Өмнөд Солонгост ирсэн япон жуулчид цагаан будаа худалдаж авах нь ихэсчээ. Сөүлийн супермаркетуудаар будаагаар сагсаа дүүргэсэн япончууд үзэгдэх болов. Энэ нь мэдээж Японд цагаан будааны үнэ өссөнтэй холбоотой.
Нэгэн жуулчин Өмнөд Солонгост аялах үеэрээ будаа худалдаж авч, Япон руу харьсан тухайгаа цахим сүлжээнд хуваалцсанаар энэ трэндийн талаар хүмүүс илүү их мэдэж авчээ. Тухайн эмэгтэй дөрвөн кг цагаан будаа, таван кг бор будаа худалдаж авсан байна. Энэ тухайгаа хуваалцахдаа тэр "Миний Сөүл дэх даалгавар бол будаа худалдаж авах байлаа. Японд будааны үнэ тэнгэрт хадсан. Солонгост байгаа дээрээ боломжийг ашиглаад авахаар шийдлээ" гэжээ.
Японд 10 кг цагаан будаа 8000 иен буюу 57 ам.долларын үнэтэй байна. Харин Өмнөд Солонгосоос ижил хэмжээтэй будааг ердөө 3000 иен орчим мөнгөөр авах боломжтой аж.
Цагаан будаа нь хөдөө аж ахуйн зохицуулалттай бүтээгдэхүүний ангилалд багтдаг тул Япон руу авч явахын тулд тодорхой бичиг баримтуудыг бүрдүүлдэг. Энэ үйл явц нисэх буудал дээр 30 орчим минут үргэлжилнэ. Жуулчин эмэгтэйн хэлснээр бичиг баримт бүрдүүлэх гэхээсээ илүү 10 кг будаагаа барьж явах нь амаргүй байжээ. "Бялдаржуулах дасгал хийж байгаа мэт л байлаа" гэж тэр энэ тухайгаа хошигносон байна.
Инчон нисэх буудлын албаныхны мэдээлснээр хилээр цагаан будаа авч гарах япончуудын тоо сүүлийн долоо хоногуудад эрс нэмэгджээ. Зөвхөн гуравдугаар сард л гэхэд цагаан будаа авч гарах 119 зөвшөөрөл олгосон байна. Өнгөрсөн жилийн мөн үед гэтэл үүнээс 20 дахин бага зөвшөөрөл олгож байжээ.
Японд өнгөрсөн зунаас хойш цагаан будааны үнэ өссөн. Хэт халуунаас үүдэн ургацын будааны нийлүүлэлт багассан, жуулчид хэт их ирсэн, газар хөдлөлтийн дараа хүмүүс хүнс нөөцлөх нь ихэссэн зэрэг хүчин зүйл үнийн өсөлтөд нөлөөлжээ. "Kyodo News"-ийн мэдээлснээр гуравдугаар сард цагаан будааны үнэ өмнөх оны мөн үеэс 92.1 хувиар өссөн байна. Энэ нь 1971 оноос хойших хамгийн их хэмжээгээр өссөн тохиолдол. Хямралыг шийдвэрлэхийн тулд Японы засгийн газар хоёр ч удаа нөөцийн будаа гаргасан боловч олигтой үр дүн үзүүлээгүй байна.
ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES
Сэтгэгдэл бичих