Ш.Дашням: Иргэдийн нуруунд дарамт болдог учраас НӨАТ-ыг 5 хувиар бууруулах нь хангалтгүй


1-р сарын 22
16 цаг 46 минут

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.1-д татварын хууль тогтоомжийг шинэчилж, боловсронгуй болгохоор заасан.  Энэ хүрээнд Гаалийн байгууллагаас

  • Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль,
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд, ААН, иргэд, бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг тусгах зорилгоор гаалийн зуучлагч байгууллагуудтай хамтарсан хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

ГЕГ-аас Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа, “Гаалийн байгууллага, Сангийн яам зэрэг холбогдох байгууллагууд хамтран татвар төлөгчдийн дунд нээлттэй хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн гол зорилго нь татварын хууль тогтоомжийн шинэчлэл, зохицуулалтыг хийх бөгөөд энэ процессод ААН, байгууллагууд, иргэдийн саналыг авч, тэдний оролцоог хангах юм.

Энэхүү хэлэлцүүлэгт оролцож байгаа татвар төлөгчдийн саналыг үндэслэн шинэ татварын хууль тогтоомжийг боловсруулж, энэ нь эцсийн хэрэглэгчид, иргэдийн нийгмийн сайн сайхан байдалд чиглэн хэрэгжих ёстой гэж үзэж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлэг нь НӨАТ болон бусад татварын хууль тогтоомжийг шинэчлэх асуудалд төвлөрч байгаа бөгөөд энэ нь олон төрлийн татварын хуулийг хамарна.

Гаалийн байгууллага болон татварын байгууллагууд иргэд, ААН-үүдийн саналыг авч, хууль тогтоомжийг боловсруулж, татвар төлөгчдийг илүү ээлтэй, үр дүнтэй үйлчилгээтэй болгохоор зорьж байна.

Хэлэлцүүлэг нь нийт 6 үе шаттай бөгөөд иргэд, ААН-үүд саналаа илэрхийлэх боломжтой. Үүний дараа татварын хууль тогтоомжийг боловсруулж, иргэдийн саналыг сонсох нь чухал юм. Одоогоор татварын хувь хэмжээ, зохицуулалтын шинэчлэлтийн талаар урьдчилсан байдлаар хэлэх боломжгүй байгаа бөгөөд санал, хүсэлтийг хүлээн авч, хууль тогтоомжийг боловсруулна.

Мөн өмнө ирж байсан санал, гомдлуудыг шинжилж, шинэ хуулийн төслийг боловсруулахдаа тусгаж, хэрэгжүүлэх болно.

Ер нь ААН байгууллагуудаас татварын төлөлтийн үйл ажиллагааг хялбаршуулж, түргэн шуурхай болгож өгөөч гэсэн хүсэлтүүд ирдэг. Мөн татварын зарцуулалт хэрхэн нийгмийн сайн сайхан байдалд, тухайлбал боловсрол, эрүүл мэнд, соёл, барилга байгууламж, дэд бүтэц, агаарын бохирдол, байгаль орчны салбаруудад зарцуулагдаж байгааг мэдэх хүсэлттэй байна.

Мөн зарим тохиолдолд татварын хууль тогтоомжийн хүрээнд ногдуулж байгаа татварын хувь хэмжээг бууруулж болох уу гэсэн санал хүсэлтүүд ирдэг. Эдгээр санал, гомдлыг хязгаарлах боломжгүй ч бид тэдгээрийг хүлээж авч, анализ хийж, хууль тогтоомжид тусгаж шинэчлэхээр зорьж байна” гэлээ.

Монгол улсад гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхэлдэг нийт 82 хуулийн этгээд бүртгэлтэй байдаг ба өнөөдрийн хэлэлцүүлэгт 53 хуулийн этгээд ирж оролцохоо мэдэгджээ.

Манай улсын анхны зуучлагч компаниудын нэг болох “Өлзийнаран” ХХК-ийн захирал Ш.Дашням хэлэлцүүлгийн үеэр санал бодлоо илэрхийлэв.

