Эрүүл мэндийн даатгалаа жил бүр алгасалгүй төлсөн иргэн эмнэлгийн хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авах эрхтэй. Гэвч Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээс шалтгаалж олон хүн шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээгээ авч чадахгүйд хүрчээ. Тодруулбал, өмнөх жилүүдэд нэг иргэн ЭМД-аараа жилд хоёр хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан. Харин энэ жилээс эрүүл мэндийн даатгал гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнээр өмнө нь мөрдөгдөж байсан жилийн хоёр сая төгрөгийн хөнгөлөлтийн хязгаар хүчингүй болжээ. Ингэснээр иргэд хувийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэх болон бусад төрлийн тусламж үйлчилгээ авах, улсын эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэхэд ч хүндрэлтэй нөхцөл үүсээд байгаа аж.
“ЭМДЕГ БОДИТ БАЙДЛАА ИРГЭДДЭЭ ТАЙЛБАРЛАХ ЦАГ НЬ БОЛСОН”
Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ч.ӨНӨРСАЙХАН:
-2025 онд Эрүүл мэндийн төвийн санхүүжилт өмнөх оноос 40 хувиар буурсан нь өдөр тутмын үйл ажиллагаанд ноцтой хүндрэл үүсгэж байна. Сарын цалин, эм, эмнэлгийн хэрэгслийн зардалдаа хүрэхгүй хэмжээнд хүрсэн.
Бид уг асуудлыг холбогдох зөвлөгөөн, уулзалт, хурал дээр удаа дараа тавьж байгаа ч тодорхой шийдэл алга.
Өнгөрсөн 2024 онд зөвхөн ахмадын тасгийн хэвтэн эмчлүүлэлтэд нэг тэрбум төгрөгийн санхүүжилт байсан бол 2025 онд ЭМДЕГ “архаг өвчлөлийн тусламж үйлчилгээ” гэсэн ангилалд:
• Дотор
• Мэдрэл
• Ахмад
• Өдрийн эмчилгээ
• Уламжлалт
• Сэргээн засах гэсэн нийт зургаан төрлийн тусламж үйлчилгээг нийлүүлэн ердөө нэг тэрбум 55 сая төгрөг хуваарилсан. Үүнийгээ сарын квотоор тооцвол нэг сард 90-95 хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой. Өдөртөө дунджаар 2-3 хүн л хүлээж авах боломжтой гэсэн үг. Гэтэл яаралтай ирж байгаа өвчтөнүүдийн тоо хоногтоо 50-60 хүрч, уушгины архаг бөглөрөлт өвчин, зүрхний дутагдал, элэгний хатуурал, бөөрний архаг дутагдал зэрэг хүнд, буцааж болохгүй өвчнүүд зонхилж байна.
Энэ нөхцөлд бидэнд архаг өвчтөнөө авах уу, ахмад настангаа хэвтүүлэх үү гэдэг сонголт тулгарч, эмч нар амь насанд нь хохирол учруулахгүйн тулд ахмадын хэвтэн эмчлүүлэлтийг түр хугацаанд зогсоохоос өөр аргагүй байдалд хүрээд байна. Үүнийг ойлгоно гэдэг хэцүү ч үнэн нь энэ. ЭМДЕГ “архаг өвчнийг авахгүй гэсэн зүйл байхгүй” гэж тайлбарлаж байгаа ч газар дээрээ бодит нөхцөл огт нийцэхгүй байна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний квотыг ийм байдлаар хуваарилснаар иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул заналхийлж, эмч ажилтнууд хариуцлага хүлээх эрсдэлд орж байна.
