“Эмэгтэй хүүхэд хэзээ биеийн тамирын багш болж байсан юм” гээд аав, ээж болиулсан


2-р сарын 11
17 цаг 24 минут

- Охид, эмэгтэйчүүдийн боловсролын өдөрт зориулав -

Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг болон Боловсролын ерөнхий хуульд хүн бүрд чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэх чухал зорилтыг дэвшүүлсэн байдаг.

“Хөөрхөн Зүрх” ТББ нь “Сурагчдын мэргэжил сонголтод жендэрийн хэвшмэл ойлголт нөлөөлөх нь” чанарын судалгааг 2023 оны 7-11-р сарын хооронд Канадын гадаад хэргийн яамны дэмжлэгтэй Азийн сангийн хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд хийжээ.

“Сурагчдын мэргэжил сонголтод жендэрийн хэвшмэл ойлголт нөлөөлөх байдал” 2023 судалгааны үр дүнгээс танилцуулъя.

ХӨВГҮҮД, ОХИДЫН ТӨРӨЛХИЙН ШИНЖ ЧАНАРТ БАРИГДАН МЭРГЭЖЛЭЭ СОНГОХ ТОХИОЛДОЛ БАЙНА

Өрсөлдөөнт чадвар, давамгай байдал, сонголт хийх эрх чөлөө буюу нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй байсан ч авьяас чадвараараа сонголт хийх нь эрэгтэйчүүдэд нээлттэй байна. Харин эмэгтэйчүүд уян зөөлөн, мэдрэмтгий шинж чанартай гэх ойлголтод баригдан аялдан дагах, авьяас чадвар, хүсэл сонирхол дээр суурилан сонголт хийхээс илүү эмэгтэй хэмээх жендэрийн хэв шинжид нийцэх мэргэжлийг сонгож байна.

Тохиолдол 1
Би 10-р ангиасаа хойш физиктээ дуртай байсан. Эргэн тойрныхон намайг физикээр яах гээд байгаа юм бэ, ямар эрэгтэй хүүхэд биш дээ, юу болно гэж физик үзээд байгаа юм, бараг эрэгтэй хүн болох гээд байгаа юм уу гэж шүүмжилж байсан. Учир нь хамаатны ах нар бүгд л физикт суурилсан шалгалтаа өгч, түүндээ тулгуурлан мэргэжлүүдээ эзэмшсэн байна.” (O-4)

Тохиолдол 2
Дунд сургуулийн ахлах анги даасан 14 жилийн туршлагатай эмэгтэй багшийн хэлснээс харж болохоор байна (Багш-1):
Тооцоолон бодох чадвар сайтай, гүйлгээ ухаантай ч гэдэг юм уу эрэгтэй хүний нэг тийм нэг чадварууд байгаад байдаг. Охидод арай нэг жоохон дутмаг... Тиймэрхүү юман дээр угаасаа яалт ч үгүй хүйсийн ялгаа харагдаад байдаг юм байна лээ... Охидын хувьд бол эмэгтэй хүний байгалийн нэг юм байдаг даа. Зөөлөн ур чадвар илүү ... нарийн мэргэжлийн юмнууд эмэгтэй хүүхдүүд түлхүү харж сонговол тэр нь дээр, амжилт гаргах нь илүү болоод байгаа юм” гэжээ.


ЭЦЭГ, ЭХ ЖЕНДЭРИЙН ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТООР ХҮҮХДИЙН МЭРГЭЖИЛ СОНГОЛТОД НӨЛӨӨЛДӨГ

Сурагчдад мэргэжил сонголтын тухай зөвлөхдөө нийгмийн дэд бүтцийн хангамж муу байгаагаас шалтгаалан тухайн дэд бүтцийн хүртээмжийн үйлчилгээг олж авахад шаардлагатай мэргэжлийг сонгохыг зөвлөж буй тохиолдлууд байна. Мөн зарим эцэг, эх, асран хамгаалагчид жендэрийн хэвшмэл ойлголтоор хүүхдийн мэргэжил сонголтод нөлөөлж байна. Цаашлаад гэр бүлийн хүрээн дэх жендэрийн хэвшмэл ойлголт хүүхдүүдэд тодорхой хэмжээгээр дарамт үүсгэж, таагүй мэдрэмж төрүүлж байна.

