2025 оны төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах шаардлага тавив


11-р сарын 4
16 цаг 53 минут

2025 оны төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах шаардлага тавив

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг эргэн харж, урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах шаардлагатай гэсэн саналыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Б.Түвшин нар гаргаж,  өнөөдөр /2024.11.04/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд ирэх оны төсвийн төслөөс үр ашиггүй зардлыг танах шаардлагыг Засгийн газарт хандан тавьж байгаа юм.


УИХ-ын гишүүн Д.ЭНХТҮВШИН:

-Сонгууль болоод дөрвөн сар болсон байна. Дөрвөн сарын өмнө улс төрийн намуудын амлаж байсан мөрийн хөтөлбөрийг сануулъя. МАН улсын төсвийн зарлагын ДНБ-нд эзлэх хувийг 25 хувь хүртэл бууруулна, мөн Засгийн газрын өрийг 40 хувиас бага байлгана.

Ардчилсан нам төсвийн нийт зарлагыг 20 хувиар бууруулна,  ХҮН нам бизнест ээлтэй, татварын орчин бий болгоно, төсвийн зардлыг бодитоор буулгана гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсан.

Гэтэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын 2025 оны төсвийн төслөөр нийт төсвийн ДНБ-д эзлэх хувийг 37 хувьд хүргэхээр, 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулахад өссөн. Графикаас харвал төсвийн ДНБ-д эзлэх хувь 2020 онд бууж байсан, сонгуультай учраас 2024 онд 5 огцом нэмэгдсэн. Ирэх жилийн төсөв дээр дахин нэмэгдүүлэхээр орж ирсэн. Энэ нь улс төрийн намуудын дөрвөн сарын өмнө амлаж байсан хөтөлбөрөөс зөрж байна. Нэг талаасаа төсвийн хэмжээ нэмэгдэнэ гэдэг хувийн хэвшилтэй өрсөлдөж байна гэсэн үг. Хэрвээ энэ нэмэгдэж байгаа төсвийн дүн хувийн хэвшилд байсан бол шагнал урамшууллаа нэмэх, илүү бүтээмж өндөртэй хүмүүст энэ мөнгийг үлдээх боломж байсан.

УИХ-ын гишүүн Ж.БАЯРМАА:

-Ирэх оны төсөвт томилолт, зочны зардал 111 тэрбум болсон нь өмнөх оныхоос 4 дахин нэмэгдсэн. 2020 онтой харьцуулахад 16 тэрбум байсан, өнөөдөр ийм дүнд хүрсэн. Үүнээс гадна тавилга эд хогшил 268 тэрбум төгрөг болсон, 2024 оны төсвийн зардлаас 2.2 дахин нэмэгдсэн. Өмнө нь 100 гаруй тэрбум байсан гэсэн үг.

Мэдээллийн технологийн үйлчилгээний зардал гэж байгаа. Төрийн бүх газар мэдээллийн технологийн хэлтэс албадтай. Гэтэл ирэх оны төсөвт мэдээллийн технологийн зардал 70 тэрбум болж орж ирсэн. 2024 оныхоос 3.6 дахин нэмэгдсэн, 20 орим тэрбум байсан нь ингэж нэмэгдсэн.

Бусдаар гүйцэтгүүлсэн ажлын үйлчилгээний төлбөр хөлс 1.9 их наяд төгрөг болсон нь мөн өмнөх оныхоос 2.5 дахин нэмэгдсэн. Хамгийн ноцтой нь энэний ард ямар ажил үйлчилгээ явах нь тодорхойгүй. Бараа ажил үйлчилгээний зардал 450 тэрбум байснаа 690 тэрбум болж нэмэгдсэн. 2023 оны төсөвт хийсэн аудитын шалгалтаар 74 тэрбум төгрөгийн илүүдэл бараа материал авсан. Энэ нь ашиглалтгүй, хугацаа нь дууссан бараа гэхэд 2023 онд 71 тэрбум байсан байтал 960 тэрбум буюу 1 их наяд болсон.

Сургууль, цэцэрлэгийн хүртээмж бага байгаа, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдэл иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд үзлэгийн багаж хэрэгсэл,дутуу, бээлий байдаггүй гэдэг ноцтой зүйл яригдаж байсан. Гэтэл энэ зардлууд хотод тэр дундаа төрийн захиргааны төв байгууллагуудын зардал эзэлж байгаа. Яам, тамгын газрын зардал гэсэн үг. Ирэх жилийн төсөвт орон нутагт нэг ч шинэ зардал тавилга тоног төхөөрөмж, сургууль, эмнэлгийн барилга тусгагдаагүй хэрнээ төвдөө ийм зардал тусгасан нь шударга бус.

