Сайдын туслахаас саарал ордонд


1-р сарын 21
16 цаг 53 минут

NEWS.MN сайт үүсгэн байгуулагдсанаас хойш УИХ-ын сонгуулиар шинээр сонгогдсон гишүүдийг үсгийн дарааллаар нь танилцуулдаг "76:1" булан хөтөлж ирсэн билээ.  УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламент 126 гишүүнтэй болсон учраас бид "126:1″ булангаа эхлүүлж байна. "126:1" булангийн энэ удаагийн дугаарт УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхланг танилцуулж байна.


Увсынхны дэмжлэгтэйгээр Сангийн сайд Н.Баяртсайханы зөвлөх болж, улс төрийн карьераа эхлүүлсэн гэх Ж.Алдаржавхлан нь 20 гаруй жил МАН дотор эргэлдсэний хүчинд УИХ-ын сонгуульд хоёр дахь удаагаа өрсөлдсөнөөр ялалт байгуулсан түүхтэй.  Саарал ордон түүний хувьд цоо шинэ биш ажлын талбар биш.  Монголын бизнесийн дээд сургуулийг санхүүч мэргэжлээр төгссөнийхөө дараа УИХ-ын Тамгын газарт референтээр орж, таван жил ажилласан байдаг. Референт хийнэ гэдэг хууль тогтоох байгууллагад ажиллагсдын хувьд жинхэнэ цаастай зууралддаг ажил. Их ч зүйлд суралцдаг. Гол нь Ж.Алдаржавхлан хэр их зүйл суралцсан бэ гэдэг нь өөрөөс нь л шалтгаалах учиртай.

Тэрбээр 2006 онд УИХ-ын Тамгын газраас явсан нь Сангийн сайдаар томилогдсон Н.Баяртсайхан туслахаараа татаж авсантай холбоотой.

Н.Энхбаяр Монголын хаан болж томрох үед увсынхан ч Монголын улс төрд нөлөөгөө тогтоосон нь Сангийн сайдын туслахыг хожмоо саарал ордонд хууль тогтоогч болж орж ирэх карьерийнх нь эхлэл болсон гэж хэлж болно.

Сайдын туслахаар ердөө нэг жил ажиллангуутаа тэрбээр Орон сууц санхүүжилтийн корпорацийн захирал болж, томров.  Хэдийгээр тус корпораци 2012-2016 оных шиг гялалзсан үе дээрээ ирээгүй байсан ч 2009 онд Монголын эдийн засагт үүссэн хямралын үеэр барилгын салбар хүнд нөхцөлд ороход өр зээлэндээ баригдсан барилгын салбарыг аврах, нөгөө талдаа төрийн албан хаагчдыг орон сууцжуулах бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадсан юм.

Хамгийн хямд үнэтэй орон сууцаар төрийн албан хаагчдыг хангах бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн гэж хэлж болно.

Харин МАН 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээхэд Ж.Алдаржавхлан албан тушаалаасаа чөлөөлөгдөн, намынхаа гишүүдийнхээ нэгэн адил ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн юм.

Жилийн дараа нь Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны дарга болж, улс төрийн карьераа хөөсөн. Удалгүй гурван жилийн дараа буюу 2016 онд Хан-Уул дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болж, давхар алба хаших болсон. Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж 2016 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс сонгогдон гарч ирэхэд хамгийн их ажиллаж, арыг нь даасан хүнээр Ж.Алдаржавхлан нэрлэгддэг.  2020 оны УИХ-ын сонгуулиар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мөн тус дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж магадгүй гэх бор шувуу ниссэн нь арыг нь даах найдвартай  нутгийн угшилтай хүн дүүргийн МАН-ын хороог удирдаж байсантай холбоотой.  Хэдийгээр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан нийслэлийн уугуул боловч эцэг нь Увс аймгийн гаралтай, нутгийнхаа улстөрчидтэй ойр байсан нь хожмоо хүү нь улс төрд хүч үзэхэд нөлөөлсөн гэж ярих нь бий.

Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллах хугацаандаа Авлигатай тэмцэх газар/АТГ/-т шалгагдсан асуудал бий.

Тендер зарлахгүйгээр 104.7 сая төгрөгийн санхүүжилтийг нэр бүхий хуулийн этгээдэд олгосон, Удирдлагын академи, Цэнгэлдэх хүрээлэн орчимд газар олгосон зэрэг асуудлаар шалгагдаж байсан юм.

Тойргийнх нь хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал асуудал тарьсаар ирсэн. Засаг даргаар ажилласан сүүлийн дөрвөн жилд дээрх асуудлыг шийдвэрлэхийн төлөө төсөв хөрөнгийг зарцуулсан нь 20 гаруй цэцэрлэг, 10 гаруй сургууль шинээр ашиглалтад орсноор гурван ээлжээр хичээллэх зовлонгүй болсон. Гэвч тус дүүрэгт орон сууцны хорооллууд мянга, мянгаараа босохын хэрээр сургууль, цэцэрлэгийн эрэлт нэмэгдсээр 2024 оны УИХ-ын сонгуультай залгасан.  Ямартай ч сонгуульд өрсөлдөхтэй зэрэгцэн Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын сургууль баригдаж эхэлсэн нь нэг хэсэгтээ нүүр тахлах ажил нь болсон юм. Дөрвөн жилийн турш Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас газар гуйгаад хүчрээгүй тэрбээр адаг сүүлд нь аж ахуй нэгжүүдтэй тулж ажилласнаар сургууль барих газрын асуудлыг шийдлээ гэж учирлаж байв.

