үе шатыг дөрвөн (4) жилийн дотор дуусгахыг эрмэлзэнэ” гэжээ.

Түүнчлэн Улаанбадрах суманд уран олборлолт явагдаж байгаа эсэхийг тус сумын ЗДТГ-ын дарга М.Хишигбаяраас тодруулахад “уран олборлолт явагдахгүй байгаа” хэмээн бидэнд мэдээлсэн юм.

2025 оны гуравдугаар сарын 25-нд хийсэн хяналт шинжилгээгээр “Улаанбадрах сумын цацрагийн хэмжээ хэвийн түвшнээс хэтрээгүй” гэжээ.

Мал эмнэлэгийн ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Цөмийн энергийн комисс, Цацрагийн хяналтын лаборатори зэрэг ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2025 оны гуравдугаар сарын 25-нд Улаанбадрах суманд ажиллаж, тухайн газар орны мал, ус, бэлчээр, хөрснөөс дээж авч шинжилжээ.

Тухайлбал, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч Цэрэнчимэг “Тус бүс нутгийн хүн малын ундаалдаг гүний худаг, малын хашаа, бэлчээрийн газар дээр хийсэн гамма цацрагийн хэмжилтийн дүн байгалийн дэвсгэр түвшин 0.20 микросивертээс хэтрээгүй байна гэсэн үзүүлэлттэй гарсан” гэв.

Mикросиверт(μSv) гэдэг нь ионжуулагч цацрагийн хүн, малын биед үзүүлэх нөлөөллийг хэмжих нэгж бөгөөд 1 микросиверт = 0.000001 сиверт байдаг аж. Сиверт (Sv) нь цацрагийн тунгийн биологийн нөлөөллийг хэмждэг стандарт нэгж юм.

Улаанбадрах сумын иргэд 400 рентгений цацрагийн тунтай тэнцэх хэмжээний цацрагийн хордлогод өртөж байна гэх мэдээлэл нь шинжлэх ухааны үндэслэлгүй

400 рентген (R) гэдэг нь ойролцоогоор 4 сиверт (Sv) буюу 4000 миллисиверт (мЗв)-тэй тэнцэнэ. Энэ хэмжээний цацрагт богино хугацаанд өртөх нь хүний биед ноцтой хохирол учруулж, цацрагийн хурц хордлого үүсгэх, улмаар амь насанд хүргэх аюултай байна. 400 рентген цацраг гэдэг нь атомын цахилгаан станцын ослын үед гарах боломжтой тун. Жишээлбэл, 1986 онд гарсан Чернобилийн атомын цахилгаан станцын ослын үед зарим ажилчид, гал сөнөөгчид 6–16 Sv тунгаар цацрагт өртсөн нь амь насаа алдах тун юм. 4 Sv-д (4000 мЗв) өртсөн хүн эмчилгээ хийлгэхгүй бол нас барах магадлал 50–90% гэжээ.

  • Рентген (R): Ионжсон цацрагийн агаар дахь хэмжээг илэрхийлдэг нэгж бөгөөд голчлон гамма болон рентген туяаны хүчлэгийг хэмжихэд ашиглагддаг.​
  • Зиверт (Sv): Ионжсон цацрагийн хүний биед үзүүлэх биологийн нөлөөллийг хэмжих SI нэгж юм.

Цацрагийн тун нь бие махбодид шингэсэн цацрагийн хэмжээг илэрхийлдэг бөгөөд миллизиверт (mSv) эсвэл рем (rem) нэгжээр хэмжигддэг. 1 рем нь 10 мСв-тэй тэнцэнэ. Олон улсад миллизивертийг ашигладаг бол АНУ-д ремийг илүү түгээмэл хэрэглэдэг.​ Доор хүснэгтэд цацрагийн тун болон хүний биед үзүүлэх нөлөөллийг жишээгээр харууллаа.

Шалгасан мэдээлэлд дудсанаар тооцоолол хийвэл, хамгийн сүүлд хийсэн хэмжилтийн үр дүн болох 0.20 µSv/цаг гэсэн байнгын өртөлттэй орчинд байснаар 400 rem тунг авахын тулд 2,200 гаруй жил хэрэгтэй болно.

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

ЭХ СУРВАЛЖ, ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД
Шалгасан мэдээлэл (Архивласан хувилбар)
Эх сурвалж
Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газруудын талаарх мэдээлэл
Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан тухай мэдээлэл
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (Centers for Disease Control and Prevention – CDC) албан ёсны цахим хуудас
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уранаас үүдэлтэйгээр байгаль орчин, мал амьтанд нөлөөлөл үзүүлж байгаа эсэх талаарх хяналт шалгалтын дүнгийн талаарх мэдээлэл
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл

 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа5 сар 9. 19:27БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ5 сар 9. 19:26Нийслэлийн хэмжээнд дараах найман байршилд мод тарих боломжтой5 сар 9. 19:24ЕБС, их, дээд сургуулийнханд төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөв5 сар 9. 19:24Маргааш болох дугуйтай парадын үеэр ХААХ ЗАМУУД5 сар 9. 19:23Улаан талбайд Ялалтын 80 жилийн ойн парад боллоо5 сар 9. 19:20Ирэх долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд5 сар 9. 19:19Ханын материалд 3000, Баянхошуунд 5000 айлын орон сууц барина5 сар 9. 19:17Нийтийн тээврийн дараах 42 чиглэлд өөрчлөлт орно5 сар 9. 19:13Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна5 сар 9. 19:11“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.