Дэлгэцийн донтолт сэтгэл гутралд өртөх эрсдэлийг 80 хувь нэмдэг


4-р сарын 2
16 цаг 56 минут

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-ийн хүүхэд, өсвөр үеийн клиникийн сэтгэцийн эмч Д.Номиунтай ярилцлаа.


"ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТ БОЛ ЭМГЭГ"

-Техник, технологи хөгжхийн хэрээр хүүхдүүд дэлгэцийн  хамааралтай болж байна. Дэлгэц, гар утасны хэт их хамаарлыг донтолтын эмгэг гэж тодорхойлох нь зөв үү. Ямар тохиолдолд хэвийн хэмжээнээс хэтэрсэн гэж үзэх вэ? 

-Интернет эсвэл дэлгэцийг хэрэглэх ёстой хэмжээнээсээ илүү ихээр буюу олон цаг, өдөр, сараар байнга хэрэглэх, өдөр тутмын үйл ажиллагаа, амьдралын хэмнэл алдагдах, зарим үүрэг хариуцлагыг үл тоох зэргээр өөрийгөө хянах чадваргүй болж, түүнээсээ хамааралтай болдог эмгэгийг дэлгэцийн донтолт гэнэ. Дэлхий дахинаа өдөрт нэг хүн дунджаар 6 цагийг интернэт хэрэглээнд зарцуулдаг.

АНУ-д хийгдсэн судалгаанаас үзэхэд 8-10 насны хүүхдүүд өдөрт дунджаар 8 цаг, 10-18 насныхан 11-ээс дээш цагийг цахим хэрэглээнд зарцуулж байна. Энэ бүх хэрэглээ нь хөгжиж буй тархинд хэрхэн нөлөөлдөг талаар одоогоор эрчимтэй судалгааны ажлууд өрнөсөөр байгаа.

-Дэлгэцийн донтолт үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл юу вэ? 

-Ихэвчлэн хүүхдийг үл хайхрах, стресс тайлах арга эзэмшүүлээгүй, гэр бүлийн болон нийгмийн сөрөг харилцаа, өөртөө итгэлгүй байдал зэрэг нөлөөлдөг гэж үздэг.

Хэн ч, хэзээ ч нэг өдрийн дотор донтогч болдоггүй. Энэ нь өөрийн гэсэн үе шатыг дамжиж алгуур үүсдэг процесс юм.

Хүүхэд бүрт дэлгэцийн донтолтод хүргэх хүчин зүйлсийн нөлөөлөл хэр их байгаагаас хамаарч өөр өөр хугацаанд, ялгаатай байдлаар дэлгэцийн донтолт үүсдэг. Түүнчлэн дэлгэцийн донтолт үүсгэх биологийн болон нийгмийн хүчин зүйл гэж бий. Биологийн сөрөг хүчин зүйл гэдэгт удамшил /генетик суурь/, тархины нейротрансмиттерийн идэвхт чанар болон ялгарлын өөрчлөлт, хүүхдийн хувийн онцлог шинж чанар хамаарна.  Харин нийгмийн сөрөг хүчин зүйлд ахуйн орчинд дэлгэц, технологийн хэрэгсэл ихтэй, гэр бүлийн харилцаанд хүүхдийн оролцоог төдийлөн дэмждэггүй байдал зэрэг орно.

Түүнчлэн гэр бүлийн гишүүд, найз нөхөд дунд дэлгэцийн хэтрүүлэн хэрэглээ, донтолттой, энэ байдлаараа үлгэрлэх хэн нэгэн байдаг бол хүүхэд дэлгэцийн хамааралтай болох нь ихэсдэг.

Мөн гэр бүлийн харилцааны асуудал, салалт, хүчирхийлэл, хүүхдийн орчин нөхцөл, сургууль өөрчлөгдөх, хайр дурлал, нөхөрлөл бүтэлгүйтэх үед хүүхэд дэлгэцийн хамааралд өртөх эрсдэлтэй. Үүнээс гадна хүүхэд хүмүүжлийн асуудлууд гол нөлөө үзүүлнэ. Жишээлбэл, хүүхдээ хэт эрхлүүлэх, эсвэл эсрэгээрээ хараа хяналтгүй орхих нь голлох шалтгаан болж байна.