Хууль тогтоох байгууллагад ажиллаж эхэлсэн эхний зургаан сард тэрбээр орон сууцны хорооллыг дагуулж сургууль, цэцэрлэг барих ёстойг хамгийн их сануулсан гишүүний нэг гэж хэлж болно.  Хамгийн сүүлд тэрбээр “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хороолол дээр энэ алдааг давтаж болохгүйг анхааруулсан.

Мөн УИХ-аар Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт хөгжлийг дэмжих тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр “Улаанбаатар хот нь дулаан, цахилгааны асуудалтай хүнд нөхцөлд байхад шинээр Хархорум хотыг байгуулах нь хэр зохистой вэ.  Шинэ хот байгуулах санхүүгийн бололцоо байгаа юм уу гэдэг асуудлыг хөндөж байв.

УИХ-д нийслэлээс 30 орчим гишүүн сонгогдсоноос Улаанбаатар хотын проблемтой холбоотой асуудлыг хамгийн их хөндөн тавьж, хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх гарц гаргалгаа дээр санаа оноо хэлж ажилладаг гишүүний нэг гэж хэлж болно.

Тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байна.

Хөрөнгө орлогын тухайд, УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө жилийн орлого нь 86 сая төгрөг, 185 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 29 сая төгрөгийн тээврийн хэрэгсэлтэй, 56 сая төгрөгийн хадгаламжтай гэж Авлигатай тэмцэх газарт гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

Нэг үгээр хэлбэл, УИХ-ын гишүүд дотроо хамгийн ядуу нь гэж хэлж болохоор буй. Гэхдээ төрсөн ах Ж.Баяржавхлан нь 10 гаруй компанид хувь эзэмшдэг бол төрсөн эгч Ж.Оюун-Эрдэнэ нь мөн 10 гаруй компанид хувь эзэмшдэг. Ах, эгч нарынх нь компаниуд төрөөс зарласан тендерт одтой байдаг нь дүүгийнх нь нөлөө байж болох талтайг улс төрийн хүрээнийхэн шивэр авир хийх нь бий.

Ж.АЛДАРЖАВХЛАНГИЙН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ: 

  • 1995 онд Улаанбаатар хот, арван жилийн 50-р сургууль
  • 1998 онд Австрали, Сидней, Англи хэлний институт
  • 2000 онд Монголын бизнесийн дээд сургууль санхүүч
  • 2005 онд МУИС-ийн ЭЗДС санхүүгийн магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2001-2006 онд УИХ-ын Тамгиын газар туслах, зохион байгуулагч
  • 2006-2008 онд Сангийн яам, Зөвлөх
  • 2007-2012 онд ОССК, Гүйцэтгэх захирал
  • 2016-2024 онд Хан-Уул дүүргийн Засаг дарга
  • 2016-2024 онд НИТХ-ын төлөөлөгч
  • 2024 оноос Монгол Улсын их хурлын гишүүн

ШАГНАЛ:

  • 2011 онд Алтангадас одон
  • 2023 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ:

  • Англи, Орос
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Цагаан сараар айл руу явахдаа цахилгаанаа салгаж, гэр, байшингаа шалгаарай45 минут 22 секундын өмнөЦагаан сараар айл руу явахдаа цахилгаанаа салгаж, гэр, байшингаа шалгаарай46 минут 33 секундын өмнөМонгол Улсын зүүн хязгаараас Б.Бямбадорж: Цэрэгт гэртээ байгаа юм шиг сайхан тав тухтай байна49 минут 30 секундын өмнөХархорум нь ухаалаг төлөвлөлттэй, улсын зэрэглэлтэй хот байх эрх зүйн үндсийг тогтоов1 цаг 5 минутын өмнөЯпонд өндөр НДШ төлсөн ахмад асаргааны төлбөрийнхөө 90 хувийг даатгалаас гаргуулдаг1 цаг 6 минутын өмнө"Хууль зөрчиж УИХ-ын гишүүн болсон Э.Болормааг эргүүлэн татах ёстой"1 цаг 8 минутын өмнө“Төв рүү сурагчдыг зөөдгөөс түгжирч байна”1 цаг 9 минутын өмнөХавьер Милей криптовалютын луйварт буруутгагдаж байна1 цаг 9 минутын өмнөАзийн хөгжлийн банк ирэх 10 жилд үйл ажиллагаагаа 50 хувиар өсгөх Хөрөнгө ашиглалтын төлөвлөгөө баталлаа1 цаг 14 минутын өмнөCU –гийн урилгаар БНСУ-д аяласан албаныхныг АТГ-аар шалгуулна1 цаг 18 минутын өмнөӨсвөрийн жүдочид Европын цомын цуврал тэмцээнээс есөн медаль хүртжээ2 сар 17. 17:05“Их Бурхант” цогцолбор хилчидтэйгээ хилээ манаж байна2 сар 17. 17:04
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.