Тохиолдол 3:
Аавтайгаа ижил эдийн засагч болохыг зөвлөж байсан. Шалтгаан нь тэдний эрх ашигтай шууд хамааралтай байх гэж боддог. Манай аав хамаатан садан, найз нөхдийнхөө санхүүгийн асуудлыг мэргэжлийнхээ хүрээнд шийдвэрлэдэг юм л даа. Тийм болохоор энэ дэмжлэг нь цаашид ч тасралтгүй үргэлжлээсэй гэж хүсдэг учраас тэгж зөвлөдөг байх”.


ҮСНИЙ УРТ БОГИНО ӨӨР Ч, ТАРХИНЫ ХУВЬД ЯЛГААГҮЙ

Неврологичид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тархины цахилгаан бичлэг, туршилтаас одоог хүртэл ялгаатай зүйлийг олж илрээгүй. Эрэгтэй хүн байгалиасаа техник технологи болон тоон ухааны салбарт илүү чадварлаг, амжилттай байдаг гэсэн итгэл үнэмшил нь эмпирик үндэслэлгүй. (Favara, 2012).

Бага наснаас эхлэн жендэрийн үзэл баримтлалаас хамаарч ялгаатай боловсролыг олгох, тоглож буй тоглоом, сонирхон суралцах сэдвийг хязгаарладаг. Мөн гэр бүл, нийгмийн хүрээн дэх хэвшмэл ойлголтоор дамжуулан тухайн хүний хувийн хүсэл сонирхол, мэргэжил сонголт, ажлын байрны талбарт тэгш бус боломжийг бий болгох дам болон шууд нөлөөг үүсгэдэг байна. Энэ нь эмэгтэй хүүхдүүдийг илүү хүнтэй ажилладаг, гүйцэтгэх шатны албан тушаалд ажиллахыг шаарддаг. Харин эсрэгээрээ эрчүүдэд дэвшилтэт технологитой ажиллах, оюуны өндөр чадамж шаардсан, шийдвэр гаргах түвшний ажлын байруудад ажиллах боломж өндөр байдаг байна.


Хүүхэд эцэг эх, хүрээлэн буй орчин, сургууль, найз нөхөд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан алхам тутамдаа жендэрийн хэвшмэл ойлголтыг сэтгэхүйдээ суулгаж лавшруулсаар байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээл дээрх ялгаанаас харагдаж байна.

Хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын салбар дахь эрэгтэйчүүдийн тоо харьцангуй давамгай байхад санхүү, даатгал, боловсрол болон эрүүл мэнд, нийгмийн үйл ажиллагааны салбар дахь эмэгтэйчүүдийн тоо илт давуу байна. Энэ нь аливаа мэргэжлийг сонгоход жендэрийн хэвшмэл ойлголт шууд нөлөөлж буйг илэрхийлж байх магадлалтай. Аливаа салбарт аль нэг хүйс давамгайлж, хоорондын тооны зөрүү ихсэх тусам жендэрийн тэгш бус байдал, боловсролын тэгш бус байдал төдий чинээгээрээ ихсэж, эдийн засгийн ялгаатай байдал даамжирдаг.


"ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД ХЭЗЭЭ БИЕИЙН ТАМИРЫН БАГШ БОЛЖ БАЙСАН ЮМ” ГЭЭД ААВ, ЭЭЖ БОЛИУЛСАН"

Гэр бүлийн орчинд заримдаа жендэрийн хэвшмэл ойлголтоор хүүхдийн хүйсэд хамааруулан тодорхой нэг мэргэжил зөвлөж байна. Мөн орон нутагт ажиглагдаж байгаа нэг зүйл бол хүүхдээ хичээлээ сайн хийхгүй, мэргэжлээ сонгохдоо эргэлзэж байх үед хүүхдээ сурах хүсэлгүй, чадваргүй гэж малчин болгох явдал цөөнгүй байгаа нь хүүхдийн хүсэл сонирхлыг дэмжилгүйгээр, ирээдүйг шийдэх тохиолдол байна.

