Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн энэ өдрийг “Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон зарлаж, 2003 оноос дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Тэгвэл энэхүү өдрийг өнөө жил “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил: Хиймэл оюун ухааны хэрэглээ ба цахимжилт” уриан дор тэмдэглэж, нэг сарын аяныг орон даяар эхлүүлэв. Тиймээс энэхүү өдрийг угтан дэлхий даяараа үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн лаа асаах, эрүүл аюулгүй ажлын байрны талаар ухуулга, сурталчилгаа, ажлын байрны сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Манай улс 2012 оноос мэргэжлийн байгууллагууд хамтран жил бүрийн дөрөвдүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” болгон зарлаж, ХАБЭА-н тухай хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн кампанит ажлуудыг орон даяар явуулсаар иржээ.
Монгол Улсын хэмжээнд 2020-2024 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 2125 тохиолдол бүртгэгдсэнээс 275 хүн нас баржээ. Харин мэргэжлээс шалтгаалсан өвчний идэвхтэй хяналтад хөдөлмөрийн чадвараа алдсан 2273 иргэн байна. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг салбар, орон нутгийн хэмжээнд үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцоллоо.
Сэтгэгдэл бичих