АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө


1-р сарын 21
14 цаг 24 минут

Бүгд найрамдах намаас сонгогдсон Дональд Трамп АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчийн хувиар даваа гарагт тангараг өргөлөө. Тэрбээр АНУ-д амьдарч буй бичиг баримтгүй олон сая цагаач иргэнийг эх орон руу нь албадан буцаах зэрэг бодлогын томоохон өөрчлөлтүүдийг яаралтай хийхээ амлав.

 Тангараг өргөсний дараа хагас цаг орчмын турш хэлсэн үгэндээ Д.Трамп “Америкийн алтан үе яг одоо эхэлж байна” хэмээн онцлон дурдлаа. “Энэ мөчөөс эхлэн Америкийн уналт дууслаа. Бид улс орноо ялалт, амжилтын шинэ өндөрлөгт хүргэнэ. Бидэнд хүрч чадахгүй мөрөөдөл гэж үгүй. Бид бууж өгөхгүй. Бид бүтэлгүйтэхгүй” гэж тэрбээр хэлсэн байна. 

“Улс үндэстний амжилтын шинэ эрин үе эхэлж байна гэдэгт итгэлтэй, өөдрөг бодолтойгоор би ерөнхийлөгчийн албан тушаалд эргэн ирж байна. Өөрчлөлтийн түрлэг улс орныг хамарч байна" гэж Д.Трамп Капитолын ордны Дугуй танхимд цугларсан 600 орчим хүн болон улс орон даяар телевизээр үзэж буй олон сая үзэгчид хандан хэлжээ. 

“Бид түүхэн дэх хамгийн агуу соёл иргэншлийн эр зориг, эрч хүчтэйгээр дахин ажиллах цаг болсон гэдгийг би өнөөдөр америкчуудад хандаж хэлмээр байна” гэж тэрбээр цохон тэмдэглэлээ. 

Өдгөө 78 настай Д.Трамп тус улсын 45 дахь Ерөнхийлөгч байсан бөгөөд дараалан биш хэдий ч хоёр удаа сонгогдсон түүхэн дэх хоёр дахь Ерөнхийлөгч болж байна. Түүнээс өмнө Гровер Кливленд 1890-ээд онд хоёр удаа сонгогдож байжээ. Д.Трамп тангараг өргөснөөр Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд дөрвөн жил ажилласны дараа албан тушаалаа орхилоо. 

Д.Трамп хэлсэн үгэндээ Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн дэд Ерөнхийлөгч асан Камала Харрисыг ялахдаа улс төрийн тулааны талбар болсон долоон муж улсад бүгдэд нь илүүрхсэн гэдгээ дурдаж, 2024 оны сонгуулийн кампанит ажлын үеэр өгсөн амлалтуудаа даруй биелүүлэхээ амласан байна.

Мөн Д.Трамп АНУ руу нэвтрэхийг эрмэлзэж буй олон мянган цагаачийн урсгалыг зогсоохын тулд “үндэсний хэмжээнд онцгой байдал зарлаж”, Мексиктэй хиллэдэг АНУ-ын баруун өмнөд хэсгийн хилийг хаана гэж мэдэгдлээ. Тэдний ихэнх нь Төв Америкийн орнууд болон бусад газар ядуурал, гэмт хэрэг, ажилгүйдлээс зугтахыг эрмэлзэж байгааг тэрбээр дурдсан байна.

Шинэ Ерөнхийлөгч АНУ-д орогнол хүсэж буй цагаачдад зориулан “Мексикт үлдэх” бодлогыг хэрэгжүүлж, бусад цагаачийг орогнол хүссэн шийдвэрээ хүлээж байх хооронд АНУ-д амьдруулах бодлогыг зогсооно гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Мексикийн мансууруулах бодис наймаалагч бүлэглэлүүдийг “гадаадын террористууд” хэмээн зарлана гэсэн байна.

Үүнээс гадна, Д.Трамп цахилгаан автомашины үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих Ж.Байдены бодлогыг зогсоохын сацуу АНУ-ын худалдааны бодлогыг шинэчилж, худалдааны гол түншүүдэд шинээр татвар ногдуулна гэж мэдэгджээ.

Дөрвөн жилийн өмнө тангараг өргөх үедээ таван сараар залуу байсан Ж.Байденыг ардаа орхисон Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн хамгийн өндөр настай хүн болж байна. Харин Охайо муж улсаас сонгогдсон АНУ-ын сенатч, 40 настай Ж.Д.Вэнс 50 дахь дэд Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр түүхэнд гуравт бичигдэх залуу дэд Ерөнхийлөгч боллоо.

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх ардчилсан орны жишгийн бэлгэ тэмдэг болсон АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Капитолын ордны гадна болдог уламжлалтай. Гэтэл Вашингтонд хүйтэрсэн тул Д.Трамп хэдэн өдрийн өмнө ёслолыг Дугуй танхимд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Тангараг өргөх ёслолд оролцсон хүмүүсийн дунд Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос, Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг, Tesla-гийн гүйцэтгэх захирал, X нийгмийн сүлжээний эзэн Илон Маск зэрэг Америкийн хэд хэдэн тэрбумтан, мөн TikTok-ын гүйцэтгэх захирал Шоу Зи Чоу нар байлаа.

 Мөн БНХАУ-ын дэд дарга Хань Жэн, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Эквадорын Ерөнхийлөгч Даниэль Нобоа зэрэг гадаадын нэр хүндтэй хүмүүс хүрэлцэн иржээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама нар ёслолд оролцов.

 Д.Трамп нэн даруй АНУ-ын бодлогуудыг өөрчилж, Ж.Байдены зарлигуудыг цуцалж, өөрийнхийгөө хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ өмнө нь мэдэгдсэн юм. Тэрбээр албан тушаалдаа орсон даруйдаа эсвэл энэ долоо хоногийн сүүлчээр зарим зарлигт гарын үсэг зурж магадгүй байна.

 Мөн 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордон руу дайран орсон 1500 гаруй дэмжигчийнхээ ихэнхийг нь өршөөнө гэж амласан боловч уг шийдвэр ямар хүрээг хамрахыг хэлээгүй байна. Тэрбээр тангараг өргөснийхөө дараа хэлсэн үгэндээ энэ талаар дурдсангүй. Цаг агаарын улмаас Пенсильванийн өргөн чөлөөнд хийх парадыг “Capital One Arena”-д зохион байгуулахаар болжээ.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ3 сар 13. 15:38Наадмаар угаасаа хангалттай жуулчид ирдэг. Дэлхийн адууны өдөрт 3₮ тэрбумыг үргүй зарцуулах гэж байна3 сар 13. 15:37Шуудангийн илгээмжээр хар тамхи нэвтрүүлсэн иргэнд ял оноов3 сар 13. 15:36Өдөрт 800 гаруй тээврийн хэрэгсэлд шийтгэлийн хуудас нааж байна3 сар 13. 15:34УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тогтоожээ3 сар 13. 15:33Менингококкийн халдварын улмаас Ховд аймагт долоо настай хүүхэд нас баржээ3 сар 13. 15:32Nebius компанид NVIDIA 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна3 сар 13. 15:26Мөрөөдлөө биелүүлсэн "Далайн эргийн охин"3 сар 13. 15:23Шатрын жендэрийн тэгш байдлын индексээр Монгол тэргүүллээ3 сар 13. 15:22АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2027 онд болно3 сар 12. 17:11Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн гурван жилд 10 дахин өсжээ3 сар 12. 17:09Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ3 сар 12. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.