Тохиолдол 14:
Том эгч маань жүдогоор барилддаг. Цаашид жүдогоороо яваад, биеийн тамирын багш болно гэхэд “Эмэгтэй хүүхэд хэзээ биеийн тамирын багш болж байсан юм” гээд аав, ээж болиулж байсан


"МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛОМЖ ХАРИЛЦАН АДИЛГҮЙ БАЙНА"

Сурагчид мэргэжил сонголтын тухай мэдээ мэдээлэл авах боломж суралцаж буй сургууль нь хотын төвийн, захын болон хувийн, улсын гэдгээс шалтгаалан харилцан адилгүй, ялгаатай байна.

Тохиолдол 10:
"
Хичээлээсээ улбаалаад салбарлах боломжтой мэргэжлүүдийг сайн мэдэхгүй. Багш нараасаа асуухаар сайн хэлж өгч чаддаггүй. Төвийн сургуулиудад гадагшаа явах, цаашаа сурах мэдээлэл, эссэ бичих гэх мэтчилэн ойлголтыг өгч, дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Гэтэл манайх шиг захын сургуулиудад иймэрхүү мэдээлэл, дэмжлэг бараг л байдаггүй санагддаг.


Сурагчдын мэргэжил сонголтод чухал ач холбогдолтой хичээлийн агуулга тооцоо судалгаа муутайн улмаас агуулгаас хасагдсан нь сурагчдын мэргэжил сонголтын талаарх олж авах мэдээллийг хязгаарлаж байгааг багш нар шүүмжилж байна.

Тохиолдол 11:
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох 1 цагийн сургалт 8-9 ангид явагддаг байгаад зогссон. Уг нь хүүхдийн юунд ямар чадвартай байх оношилгоо хийгдэж байгаад явагддаг хичээл байсан. Дунд сургуулийн Боловсролын яамны хөтөлбөрүүд байнга өөрчлөгдөж байна. Энэ жилийн ЭЕШ яаж авах нь тодорхойгүй... багш нар эргэлзээтэй. Хүүхдүүд ч мэргэжлээ сонгож чадахгүй эргэлзээтэй байж байна. Аль хичээлээр голлож шалгалт авагдах нь ойлгомжгүй байна. Байгалийн ухаан гэж багцалсан шалгалт өгөх үү, хичээлүүдээрээ шалгалт өгөх үү гэдэг нь тодорхойгүй байна. Багшийн мэргэжлээр сурахад Монгол хэлээр ЭЕШ өгөх нь мөн тодорхойгүй байна.


Мэргэжил сонгоход өөрийгөө хэн гэдгээ таних, чадвар, сонирхлоо үнэлэх, хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй мэргэжлүүдийг судлах, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах зэрэг алхмын дагуу сонгох шаардлагатай байдаг.

Монголд сурагчдын мэргэжил сонголтод нөлөөлөх гол шийдвэрүүд тухайн хичээлийн жилийн 9 сар гэхэд гараагүй байгаа нь багш, сурагчдын дунд тодорхойгүй байдал үүсгэж, сонгон судлах хичээлээ сонгож чадахгүй байдалд хүргэж байна.

ГЭР БҮЛИЙН ЗҮГЭЭС ТУЛГАСНААР МЭРГЭЖЛЭЭ СОНГОХ ТОХИОЛДОЛ БАЙНА

Зарим сурагчид жендэрийн хэвшмэл ойлголттой тулгарахад өөрийн хүсэл сонирхол, сонголтоо өөрчлөлгүй нөлөөнөөс ангид байж сонголтоо хийдэг жишээ байсан бол зарим нь эсрэгээрээ гэр бүл, сургуулийн орчноос тулгаж буй хэвшмэл ойлголтод баригдан мэргэжлээ сонгосон байна.

Тохиолдол 13:
Онгоцны нисгэгч болно гэж боддог. Эмэгтэй хүмүүс энэ мэргэжлийг сонгох нь ховор, мөн цалин өндөр байдаг.


Төрийн албан хаагчдын дотор эмэгтэйчүүд 60.4 хувийг (ЖҮХ, 2018) эзэлж байгаа ч төрийн удирдлагын шатанд 46 хувийг эзэлж байна. Аливаа салбарт аль нэг хүйс давамгайлж, хоорондын тооны зөрүү ихсэх тусам жендэрийн тэгш бус байдал, боловсролын тэгш бус байдал төдий чинээгээрээ ихсэж, эдийн засгийн ялгаатай байдал даамжирдаг.

Эх сурвалж: Хөөрхөн Зүрх ТББ

 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.