Тэрбээр “Татварын тухайд, НӨАТ-ыг импортын бараанд авахгүй байх нь зүйтэй гэж бодож байна. Учир нь, импортын барааны үнэ нэмэгдэж, энэ нь эцсийн хэрэглэгчид буюу ард түмэнд дарамт учруулж байна. Одоо төслийн дагуу 5 хувиар НӨАТ-ыг бууруулах санал гарч байгаа ч, энэ нь хангалттай биш юм. Ер нь, импортын бараанаас НӨАТ авдаггүй болгох хэрэгтэй. Манай улсын бараа бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь импортынх.

НӨАТ-ын татвар нь зах зээлийн тогтолцоо, хууль тогтоомжийн хүрээнд байх ёстой. Импортын бараанд НӨАТ авахгүй бол улс орныхоо эдийн засагт ямар нэгэн хүндрэл гарахгүй. Харин дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах, зарим барааг экспортлох, үйлдвэрлэх бодлогыг уялдуулж хийх хэрэгтэй.

Эхэндээ худалдааны татвар гэдэг нь зүйл байсан нь зөв байж. Яагаад гэвэл хамгийн сүүлийн борлуулагч ч татвар төлдөг байсан юм.  Гэтэл сүүлд гарсан хувилбараар 10 саяас дээш орлоготой бүх байгууллагаас НӨАТ авч байгаа. Ингэснээр НӨАТ 5 дахин нэмэгдэж байна. Хил дээр, тээврийн байгууллага, зуучлагч, бөөний газар, худалдаачин гээд бүгд дээр нь нэмэгдээд эцсийн хэрэглэгчид хүрэхэд 5 дахин нэмэгдсэн үнээр очдог. Энэ нь иргэдийн нуруунд дарамт болдог.

Сангийн яам зөвхөн эцсийн хэрэглэгчээс НӨАТ авдаг гэдэг ч амьдрал дээр тийм биш.

НӨАТ-ын тогтолцоог өөрчилж, худалдааны татварыг НӨАТ болгон хувиргах нь буруу. НӨАТ гэдэг нь капитализмын хууль, илүү бага зардал гарган их ашиг олж байгаа байгууллагаас татвар авч байгаа. Гэтэл худалдааны татвар болон НӨАТ-ыг холбож, нэг талаас ашигтай газар, нөгөө талаас ашиг багатай газраас татвар авч байгаа нь тэнцвэргүй.

skip-share

Импортын бараанаас НӨАТ авахгүй бол улс орныхоо эдийн засагт ямар нэгэн хүндрэл гарахгүй.

Тиймээс НӨАТ-ыг бууруулах, мөн эцсийн хэрэглэгчээс авах хэрэгтэй. Импортын бараа, дотооддоо үйлдвэрлэдэггүй барааны хувьд НӨАТ-ыг зөвхөн эцсийн борлуулагчаас авах нь зөв. Өнөөдөр зарим бүтээгдэхүүнд НӨАТ-ыг буцаан олгодоггүй, зөвхөн бага хэмжээний буцаалт хийдэг.

Татварын асуудлыг зөвхөн хууль тогтоогчид шийдэх биш, ард түмний санал, хүсэлтийг авч үзэх нь чухал. Ер нь, импортын татвар хэд хэдэн үе шаттай байх ёстой бөгөөд ард түмнийхээ ашиг сонирхол, амьдралыг харгалзан үзэх хэрэгтэй гэж бодож байна" гэв.

“Ландбридж” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Энхтүвшин мөн саналаа хэллээ. Тэрээр, "Ер нь ямар нэгэн хуулийг бага, жижиг хүрээнд хэлэлцээд, хэрэгжүүлж эхлэхээс илүү, анхан шатнаас нь оролцогч байгууллагуудаас санал, гомдлыг нь аван, хэлэлцээд явбал илүү амьдралд нийцэх нь ойлгомжтой. Энэ хуулийн шинэчлэлийн хэлэлцүүлгийг, арга хэмжээний хандлагыг маш таатай хүлээж авч байна.

Бид идэвхтэй оролцож, саналаа хэлж, хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн. Гадаад худалдаа гэдэг нь олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, экспорт, импорт, транзит зэрэг олон талт үйл ажиллагаа багтдаг. Эдгээр барааны нэр төрлөөс, зориулалт болон шинж чанараас шалтгаалаад маш олон төрлийн зохицуулалт шаардлагатай. Гаалийн хууль нь төвөгтэй, нийлмэл хууль бөгөөд татварын ерөнхий хуультай хамтарч ажилладаг.