-Дэлгэцийн донтолттой холбоотойгоор СЭМҮТ-ийн хүүхдийн тасгаар өдөрт хэчнээн хүүхэд үйлчлүүлдэг вэ? 

-Дэлгэцийн донтолтод өртсөн ч гэсэн яг эмчлүүлье, зөвлөгөө авъя гээд эмнэлэгт ханддаг нь ховор. СЭМҮТ-ийн хүүхдийн тасгаар өдөрт дунджаар 20 орчим хүүхэд үйлчлүүлдэг гэж үзвэл үүний 10 орчим хувь дэлгэцийн донтолтын шалтгаантай байдаг. Мөн үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн ихэнх нь бага насны хүүхэд байдаг. Ихэвчлэн өвөө, эмээ нь санаа зовоод эмч дээр авч ирэх тохиолдол бий. Дэлгэцийн донтолтын эмгэгтэй хүүхэд тогтож сууж чадахгүй, эмчид үзүүлж байхдаа хүртэл утсаа хайж, уйлдаг. Түүнчлэн хүүхэд зуны амралтаас илүү өвлийн амралтын үеэр дэлгэцийн хамааралд орох эрсдэл өндөр байдаг. Учир нь зуны дэлгэр цагт хүүхдүүд хөдөө, гадаа явахаас эхлээд гэртээ цаг өнгөрөөхөөс илүү амралтаараа бусад нийгмийн харилцаанд орох нь элбэг.

"УТАС НЭХЭЖ УЙЛАХ ХУГАЦАА ИХДЭЭ Л 7 ХОНОГ ҮРГЭЛЖЛЭХ УЧИР, ТЭВЧИХ ХЭРЭГТЭЙ"

-Хүүхэд өдөрт нийт хэдэн цагийг дэлгэцийн хэрэглээнд зарцуулж болох вэ?

-Үүнийг хүүхдийн нас бүрийн онцлогт тохируулан тодорхойлдог. Тухайлбал,

  • 0-2 нас: Огт хэрэглэхгүй байх
  • 3-6 нас: 1-1.5 цаг
  • 6-12 нас: 1.5-2 цаг
  • 13-18 нас: 2-2.5 цаг
  •  Насанд хүрэгчид: 3 цаг /ажлын шаардлагаар илүү хэрэглэх бол нэг цаг тутамд амарч байх/ шаардлагатай гэж үздэг.

Түүнчлэн интернэтийг хоёр ба түүнээс дээш хугацаагаар хэрэглэх нь сэтгэл гутралд өртөх магадлалыг 80 хувиар нэмэгдүүлэг.

-Ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ? 

-Сэтгэцийн хувьд авч үзвэл,

  • Дистресс
  • Ганцаардал, уйтгар гуниг
  • Түгшилт, айдас
  • Уур бухимдал
  • Таагүй дурсамж, мэдрэмж /сэтгэцийн гэмтэл/
  • Өөртөө болон ирээдүйдээ итгэлгүй болох гэх мэт сөрөг нөлөө үзүүлдэг.

Эдгээр сөрөг нөлөө даамжирвал цаашлаад тархины гэмтэлд хүргэх эрсдэл бий. Дэлгэцийн хамааралтай хүүхдийн тархинд тайлаагүй далд бухимдал байх нь элбэг. Түүнчлэн сэтгэлийн шаналлаас ангижрахын тулд бие даахыг эрмэлзсэн буюу зугтсан хариу урвал үзүүлдэг. Гэхдээ хүүхэд маш амархан юманд дасдаг, түүн шигээ амархан больж чаддаг. Тиймээс утас нэхэж уйллаа гээд бууж өгч болохгүй. Хамгийн ихдээ долоон хоног л үргэлжилнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Дэлгэцийн хэтрүүлэн хэрэглээтэй болон донтолт үүсч буй хүүхдэд бие махбодын талаас ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Дэлгэцийн донтолттой хүүхдүүдэд илрэх шинж тэмдгийг мөн бие махбодын болон сэтгэцийн талаас нь авч үздэг. Тухайлбал, бие махбодын талаасаа хүүхэд ядарч сульдан, гарын алга, хөлийн ул хөлрөх, толгой өвдөх, толгой эргэх, хоолны дуршил буурах, жин буурах эсвэл нэмэгдэх, биеийн эсэргүүцэл суларч өвчлөмтгий болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Үүнээс гадна,

