Сахил хүртээд шал дордов гэгчээр хамтарсан Засгийн газар байгуулагдсан биш төрийн өмчит компаниуд тавиулуудад эзлэгдэв. Засгийн газрын танхим ч тавиулуудын хараа хяналт дор ажиллаж эхлэв. Хэдхэн хоногийн өмнө МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Эрдэнэжамъян, Гэр хорооллын хөгжлийн намын дарга Б.Батсүх, Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар нар Ерөнхий сайдын зөвлөх болсон.
Харин Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч/БЭТ/-өөр томилсон нь шуугиан тарьж байна.
Мөнгөн дээрээ тохирвол ахыгаа ч зарж мэдэх Ж.Батзандан хувийн хэвшилд байгаа есөн стратегийн орд эзэмшигч нартай хэлцэл хийх асуудал хариуцах нь. Цагаан суварга, Нарийн сухайт, Бороо, Гацуурт зэрэг есөн стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг шинээр тогтоох асуудал яригдаад удаж байна. Засгийн гзарын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал эл асуудлыг хариуцаж ирсэн. Харин одоо Ж.Батзанданд шилжиж ирснээр Засгийн газрын хэлэлцээр шантааж болж хувирах вий гэдэг болгоомжлолыг ч дагуулж байна.
Уг нь МАК-ийг үүсгэн байгуулагч Н.Нямтайшир нараас эхлээд олон хүн Засгийн газартай эл асуудлаар хэлцэлд ороход бэлэн гэдгээ мэдэгдэж ирсэн. Өөрөөр хэлбэл, БЭТ-ийн шаардлага байхгүйгээр энэ ажил явах бүрэн боломж бий. Гэвч дундын зуучлагч оруулж ирсэн нь “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ташууртай эхлүүлсэн тэмцлээ санагалзан өр дарах томилгоо хийчихэв үү ч” гэж сэрдэх нэгэн байхад “Хамтралын шахаа”-нууд Засгийн газрыг дөнгөнд орууллаа ч гэх шүүмжлэл ч дагуулж байна.
Үнэндээ ч Засгийн газрын хувьд БЭТ томилох зайлшгүй шаардлага үүссэн бол түүнээс өөр хүнийг яагаад томилсонгүй вэ.
Камер харахаараа “Гар хөлүүд” томилогдож байна гэж шударга царайлах хэрнээ хаалттай хуралдаанаар тавиулуудыг төрийн өмчит компаниудад томилсон жишээ олон бий. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард улстөрчдийн саалийн үнээ гэж нэрлэгддэг “Эрдэнэт” үйлдвэрт хяналтын асуудал хариуцсан менежерээр Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга асан И.Мөнхжаргалыг томилсон. И.Мөнхжаргал нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын фракцад харьяалагддаг. Х.Баттулгын туслах асан Б.Саруулыг ч мөн ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр мөн саяхан томилсон.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д С.Баярмөнхийг менежерээр томилсон. "Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын алба хашиж байсан С.Баярмөнхийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын хүн ч гэж ярилцах нь бий.
Тэгвэл “Эрдэнэс Тавантголгой” ХК-д менежерээр Ардчилсан намын гишүүн Н.Пунцагийг томилсон. Эл томилгоотой холбоотойгоор УИХ дээр хэрүүл ч дэгдэж, УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Том төслүүдийг Н.Пунцаг нарын хүмүүсээр хянуулна гэж байхгүй шүү дээ, үнэн бүтэхгүй” гэж шогширч байв.
Түүнчлэн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ховд аймгийн Засаг дарга асан Б.Дүгэржавыг томилсон. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын гарын хүн гэгддэг Б.Дүгэржав Засаг даргаар ажиллаж байхдаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийг “гацаасан” хүнээр тодорч, чөлөөлөгдөж байв. Гэтэл одоо “Таван толгой” төмөр зам төсөл дээр ажиллах болж буй.
Эрчим хүчний сайд асан Д.Зоригтын туслах асан Н.Жавзанпагмыг “Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн хяналт хариуцсан менежерээр, Б.Даваацэрэнг “Монголросцветмет” ТӨҮГ-ийн хяналт хариуцсан менежерээр томилсон байдаг.
Мөн “Монголросцветмет” ТӨҮГ-ын бүтээмж хариуцсан менежерээр УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэгийг томилоод байгаа. УИХ-ын гишүүн асан М.Тогтохсүрэнг сонгуульд ялагдсаных нь дараахан “Монголросцветмет”-ийн захирлаар томилсон бол орлогч даргынх нь орон тоон дээр менежер нэрээр МАН ажилгүй нэг хүнээ “шахсан” нь энэ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “Төрийн өмчит компаниудад гар хөл томилогддог болчихлоо” гэж мэдэгдсэн ч Засгийн газраас менежерүүдийг томилсон нь ам, ажил зөрж буйг харуулж байгаа.
Мөн УИХ-ын намрын чуулган хаахын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төрийн өмчит компаниудыг хоёр дахин бууруулна” гэж мэдэгдсэн ч менежер нэрээр орон тоо нь нэмэгдэж, данхгар бүтцийг бий болгоод буй. Энэ тохиолдолд төрийн байгууллагад хийх 30 хувийн цомхотгол шахааныхан бус жинхэнэ ажил хийж, ачаа үүрдгүүдийг цомхотгож мэдэхээр байна.
Г.ХОРОЛ
Сэтгэгдэл бичих