Иймд зохицуулалтын олон асуудал дээр санал, гомдол хэлэлцэх шаардлагатай. Үйлчлүүлэгчид нь гадаад худалдаа эрхлэгчид, тээвэр логистикийн компаниуд, гаалийн зуучлалын компаниуд зэрэг өргөн хүрээтэй байгууллагууд байдаг. Бидний хувьд зөвхөн тээврийн асуудалтай холбоотой санал, гомдлоо хэлэлцэхээр ирсэн.

Жишээлбэл, НӨАТ-ын асуудал. Гаалийн байгууллага болон Татварын ерөнхий хуульд үүргээ гүйцэтгэж, НӨАТ төлөх ёстой гэж үздэг ч УБТЗ НӨАТ төлдөггүй, энэ нь Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн хүрээнд байдаг. Гаалийн байгууллагаас дотоод тээврийг, авто болон төмөр замын тээврийг ялгахгүйгээр НӨАТ төлөхийг шаарддаг. Гэхдээ НӨАТ төлснөөр, үүнийгээ буцаан авах боломжгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор гаалийн тариф тооцоолдог журам, тээврийн хэлбэрийн ялгаа, хуульд нэр томьёоны давхцал зэрэг асуудал гарч байна" гэлээ.

Тэгвэл Гаалийн татвараас чөлөөлөгдөж буй барааны талаар ГЕГ-ын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн дарга Ч.Чимгэрэл ярив. "Газар тариалангийн хувьд, үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлдөг. Иж бүрэн тоног төхөөрөмжүүд дээр энэ хөнгөлөлт үйлчилдэг. Энэ зохицуулалт нь гаалийн тухай хуулийн 38 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт орсон. Иргэд болон ААН-үүд тухайн жилдээ гаалийн албан татвараа төлөөд, дараагийн ондоо эхний улиралд багтааж буцаан олголт авах боломжтой болсон.


ХХАА чиглэлээр малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжүүдэд хөнгөлөлт үзүүлж буй. Мах боловсруулах үйлдвэр, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд, ундааны үйлдвэрүүд, мөн бусад боловсруулах салбарын тоног төхөөрөмжүүд ч хөнгөлөлтөд хамрагддаг.

ААН-үүд болон хөдөлмөрийн дагуу хоршоологч иргэд, өөрсдөө оруулж ирэхэд гаалийн хөнгөлөлт авах боломжтой. Үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн хувьд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой.

Өнгөрсөн жил татварын хуулиудад өөрчлөлт орсон. Барааны ангилалд ЗГ-ын тогтоол гарах бөгөөд татварын чөлөөлөлтүүдтэй холбоотой хэд хэдэн шинэ зохицуулалт орж ирсэн. Тухайлбал, спортын тоног төхөөрөмж, нийслэлийн орон сууцжуулалтын хүрээнд барилгын материалын татварын чөлөөлөлт орж ирсэн.

Гаалийн тариф, татварын хууль нь улс орны бүтээн байгуулалттай холбоотой чухал. Аж үйлдвэрийн паркууд, цахилгаан эрчим хүчний станцууд, цемент шохойн үйлдвэрийн төсөл зэрэг томоохон төсөл хэрэгжиж байна. Эдгээрийн татварын хойшлуулалт болон чөлөөлөлтүүд ч орж ирж байгаа юм.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухайд, импортлож байгаа эмнэлгийн хэрэгсэлд гаалийн албан татварын хэмжээ 5 хувь байдаг бол НӨАТ-ын хэмжээ 10 хувь байна. Гэхдээ зарим эмийн бүтээгдэхүүнийг чөлөөлөх шийдвэр гарсан.

Тухайлбал, 2024 оны гуравдугаар сард элэгний В вирусийн эмийг гаалийн албан татвараас чөлөөлсөн. Мөн томуугийн вирусийн дэгдэлтийн үед хэрэглэх эмүүд болон эмнэлгийн хэрэгслүүдийг ч гаалийн албан татвараас чөлөөлсөн байдаг. Эдгээр тогтоолууд одоогоор хүчин төгөлдөр хэрэгжиж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэглэх хиймэл эрхтэн, тоног төхөөрөмжүүдийн татвар ч гаалийн албан татвараас чөлөөлөгдсөн. Энэ заалт нь өөрчлөгдөөгүй бөгөөд хугацаагүй, байнгын чөлөөлөлттэй. Үүний гол зорилго нь нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийн хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх юм.