УИХ-ын гишүүн Б.ТҮВШИН:

-Бидний Засгийн газарт тавьж буй шаардлага бол улсын төсвийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үр ашигтай зардлыг тусгах шаардлага юм. Сүүлийн жилүүдэд Засгийн газрын бүтээмжийг хэмжих хяналт суларсан. 2024 онд Засгийн газрын урсгал зардал 22 их наяд, маш их хэмжээний үргүй зардалтай гэдэг аудитын дүгнэлт гарсаар байтал урсгал зардлыг 26 их наяд болгож оруулж ирсэн. Урсгал зардал гэдэг тухайн жилдээ гараад дуусдаг. Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас өндөр хамааралтай. Уул уурхайгаас олж байгаа орлого үргүй зардалд зарцуулбал, дахиад зардал шаарддаг.

Тавилга авсан байлаа гэхэд дараагийн удаа шинэчилж таарна гэх мэтээр зардал нь нэмж зардал нэхсээр орлогынхоо 77 хувийг урсгал зардалд зарцуулж байгаа. Тийм учраас үргүй урсгал зардлаас хасах.

Нөгөө талдаа бизнес эрхлэгч, ажил олгогч нарт Нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ өндөр, татварын орчин хүнд, бодитой татвар өндөр байгаа нөхцөлд бизнес эрхлэгчдийн орчныг хязгаарлаж байгаа нь энэ их цуглуулсан мөнгөө үргүй зарцуулж байгаа нь манай эдийн засаг бүтээмжгүй байна гэсэн үг.

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

-Төсөв, эдийн засаг хоёрыг салгаж ойлгох боломжгүй байгаа. 2025 оны төсвөөс ирэх жилийн эдийн засгийн өнгө төрх харагдаж байна. Зардлын хэт их тэлэлт иргэдийн амьдралд нөлөөлөх гээд байна. Жишээлбэл, инфляци 2 оронтой тооноос дээш гарах, төгрөгийн ханшийг сулруулах, гадаад валютын нөөц буурч байна. Валютын нөөц 5 тэрбум ам.доллар байсан бол 4.3 тэрбум ам.доллар луу буурсан. Иргэн, аж ахуй нэгжийн орлого дээр хүндээр тусна.

Төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төрийн оролцоог бууруулж байж, хувийн хэвшлээ дэмжих шаардлага байна. Төсвийн урсгал зардлын өсөлт нь макро эдийн засагт тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх.бодит эрсдэл байна.

Бид бүхний зүгээс 2025 оны төсвийн төслийг дахин хэлэлцэх шаардлагатай, зайлшгүй засвар хийх шаардлагатай. Ингэснээр ирэх оны эдийн засагт учрах эрсдлийг бууруулах, гол бодит эрсдлийг зөөлөн газардуулах бололцоо бүрдэнэ гэж үзэж байна. Зорьж байгаа зүйл маань төвсийн урсгал зардлыг 3.6 их наядаар буулгах,

УИХ-аас хоёр  сарын өмнө баталсан урсгал зардлыг 3.6 их наядаар нэмэгдүүлсэн байгаа. Үүнийгээ бууруулж, хуулиа мөрдөе гэж байгаа юм. Тооцож үзэхээр валютын ханш 175 төгрөгөөр нэмэгдэхэд инфляци 1 хувиар нэмэгдэх бодит эрсдэл байна. Төсөв 3.6 их наядаар нэмэгдэхэд инфляци 1.5 хувиар нэмэгдэх бодит эрсдэл байна. Энэ нь ирэх онд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 6 хувиар нэмэгдүүллээ ч үр дүнгүй болно гэсэн үг гэлээ.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Таван тэрбум төгрөг тойрогтоо татахаар шантааж хийж байна гэдэг зүйл яригдах болсон. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Н.Түвшин, Г.Тэмүүлэн нарын нэр яригдсан. Ийм асуудал явж байгаа юу. Төсөв батлахад цөөн хоног үлдлээ, Засгийн газар 2025 оны төсвийг татан аваад дахин оруулж ирээд батлуулахад цаг хугацааны хувьд амжих уу?

УИХ-ын гишүүн Б.ТҮВШИН: -Төсвийн урсгал зардал дээр гурван ажлын хэсэг байгуулагдсан. Орлогын ажлын хэсэг, урсгал зардлын ажлын хэсэг, хөрөнгө оруулалтын ажлын хэсэг.  Ажлын хэсэг үр ашиггүй зардлуудыг хасах санал яригдсан. Ажлын хэсгээс гурван тусгай санал гарсан. Энэний дараа тойрог руугаа таван тэрбум төгрөг хуваарилах гэж байна гэдэг яриа гарсан. Ажлын хэсэг дээр ямар нэгэн байдлаар тойрог руу мөнгө хуваарилах тухай яриагүй.

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН: -Тойрогтоо хөрөнгө оруулалт татах гэдэг юм уу, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт тавих гэдэг юм уу нэг талдаа зарчимгүй улс төр хийж байна гэдэг зүйлийг сенсаци болгож, ашиглаад байгаа.

Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт явсан. Хоёр дахь хэлэлцүүлэг дөнгөж эхлэх үед энэ сенсаци дэгдсэн. Гэхдээ бүлэг дээр албан ёсоор энэ тухай ярьсан, шийд гарсан зүйл байхгүй. Бидний зүгээс Засгийн газрын дэвшүүлсэн томоохон төслийг явуулъя гэдэг асуудлыг тавьж байгаа.

Засгийн газраас дэвшүүлсэн 14 төслөөс 3 төсөл нь улсын төсвөөс санхүүжиж байгаа. Гэтэл цаана нь 14 төсвөөр рекламдуулсан урсгал зардал үндэслэлгүйгээр их хэмжээгээр нэмэгдэж байгаа асуудал байгаа.

Энэ асуудлыг жижиг эрх ашгийн эрэмбийн хүрээнд, сенсацид төөрөгдөж ойлгож болохгүй. Төсвийнхөө тэнцлийг сайжруулъя, 35.8 их наядаас 3.6 их наядаар төсвийн тэнцлээ сайжруулж, алдагдлыг бууруулж, эдийн засагт ирэх эрсдэлүүдийг бууруулж зөөлөн газардуулах шаардлага тавьж байгаа гэж ойлгож болно.

УИХ-ын гишүүн Ж.БАЯРМАА: -Засгийн газар төсвөө буцаан татан авч үргүй зардлаа 3.6 их наядаар бууруулж оруулж ирэх бүрэн боломжтой. Мөн төсвийг нэн яаралтай горимоор хэлэлцээд батлахад арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах боломжтой.

УИХ нэн яаралтай горимоор гээд маш олон хуулийг хэлэлцээд баталдаг. Төсөв бол татвар төлөгчдийн үсээ зулгааж, махаа идэж байж олсон мөнгийг хэрхэн ард иргэдэд хуваарилах вэ гэдэг маш чухал асуудал. Энэн дээр гишүүд маш хариуцлагатай хандах хэрэгтэй.

Хүч түрэн олонхиор дайрч үргүй зардал шингэсэн төсөв батлах аваас хохирох хүмүүс нь Монгол Улсын эдийн засаг, ард иргэд. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлагатай хандаж, үргүй зардлыгаа хассан байдлаар оруулж ирнэ гэдэгт итгэж байна.

УИХ-ын гишүүн Д.ЭНХТҮВШИН:- УИХ-ын чуулганаар 2025 оны төсвийн хэлэлцүүлгийг хийх үед үзэл бодлоо илэрхийлэх боломж байсан. Гэхдээ төсвийг танах зарчмын зөрүүтэй саналыг дэмжихгүй, унагах байдлаар явж байгаа учраас төсвийн тэнцэл сайжруулах санал унасан. Мөн хэлэлцүүлгийн явцад асар олон зардал нэмсэн.  Хөдөө орон нутагт хөрөнгө оруулалт нэмэхгүй гэсэн хэрээ Засгийн газрын гишүүд нь өөрийнхөө тойрогт хөрөнгө оруулалт авах гэсэн зохисгүй авир гаргасан. Засгийн газар энэ төсвөө татаж аваад зардлыг бууруулаад оруулж ирэх боломж байгаа гэж харж байгаа. Хамтарсан Засгийн газарт орсон Ардчилсан нам ХҮН намууд амласан амлалтуудаасаа битгий буцаач ээ. бүтээлч хэсгээ, хувийн хэвшлээ дэмжих чиглэлээр саналаа өгөөч ээ гэж уриалж байна.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хаана5 сар 6. 12:30“Монголын төмөр зам” ТӨХК-д халаа сэлгээ хийнэ5 сар 6. 12:29Зарим нэр, томьёог зөв орчуулах талаар хэлэлцэв5 сар 6. 12:29"Засаг, захиргааны хуваарилалтыг хэзээ ч хийж болно"5 сар 6. 12:28"Дулаан байшин" амины орон сууцны нээлттэй өдөрлөг 7-ныг хүртэл үргэлжилнэ5 сар 6. 12:27Сонирхлын зөрчил үүсгэх албан тушаалтнуудын томилгоог хязгаарлав5 сар 6. 12:26“Зөвлөлдөх ардчилал, ардчиллын гажуудлыг засаж чадах уу” номыг орчуулжээ5 сар 6. 12:24Монгол хэл, бичгийн шалгалтын дүнг энэ сарын 9-нд зарлана5 сар 6. 12:23Хятад улс К-попт зөөлөн хандаж эхлэв5 сар 6. 12:22“Большой театр”-ын тэргүүн гоцлоочид “Жизель” балетын гол дүрд бүжиглэнэ5 сар 5. 19:01Хоёр сая хүн цугласан Леди Гагагийн тоглолтын үеэр тэсрэх бөмбөг илрүүлжээ5 сар 5. 16:28Монголын шатарчид Эмиратыг зорилоо5 сар 5. 16:24
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.