Зурагт ном бол хүүхдүүдтэй ярилцах гүүр юм


5-р сарын 2
13 цаг 06 минут

Хүүхдийн ертөнцийг тэдний хэлээр, тэдний өнцгөөс харж, уран сэтгэмжээр дүүрэн зурагт номууд бүтээдэг “Болжмор Эдү” компанийн үүсгэн байгуулагч, зохиолч Б.Энхжаргалтай ярилцлаа. Тэрээр саяхан "Дуусдаггүй Худалч ном" хэмээх шинэ бүтээлээ уншигчдын гарт хүргээд байгаа бөгөөд энэхүү бүтээлээрээ хүүхэд бүрийг зохиолч, зураач байж болно гэдгийг сануулсан. Зохиолчтой номынх нь онцлог,  зурагт номын үнэ цэн, ач холбогдлын тухай ярилцсан юм.

-Хүүхдийн зурагт номын ертөнцөд хөл тавих болсон шалтгаанаас яриагаа эхэлье                                                                   -Сэтгэлийн дуудлага, эсвэл хувь тавилан л намайг энэ зам руу хөтөлсөн болов уу. Би нийгмийн ажилтан мэргэжилтэй ч 2017 оноос бичиж эхлэн энэ гайхалтай ертөнцөд татагдан татагдсаар 2020 оноос хүүхдийн номын ертөнцөд эргэлт буцалтгүй орсон. Олон хүн намайг “Бөөлхний зүүдний найзууд”, “Барилгачин бөөлхөн” зэрэг номоор маань мэддэг. “Бөөлхөн” бол хүний эрх, ялгаатай байдлын тухай ойлголтыг хүүхдэд хүргэдэг дүр. Би Бөөлхнийг ялгаатай байдлын улсад хүргэсэн бол энэ дүр намайг олон сайхан учрал бэлэглэх хүүхдийн номын ертөнцөд хөтөлсөн.  

-“Дуусдаггүй Худалч ном”-ын санаа хэрхэн төрөв? Ер нь та зохиолын санаагаа яаж олдог вэ?                                              -Би багаасаа их ажигч хүүхэд байсан. Хүмүүсийн үг, сэтгэл хөдлөл, гуниг, баяр баясал зэргийг ажиглаад л байдаг. Тэр мэдрэмжүүдийг л өөрийнхөөрөө шингээж, зохиол болгодог. “Дуусдаггүй Худалч ном”-ын санаа охиныгоо углаашаа хайж байхыг хараад  төрсөн.  Тэр углааш нь завь болж, хүүхэд нэгэн адал явдалд гардаг түүх болж хувирсан.

-“Дуусдаггүй Худалч ном” нэрийн тухайд?                                                                                                                                         -Энэ номын үйл явдал өрнөл хэсэг дээрээ дуусдаг. Цааш хүүхэд өөрөө зохиолоо үргэлжлүүлэн бичиж, зурна. Ингэснээр хүүхэд бүр зохиолч, зураач байх боломжийг олгож байгаа юм, тэр утгаараа “дуусдаггүй” гэсэн тодотголтой. Үүний дүнд хүүхдийн төсөөлөл, бүтээлч байдал нь хөгжихөөс гадна эцэг эхчүүд хүүхэдтэйгээ үнэн, худлын талаар яриа өрнүүлэх, хүсэл мөрөөдөл, айдас, мэдрэмжийг нь танин мэдэхэд гүүр болох зорилготой ном.

-Хүүхэд насны тань дурсамж  зохиол бүтээлд тань нөлөөлдөг үү?                                                                                                 -Би төрөлхийн түнхний мултралтай төрсөн. Мэс заслын улмаас багадаа хэдэн жилийг хэвтрийн байдалд өнгөрөөсөн. Бусад хүүхдүүд гадаа гүйж тоглож байхад би гэрийнхээ гадаа болжмор, шоргоолж ажиглаж суудаг байлаа. Энэ бүх ажиглалтаас л төсөөлөл, уран сэтгэмж маань хөгжсөн болов уу. Бүдүүн болжморыг аав нь, арай жижгэвтэр бол хүүхэд нь гэж төсөөлдөг байлаа.  

 

-Хүүхдийн номд ямар агуулгыг шингээхийг зорьдог вэ?                                                                                                                  -Хүүхдийн сэтгэлзүйг ойлгож, амьдралын шилжилтийн үеийг нь дэмжихийг эрмэлздэг. Жишээ нь, “Цэцэрлэгт юу болдог вэ?” номыг охиныхоо асуултаас санаа авч бичсэн. “Өвөө тэнгэрт байгаа бол миний захидлыг авна биз дээ?” гэх гурван настай охины минь  асуулт  хүүхэд мэдэхгүй байгаа ертөнцийнхөө талаар олон асуулт тээж явдгийг надад ойлгуулсан. Тиймээс цэцэрлэг, сургуульд орох шилжилтийн үед хүүхдэд хань болох ном бүтээе гэж бодсон юм. Ээж аав нар хүүхдэдээ юмсыг тайлбарлахдаа хэтэрхий хол төсөөллөөр учирладаг. 

skip-share

Хүн амьдралынхаа турш найман хямралт үеийг давдгийн тав нь хүүхэд насанд тохиодог гэх судалгаа бий. 