Мөн Монгол Улс гаалийн тариф татварын тухай хуульд тусгай заалттай бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээний тоног төхөөрөмжүүдийг татвараас чөлөөлдөг. Үүнийг хувиараа иргэд гаднаас оруулж ирэхэд ч хөнгөлөлт эдлэх боломжтой.

Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тээврийн хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлдөг. Энэ нь тухайн иргэн өөрийн хэрэгцээнд зориулж ашиглах тээврийн хэрэгслийг нэг удаа татвараас чөлөөлөх боломжийг олгодог. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд зориулсан үйлдвэрлэлийн тээврийн хэрэгслүүдийг ч гаалийн татвараас чөлөөлдөг.

Эдгээр татварын чөлөөлөлтүүд нь тодорхой хугацаатай биш бөгөөд иргэдийн хэрэгцээний дагуу байнгын хүчин төгөлдөр үйлчилж байна" гэдгийг тайлбарлалаа.

Эл хэлэлцүүлэг ГЕГ-ын 9 давхрын хурлын танхимд энэ сарын 31-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Тодруулбал,

  • 24-нд, Тээвэр зууч байгууллагууд, Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч
  • 27-нд, Гаалийн хяналтын, баталгаат, чөлөөт бүс эзэмшигч байгууллагууд
  • 29-нд, Эм, эмийн зүйл, эмнэлгийн хэрэгсэл импортлогч байгууллагуудын хэлэлцүүлэг болно.

Харин энэ сарын 31-нд болох хэлэлцүүлэг Улаанбаатар хотын гаалийн газрын 7 давхрын хурлын танхимд 10:00-12:30 цагийн хооронд болох бөгөөд улс хоорондын шуудан илгээмжийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын сэдвээр үргэлжлэх аж. 

Түүнчлэн цахим хэлбэрээр санал авч буй тул ЭНД дарж саналаа өгөөрэй.

Нийт саналыг хурааж авснаар ирэх сарын 15-ны өдөр эцэслэн танилцуулна гэсэн юм.

Гэрэл зургийг Г.Бархас

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Цагаан сараар айл руу явахдаа цахилгаанаа салгаж, гэр, байшингаа шалгаарай1 цаг 33 минутын өмнөЦагаан сараар айл руу явахдаа цахилгаанаа салгаж, гэр, байшингаа шалгаарай1 цаг 34 минутын өмнөМонгол Улсын зүүн хязгаараас Б.Бямбадорж: Цэрэгт гэртээ байгаа юм шиг сайхан тав тухтай байна1 цаг 37 минутын өмнөХархорум нь ухаалаг төлөвлөлттэй, улсын зэрэглэлтэй хот байх эрх зүйн үндсийг тогтоов1 цаг 53 минутын өмнөЯпонд өндөр НДШ төлсөн ахмад асаргааны төлбөрийнхөө 90 хувийг даатгалаас гаргуулдаг1 цаг 54 минутын өмнө"Хууль зөрчиж УИХ-ын гишүүн болсон Э.Болормааг эргүүлэн татах ёстой"1 цаг 55 минутын өмнө“Төв рүү сурагчдыг зөөдгөөс түгжирч байна”1 цаг 56 минутын өмнөХавьер Милей криптовалютын луйварт буруутгагдаж байна1 цаг 57 минутын өмнөАзийн хөгжлийн банк ирэх 10 жилд үйл ажиллагаагаа 50 хувиар өсгөх Хөрөнгө ашиглалтын төлөвлөгөө баталлаа2 цаг 1 минутын өмнөCU –гийн урилгаар БНСУ-д аяласан албаныхныг АТГ-аар шалгуулна2 цаг 5 минутын өмнөӨсвөрийн жүдочид Европын цомын цуврал тэмцээнээс есөн медаль хүртжээ2 сар 17. 17:05“Их Бурхант” цогцолбор хилчидтэйгээ хилээ манаж байна2 сар 17. 17:04
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.