ТАНАСАН Ч ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНХҮҮЖИЛТ ЗОГСООГҮЙ ГЭВ
ЭМДЕГ-ын, Тусламж үйлчилгээний багц зохицуулалтын хэлтсийн дарга Б.УУГАНБАЯР:
-Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт зогсоогүй. Энэ онд ЭМД-ын сан төсвийн хуваариа нарийвчлан батлуулсан. Тодруулбал, энэ жилийн нийт төсвийн дүнг 12 сард хуваагаад сар бүр 164 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор байгаа. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулахдаа хамгийн эхлээд нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд санхүүжилт олгоно гэдэг зарчим тавьсан. Түүнчлэн хуульд заасны дагуу тодорхой тоо, хэмжээ заасан байгаа. Гэхдээ нэн шаардлагатай гэдэг утгаараа, хуульд заасан тоо, хэмжээнээс хэтэрсэн ч гэсэн 100 хувиар тооцож, тасралтгүй санхүүжүүлж байгаа.
Нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний зардлын дүнг урьдчилан мэдэх боломжгүй. Нэгдүгээр эмнэлэг энэ онд эрчимт эмчилгээндээ 100 хүн хамруулах тоотой байсан ч гуравдугаар сарын байдлаар тоо нь дуусч болно. Гэтэл дөрөвдүгээр сараас эхлээд эрчимт эмчилгээнд хүн авахгүй байж болохгүй шүү дээ. Тийм учраас нэн шаардлагатай тусламж, үйлчилгээн дээр тоо, хэмжээ тавьчихсан байгаа ч гэсэн санхүүжилтийг нь 100 хувиар тооцож, санхүүжүүлнэ гэж заасан байгаа.
Нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ гэдэгт эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, түргэн, халдварт өвчин, хавдрын эмчилгээнүүд, харвалт, шигдээс гэх мэт шууд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй өвчнүүд хамаарна.
Нөгөө талдаа хүлээгдэж болохуйц өвчнүүд гэж бий. Жишээ нь сувилал, уламжлалтын эмнэлэг ч юм уу, цаг аваад дараа нь үйлчлүүлдэг тусламж, үйлчилгээнүүд байгаа. Эдгээрт мөн тоо, хэмжээ заасан. Гэхдээ эдгээр тусламж үйлчилгээ нь хүлээгдэж болохуйц учраас хэрэв тухайн сарын 164 тэрбум төгрөгийн санхүүжилтэд багтаагүй бол дараа сард нь санхүүжүүлэхээр тусгасан. Эмнэлгийн гүйцэтгэлийн санхүүжилт дараа сардаа олгогддог. Хуулийн дагуу бид мөнгөн дүн олгохоор гэрээ байгуулж байгаа учраас тоо, хэмжээ зайлшгүй заах ёстой. Гэхдээ нэн шаардлагатай байгаа тусламж, үйлчилгээндээр тоо, хэмжээ тавьсан ч гэсэн 100 хувиар тооцож тасралтгүй санхүүжүүлж байгаа.
”ТӨР, ХУВИЙН ЭМНЭЛГҮҮДЭД БАЙГАА МӨНГИЙГ Л ХУВААРИЛЖ БАЙГАА”
Санхүүжилтээс шалтгаалсан энэ нөхцөл байдалд төсөв нэмж тусгахаас өөрөөр шийдэх аргагүй байгааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцолж байв. Тэрбээр, сайдын багцаас хэмнэлтүүдийг хийгээд ЭМД-ын санд төвлөрүүлээд, тус сан дээр эрсдэлийн санг бий болгосон. Түүнээсээ төлбөр тооцоогоо хийж байж 2024 оныг давсан. Ингээд ЭМД-ын сангийн төсвийг 15 хувийн өсөлттэй 2025 онд батлуулсан. Энэ нь 300 гаруй тэрбум төгөрг байсан ч өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн байгууллагуудад өгөх ёстой байсан төлбөрийг төлж барагдуулсан байгаа. Үндсэндээ энэ онд 1.9 их наяд орчим төгрөгийг эрүүд мэндийн байгууллагуудад хуваарилалт хийж байна. Юуны түрүүнд нэн шаардлагатай тусламж үйлчилгээнүүдээ бүгдийг нь санхүүжүүлэхээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад байгаа мөнгөө бүгдийг хуваарилж байгаа гэх тайлбарыг өгсөн юм.
Сэтгэгдэл бичих