Хүүхэд нас тийм ч амар үе биш гэдэгт энэ үг ч, охины минь асуулт ч хариулт болсон. Хүүхэд цэцэрлэгт ороход аав ээж нь шинэ хувцас, дэвтэр харандаа авч өгдөгтөө баярладаг байхад хүүхдийн хувьд шив шинэ тэр ертөнц айдастай санагдах жишээний. Тиймээс “Цэцэрлэгт юу болдог вэ?” номоор хүүхдүүдэд өөрийнх нь хэлээр шинэхэн ертөнцийн талаар ойлголт өгч  туслахыг зорьсон.

-Нийт хэчнээн ном бичсэн бэ?                                                                                                                                                               -2017 оноос хойш нийт 12 хүүхдийн зурагт ном гаргасан байна. Сүүлийн бүтээл маань “Дуусдаггүй Худалч ном”.  

-Зурагт номын онцлог нь юу вэ? Хүүхдийн насны онцлогт тохирсон бүтээл гаргахад зохиолчоос судалгаа их шаардах байх?                                                                                                                                                                                                              -Би “Цэцэрлэгт юу болдог вэ?” номоо бичихдээ 10 гаруй цэцэрлэгт 500 орчим хүүхдийн дунд ажиглалт, судалгаа хийсэн. Өглөө цэцэрлэг дээр нь очоод нэг буланд нь өдөржин харж сууна. Ажиглаж суухдаа хоёр, гурван настай хүүхэд ямар байдаг, таван настай хүүхдийн сэтгэхүй хэр өндөр төвшинд хөгжсөн байдгийг мэдсэн. 

Мөн “Сургуульд юу болдог вэ?”  номыг бичихдээ боловсрол гэж чухам юу болох, хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг, хүн зөвхөн тоо бодож, бичиж сурахын тулд биш мөрөөдлөө олох гэж сурдгийг зохиолдоо тусгасан. Зурагт номын онцлог бол зураг нь уншиж сураагүй хүүхдийг ч хөтөлж чаддагт оршдог. Зохиол болгон өөр үйл явцтай. Зарим зохиолын санааг нэг секундэд, заримыг нь хэдэн сар судалж байж олдог.  

 

-Зурагт ном хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ?                                                                                                                        -Зурагт ном  хүүхдийн нийгэмшил, танин мэдэхүйн хөгжил, цаашлаад бие махбодод хүртэл нөлөөлдөг. Охиноо харж байхад анхаарал төвлөрөл сайтай, үгийн утгыг хурдан ойлгодог, бичих унших чадвар нь ч сайн хөгжсөн. Энэ бүхэн зурагт номтой ойр өссөний үр дүн гэж боддог.  

-Ирээдүйд зурагт номын салбарт юу хийхийг зорьж байна вэ?                                                                                                       -Хүүхдүүдэд уншлага хийхэд хайр дүүрэн мэдрэмжийг авдаг. Мөн ном уншиж, зурагт номоор аялж буй хүүхдийн гал цогтой нүднээс урам авна. Үлгэрийн цагт эцэг эхчүүд хүүхдээ дагуулж ирэхэд л  би хүүхдүүдтэй уулзаж байна. Тиймээс эцэг эхчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй. Хүүхдийн ертөнцийг хүндэлдэг үлгэр, зурагт номтой ойр халуун дулаан гэр бүл олон болоосой гэж хүсэж байна.   Зурагт ном бол хүүхдүүдтэй ярилцах гүүр юм.

Би “Дуусдаггүй Худалч ном”-ын нээлтээ гэр хорооллын номын санд хийсэн.  Хөдөө орон нутаг, захын дүүрэгт  үлгэрийн цаг, зурагт номын ойлголт тэлээсэй гэсэн хүслээс минь үүдэлтэй.  Хязгаарлагдмал бүлэгт илүү хүрэх юм сан гэж боддог учраас орон нутгаар уншлага хийхээр төлөвлөж байна. Эцэг эхчүүдэд хандад хүүхдээ зурагт номтой илүү ойр нөхөрлүүлж бүтээлч чанарыг нь хөгжүүлээрэй гэж уриалмаар байна.   

Ярилцсанд баярлалаа. Таны урлан зохиох ажилд амжилт хүсье.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зурагт ном бол хүүхдүүдтэй ярилцах гүүр юм5 сар 2. 13:06"Construction market–2025" форум-аар барилгын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцлээ5 сар 2. 13:03Хуурамч дуу хоолой, дүр төрх бүхий AI залилангаас хэрхэн сэргийлэх вэ?5 сар 2. 12:57Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлыг халаас зогсоолгүй болгоно5 сар 2. 12:51Трамп чат задруулсан хэрэгтэнг албан тушаалаас нь огцрууллаа5 сар 2. 12:50Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ5 сар 2. 12:43Хашаандаа мод тарих иргэний тарьц, суулгацын үнийг хөнгөлнө5 сар 2. 12:42О.Цогтгэрэл: Энэ бол Ерөнхий сайд, гишүүн хоёрын харилцааны асуудал биш, засаглалын асуудал5 сар 2. 12:40ХӨСҮТ: 1106 хүн улаанбурханы халдвар авсан нь батлагдлаа5 сар 2. 12:40АН-ын бүлэг Даваа гаригт тодорхой шийдвэр гаргана5 сар 2. 12:36Сөргөлдөөнөөс зайлсхийхийг А.Гутерриш уриалжээ5 сар 1. 12:33"Гишүүд бүү эмзэг бай! Улс төрч хүн гүтгүүлж доромжлуулах олон зүйлийг туулж байдаг"5 сар 1. 12:32
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.