ЖАЙКА (олон улсын байгууллага)-ын дэмжлэгтэйгээр "нотолгоонд суурилсан сэргээн засах үйлчилгээ” сэдэвт сургалт боллоо. Уг сургалтад нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл болох ойролцоогоор150 хүн хамрагдав.
Энэхүү сургалтаар Япон улсын сэргээн засах эмчилгээний мэргэжилтнүүд өөрийн улсын туршлага, арга ухаан, тусламж үйлчилгээний талаар зааж сургалаа. Сургалт нь Монгол Улсын сэргээн засах үйл ажиллагааг сайжруулах, манлайллыг эрчимжүүлэх зорилготой.
ЖАЙКА-аас жил бүр сайн дурын гишүүд болох сэргээн засах чиглэлийн эмч мэргэжилтнүүдийг манай улс руу илгээдэг бөгөөд одоогоор долоон сэргээн засалчид ажиллаж байна. Тэд:
- Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг
- Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв
- Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг
- Сэргээн засах клиник эмнэлэг
- Монгол-Японы эмнэлэг
- Төрийн тусгай албан хаагчдын Нэгдсэн эмнэлэгт өөр өөрсдийн мэдлэг, ур чадвараа монгол сэргээн засалчдад зааж сургаж байна.
Тэдний нэг болох Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж буй хөдөлгөөн засалч Намба Нацүми сургалтын үеэр нотолгоонд суурилсан сэргээн засах тусламж үйлчилгээний талаарх хичээл, илтгэл тавьсан юм.
Тэрээр “Монголд сэргээн засах тусламж үйлчилгээ хөгжлийнхөө эхэн шатанд явж байгаа болов уу гэсэн ойлголттой байлаа. Гэтэл Монголд ирээд хөдөлгөөн болон хөдөлмөр засалч нартай хамт ажиллахад маш сайн ур чадвартай байв. Би их гайхаж байсан л даа /инээв/. Энэ бол маш сайшаалтай зүйл.
Монголчууд гэр бүлтэйгээ маш ойрхон байж, нэг нэгнээ тусалж дэмнэдэг. Жишээлбэл, аав нь өвдлөө гэхэд тухайн гэр бүлийн бүх гишүүд тусалдаг онцлогтой. Гэхдээ энэ тусламжаа хэтрүүлж болохгүй.
Тухайн аав өөрөө гутлаа өмсөж, хоолоо халбагадаж чадахаар байтал өмнөөс нь хэн нэгэн хийгээд өгчихдөг. Уг нь аав өөрөө тэр бүхнийг хийж, биеэ даах шаардлагатай. Мэдээж, тухайн гэр бүлийн гишүүн бүр аавдаа хайртай байгаа. Гэхдээ өөрөөр нь хийлгүүлнэ гэдэг нь тэр хүнд илүү хэрэгтэй, хэвийн амьдралдаа хурдан хугацаанд орох боломжийг нэмэгдүүлж байгаа хэлбэр юм” гэлээ.
Энэхүү сургалтыг Монголын Сувилагчийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулж буй бөгөөд тус нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн хэлэхдээ “Иргэд маань сэргээн засах эмчилгээг зөвхөн эмнэлэгт л үзүүлдэг гэж бодоод байдаг. Гэтэл гэртээ байхдаа ч сэргээн засах тусламж үйлчилгээг өөрөө өөртөө хийж болдог” гэсэн юм.
Үргэлжлүүлэн тэрээр “Сүүлийн үед монголчуудын дунд тархины цус харвалтын өвчлөл ихээхэн гарах боллоо. Тэр хүмүүс зөвхөн эмнэлэгт байх хугацаандаа л эмчилгээгээ хийлгүүлээд гараад явчихдаг. Гэтэл Японд энэ тохиолдлын өвчтөнтэй эмнэлгийн ажилтнууд зургаан сарын турш ажиллаж, сэргээн засах тусламжийг үзүүлдэг.
Тиймээс энэ туршлагыг Монголдоо нэвтрүүлэх шаардлагатай байна. Тархиндаа цус харвасан хүн эртнээс сэргээн засах тусламж үйлчилгээг авбал хэвийн амьдралдаа хурдан хугацаанд орох боломжтой” гэв.
Түүнчлэн ЖАЙКА-ын сайн дурын гишүүд Толгойт Хорооллын Нутгийн Хөгжлийн төвийн ахмадуудад нэг жилийн хугацаанд сэргээн засах тусламж үйлчилгээний ойлголт, анхан шатны дасгал хөдөлгөөн хэрхэн хийх талаар зааж сургалт орж байгаа аж.
Энэ талаар Хөдөлгөөн засалч Намба Нацүми “Японы хүн амын дунд ахмад настны тоо нэлээн өндөр хувийг эзэлж байгаа. Үүнтэй холбоотойгоор япон хөдөлгөөн засалчид өндөр настны амьдарч буй орон нутагт очиж сургалт явуулдаг. Энэ жишгээр Монгол Улсад ч гэсэн сургалт явуулж, Толгойт Хорооллын Нутгийн Хөгжлийн төвийн ахмадуудад сард нэг удаа сургалт орж байна.
ЖАЙКА-ын сайн дурын гишүүд нэг жилийн төлөвлөгөө гаргаж ажилладаг. Өнөөдрийн хувьд чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр тутамдаа ямар дасгал хөдөлгөөн хийх, шим тэжээлийн талаарх хичээлийг зааж байна” гэлээ.
Эл сургалтад өнгөрсөн есдүгээр сараас хойш хамрагдаж буй толгойт хорооллын Нутгийн хөгжлийн төвийн гишүүн ахмад Ноостын Очирдариас сэтгэгдлийг нь тодрууллаа.
Тэрээр “Манай төв 2000 онд байгуулагдсан бөгөөд хүүхэд, ахмад настнуудаас бүрдсэн гишүүдтэй. Ахмадууд нь хүүхдүүддээ өв уламжлал зааж таниулдаг.
Манай төвийн ахмадууд ЖАЙКА-тай хамтран долоон сарын хугацаанд сэргээн засах тусламжийн талаар сургалт зохион байгуулж байна. Би энэ сургалтад хамрагдаж эхэлснээс хойш өөрт тохирсон дасгалыг өдөр бүр тогтмол хийдэг болсон.
Мөн чихрийн шижин, таргалалт, хөдөлгөөний хомсдолоос хэрхэн сэргийлэх талаар Японы мэргэжилтнүүдээс мэдлэг ойлголттой болж байгаадаа баяртай байна.
Монголд ихэнх ахмадууд сургуулийн насны хүүхдээ зөөх эсвэл гэртээ гиюүрч суух нь элбэг. Харин энэ сургалтын хөтөлбөр эхэлснээс хойш ахмад настнууд цугларч эрүүл мэндээ дээшлүүлэх мэдлэгтэй болж, дасгал хөдөлгөөн хийж, хоорондоо уулзаж ярилцаж байгаа нь ихээхэн сайшаалтай байна” гэсэн юм.
Сэтгэгдэл бичих