Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Унгар Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яамны төлөөлөл Өтвөш Лорандын нэрэмжит ЭЛТЭ их сургуулийн “Монгол ба Төв Ази судлалын тэнхим”-ийн харьяа Монгол судлалын төвд зочилжээ.
Энэ үеэр Др.Бирталан Агнэш тэргүүтэй монгол судлаачид болон монгол хэл, соёлыг судлан суралцаж буй магистрант, докторантын оюутнуудтай уулзсан байна. Унгар улсад өдгөө 40 гаруй монгол судлаач судалгаа хийж байгаа нь монгол судлаачдын тоогоороо бүс нутагтаа тэргүүлж байна. Өнгөрсөн хугацаанд уг сургуулийг монгол судлалын чиглэлээр 100 гаруй оюутан төгссөн бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд унгар, хятад, казах зэрэг 18 оюутан суралцаж байна.
ЭЛТЭ их сургууль нь монгол хэл, монголын түүх, соёлтой холбоотой иж бүрэн судалгаа, шинжилгээ явуулдаг, Европ тивд үйл ажиллагаа явуулж буй хамгийн анхны Монгол судлалын төвийн нэг бөгөөд энэ чиглэлээрх мэргэжлийн зэрэг, диплом олгодог Унгар Улс дахь ганц их сургууль юм.
Сэтгэгдэл бичих