Эрх баригчид үнэнд гүйцэгдэж түлшээ солих болов


1-р сарын 24
16 цаг 44 минут

Эрх баригчид үнэнд гүйцэгдэж түлшээ солих болов

Сайжруулсан түлш хэрэглээнд нэвтэрсэн цаг үеэс ард иргэд амь насаа алдан, зуу, зуугаараа хордож эхлэхэд олон нийт түлш болохгүй байгааг сануулсан ч эрх баригчид “Утаа 50 хувиар буурсан” гэдэг PR хийн зүтгүүлсээр зургаан жил болсны эцэст үнэнд гүйцэгдэж энэ жил түлшээ солих болов.

Уг нь таван жилийн өмнөөс арга хэмжээ авсан бол өнөөдөр хэчнээн олон гэр бүл элэг бүтэн амьдарч суух байсан бол…

Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрс түлэхийг хориглон, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн шахмал түлш хэрэглэж эхэлсэн 2019 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд 490 гаруй иргэн амь насаа алдсан харамсалтай статистик бий.

Угаарын улмаас эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн тоо хэдэн мянгаар яригдана. Дээр нь энэ их агаарын бохирдлын улмаас зүрх судасны өвчлөлөөс гадна элэгний хорт хавдар, уушигны хорт хавдар эрс нэмэгдсэнийг мэргэжлийн байгууллагууд анхааруулах болсон. Ураг зулбах, тархины даралттай хүүхэд олноор төрөх, тэр бүү хэл аутизмтай хүүхдийн тоо нэмэгдэх болсон нь агаарын бохирдолтой холбоотой болж таарч буй.

Өөрөөр хэлбэл, энэ хүртэл чинээнд нь тулгахгүйгээр арга хэмжээ авч болох байсан ч зүтгүүлсээр сая нэг болохгүйг ойлгов.

Энэ хугацаанд эдийн засгийн хохирол ч хэдэн их наядыг давав.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын мэдээлснээр сайжруулсан түлш үйлдвэрлэхэд зориулж “Тавантолгой түлш” компанид 1 их наяд 450 гаруй тэрбум төгрөгийн татаасыг “Эрдэнэс Тавантолгой” ХК болон нийслэлээс олгожээ.

Нийслэлээс олгосон 146.2 тэрбум төгрөгийн татаасыг сайжруулсан түлшийг дүүргүүдэд нөөцлөх агуулахын түрээс, мөн гэрээт ажилчдын цалинд зарцуулсан байна.

Үйлдвэр барихад зарцуулсан хөрөнгийн зардал мөн Үндэсний аудитын газраас “Тавантолгой түлш” компанийн санхүүд хийсэн 1 их наяд гаруй төгрөгийн зөрчил зэргийг оруулбал бүр ч том тоо гарах нь ойлгомжтой.

Харамсалтай нь, энэ ажлыг хариуцаж ажилласан хүмүүс “Түлш стандартын шаардлага хангаж байгаа. Анх энэ түлшийг нэвтрүүлж байсан үеэс хэрэглээ 30 орчим хувиар өссөн нь утааны хэмжээг нэмэгдүүлсэн” гэдэг тайлбар хийж сууна.

Уг нь логикоороо стандартын шаардлага хангасан түлш анхнаасаа үйлдвэрлэсэн бол угаарын хийнд тэр олноороо амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирох байсан уу.  Харамсалтай нь, дарга нарт зуух, яндан л хамаг юмны буруутан болж таарч байна.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваагийн мэдээллээр “Тавантолгой түлш” компани нь түлшний үйлдвэрийн техник технологийг тендер зарлалгүй шууд худалдан авалтаар авсан. Худалдан авалтын үнийн дүнг нууцалсан зэргээс үзэхэд асуудал их харагдана. Дээр нь “Тавантолгой түлш” компанийн захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн “Анх үйлдвэрийг байгуулахдаа технологийн дагуу байгуулаагүй, горим алдсан байсан” гэх тайлбар зэргээс үзэхэд татвар төлөгчдийн хэдэн их наядаар тоологдох мөнгөөр хайр найргүй тоглосон болж таараад буй.

Эцэст нь дахиад нэг үйлдвэр барих тухай ярьж сууна. Коксжсон нүүрсний үйлдвэр байгуулна. Уг үйлдвэрийг байгуулахад дээрх алдааг давтахгүй байхад анхаарахгүй бол бас л үр ашиггүй мөнгө зарцуулсан ажил болж хувирахыг байг гэх газаргүй.

Иймээс анхнаас нь судалгаагаа сайн хийж, хүний эрүүл мэнд, амь насаар дахин дэнчин тавихааргүй л найдвартай түлш хийхгүй бол нийслэлийн 200 мянга гаруй айл өрхийг орон сууцжуултал өдий.

Энэ жил нийслэлийн гэр хорооллын өрхөөс 5620 айлыг орон сууцанд шилжүүлэх бол 2029 онд 40 мянган айлыг орон сууцжуулахаа Нийслэлийн захирагч мэдэгдсэн.

Гэхдээ цахилгаан, дулааны  эх үүсвэргүйгээр энэ олон айлын халаалт, эрчим хүчийг шийдэх боломжгүй. Зэрэгцүүлэн V цахилгаан станцыг барьж байгуулах асуудлыг энэ онд эхлүүлэхээ мэдэгдсэн ч өнөөх л хөрөнгө мөнгөний гачаалтай тулж буй.

Н.Даваа “220 мянган өрхийг халаах цахилгаан халаагуурыг хоёр жилийн дотор нийлүүлэх боломжтой, 90 тэрбум төгрөг хэрэгтэй” гэдэг асуудлыг өчигдөр УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр хэлсэн ч эрчим хүчээ хязгаарлуулж байгаа өнөөгийн нөхцөлд энэ санал хөрсөн дээр буухад хүнд.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн гэр хорооллынхны дулааныг ойрын хугацаанд шийдэх ганц найдвар нь кокжсон нүүрсний үйлдвэр л болж буугаад байна.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хууль долоодугаар сарын 1-нээс мөрдөгдөнө6 сар 15. 14:11Jessi Монголд: Солонгосын хамгийн хүчтэй эмэгтэй артистуудын нэг Улаанбаатарын тайзнаа6 сар 15. 14:11Хаврын чуулганыг ирэх сарын 3-нд хаахаар төлөвлөж байна6 сар 15. 14:09Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганы төлөөлөгчид Чойжин ламын сүм музейд зочиллоо6 сар 15. 14:06Гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага байна6 сар 15. 14:05Нийслэлийн төсвийн зарлага 4.5 их наяд төгрөгт хүрч, 32 хувиар өссөн6 сар 15. 14:00Манай улсад 46 мянган цусны идэвхтэй донор эрүүл мэндийн салбарыг дэмжиж байна6 сар 15. 13:57Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа6 сар 15. 13:52Арвайхээрт агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийг нээлээ6 сар 15. 13:49Хууль төрөхийн өмнө: Ипотекийн зээл шинэ зохицуулалттай болно6 сар 12. 14:38Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 12. 14:14Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна6 сар 12. 14:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.