  • Хөдөлгөөний дутагдалд орж хүзүү хөших
  • Булчин сулрах
  • Хүүхдийн булчин татваганах /Хоолой засах, нүдээ анивчлах, гудчиж дуугарах, гар хөл, биеэ савчих зэрэг давтагдсан хөдөлгөөнүүдийн өөрийн эрхгүй
    хийх/
  • Нуруу чилж өвдөх
  • Орондоо шээх
  • Нүд улайх, хараа муудах
  • Бие нь бүхэлдээ эсвэл хэсэг газар нь өвдөх
  • Ярихдаа ээрэх гэх мэт бие махбодын шинж тэмдэг илэрнэ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ сайн ажиглаж анхаарч байх хэрэгтэй.

Харин сэтгэцийн талаасаа хүүхэд түрэмгий болох, уурлаж бухимдах, цочромтгой болох нойргүйдэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Ялангуяа нойргүйтэх хамгийн түгээмэл мөн хамгийн аюултай шинж тэмдэг юм. Үүнээс гадна хүүхэд өөрийгөө тусгаарлах, сургууль, ажлаа таслах, завсардах, хаях, идэвх сонирхолгүй болох, хувийн ариун цэврээ сахихгүй дэлгэцийн хэрэглээнээс өөр зүйл сонирхохоо больдог. Дээрх шинж тэмдгүүд нь нийгмийн бүхий л орчинд илрэх буюу өдөр тутмын амьдралд нөлөө үзүүлж байвал үүнийг донтолт гэж үзнэ.

-Хүүхдийг дэлгэцийн хамааралтай болгохгүйн тулд юун дээр яаж анхаарах ёстой вэ. Эцэг эхчүүдэд юу гэж зөвлөх вэ?

-Дэлгэцийн донтолтыг эмчлэх боломжтой. Хамгийн гол нь гэр бүлийн бусад гишүүд хамтран туслах нь үр дүнтэй арга юм. Энэ эмгэгийн үед танин мэдэхүй сэтгэл заслын арга үр дүнтэй ба тусгай эмийн эмчилгээ гэж байхгүй.

Түүнчлэн эцэг, эхчүүдийн түгээмэл ашигладаг хүүхдээ шийтгэх, буруутгах нь зөв арга биш. Харин эсрэгээрээ хүүхдэдээ ойлголт, мэдээлэл сайтар өгөх.

Хүүхдэдээ тавих анхаарлаа улам сайжруулах, гэр бүл тааламжтай уур амьсгалыг бүрдүүлэх, дуртай дугуйлан, секцэд хамруулах нь илүү дүртэй. Мөн хүүхдээ стресс тайлах аргад суралцуулах, сургалтад хамруулах боломжтой. Бүр цаашилбал мэргэжлийн эмчид хандаарай гэж зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Амазон компани Старлинктэй өрсөлдөх хиймэл дагуулуудыг хөөргөжээ4 сар 29. 16:32“Хасын хүлэгүүд”, “Бишрэлт металл” багуудын тоглолт өнөөдөр эхэлнэ4 сар 29. 16:31Монгол бөхийн өргөөнд тавдугаар сард 15 барилдаан зохион байгуулна4 сар 29. 16:31Дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалт эхэллээ4 сар 29. 16:30БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, Чойжин ламын сүм музейд зочлов4 сар 29. 16:29Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүлжээ4 сар 29. 16:28Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ4 сар 29. 16:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна4 сар 29. 16:26Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлыг танилцууллаа4 сар 29. 16:25Монгол Улс олон улсын эмнэл зүйн нэр томъёог хөгжүүлэгч байгууллагад элслээ4 сар 29. 16:24Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?4 сар 28. 21:55Унгар дахь “Гүем” монгол сургуулийн сурагчид үсэглэлийн баяраа тэмдэглэв4 сар 28. 21:54
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.