Өнөөдрийн байдлаар манай улс эрчим хүчний дутагдалд орж, нийт эрчим хүчнийхээ 22%-ийг хөрш орнуудаас авч байна. Цаашид эрчим хүчний системийг шинэчлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, шинэ эх үүсвэрүүдийг нэмж барих асуудал хурцаар тавигдаж байна.
Дэлхий дахинаа улс орнууд эрчим хүчний аюулгүй байдлаа хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд цөмийн эрчим хүчийг ашиглах сонирхол нэмэгдэж байна. Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/-ийн мэдээллээр сүүлийн жилүүдэд 27 орон цөмийн эрчим хүч шинээр ашиглах сонирхлоо илэрхийлж, үүнээс 11 орон цөмийн эрчим хүч ашиглах Засгийн газрын шийдвэрээ гаргаад байна.
Монгол Улс эрчим хүчний хангамжаа олон төрлийн эх үүсвэрээс хангах, ялангуяа эрчим хүчний дутагдлыг арилгах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ногоон эрчим хүч ашиглах зэрэгт цөмийн эрчим хүчийг ашиглах боломжийн талаар хэлэлцэж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “...цөмийн эрчим хүч ашиглах бодлого хэрэгжүүлж, суурь судалгааг хийнэ” гэж тусгаад байгаа.
Цөмийн эрчим хүч ашиглах асуудлыг судлах Ажлын хэсгийг 2022 онд байгуулж, Эрчим хүчний яамаар ахлуулан ажиллуулсан. Засгийн газраас Ажлын хэсгийн тайланг энэ оны 5 дугаар сард авч хэлэлцэн, холбогдох судалгааг хийж, урьдчилсан ТЭЗҮ боловсруулж, танилцуулахыг Цөмийн энергийн комиссын даргад үүрэг болгосон.
Цөмийн энергийн комиссоос ОУАЭА-тай энэ талаар нягт хамтран ажиллаж, холбогдох суурь судалгааг гүйцэтгэх ажлыг бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.
ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Цөмийн эрчим хүчийг ашиглах боломжийг судлах болон цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг бэхжүүлэх” сэдэвт төслийг энэ оноос эхлэн 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд ОУАЭА-ийн экспертүүд хүрэлцэн ирж, Цөмийн энергийн комисс, МУИС-аас хамтран зохион байгуулж буй “Цөмийн эрчим хүчний дэд бүтцийн асуудлууд: "Үндэсний байр суурь ба эрчим хүчний төлөвлөлт" сэдэвт үндэсний семинарт оролцон мэдээлэл хуваалцав.
Тус семинарын зорилго нь цөмийн эрчим хүчний хөтөлбөр гэж юу вэ, цөмийн эрчим хүчийг ашиглахад улс орнууд дэд бүтцийн 19 асуудлыг хэрхэн хангах, ялангуяа Засгийн газрын үүрэг, хариуцлага, санхүүжилт, эрчим хүчний төлөвлөлт, стратегийг хэрхэн боловсруулах, оролцогч талуудын үүрэг хариуцлага, урьдчилсан ТЭЗҮ бэлтгэхэд анхаарах асуудал зэрэг олон асуудлыг Эстони, Пакистан улсын туршлагад тулгуурлан манай улсын мэргэжлийн албан хаагчид, байгууллага, шийдвэр гаргагчдад мэдээлэл өгөхөд оршиж байна.
Энэ арга хэмжээ МУИС-ийн Номын сангийн хурлын танхимд 10 дугаар сарын 14-18- ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа ба семинарт Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цөмийн энергийн комисс, Эрчим хүчний зохицуулах хороо, МУИС, ШУТИС, ШУА-ийн хүрээлэнгүүд зэрэг төрийн болон төрийн бус 25 байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцож байна.
НҮҮРСИЙГ ОРЛУУЛЖ БОЛОХ ХАМГИЙН БОЛОМЖТОЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР НЬ
АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙХ БОЛОМЖТОЙ
Цөмийн энергийн комиссийн Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабалтай ярилцлаа.
- Монгол улс цөмийн энергийг ашиглах цаг нь болсон уу?
- Бид бүхэн цөмийн энергийг ашиглахын тулд манай улсад ямар нөөц бололцоо байна вэ, цөмийн эрчим хүчийг ашигласнаар ямар давуу тал бидэнд үүсэх вэ гэдэг асуудлыг хамгийн түрүүнд судлах ёстой. Өнөөдөр манай нөхцөл байдал эрчим хүчний хомстолд орчихсон, хөрөнгө оруулалт үндсэндээ зогчихсон, шинэ эх үүсвэр нэлээд дутагдалтай байгаа.
Эрчим хүчний системд шинэчлэл шаардлагатай байгаа. Гадаад орчиндоо нүүрснээс татгалзах уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хүлэмжийн хий бага ялгаруулдаг эрчим хүчний эх үүсвэр рүү дэлхий нийтийн хандлага чиглэж байна.
Нүүрсний цахилгаан станц хүлэмжийн хий их ялгаруулдаг эх үүсвэрүүд зогсоод эхлэхээр бусад эрчим хүч рүү шилжих үйл ажиллагаа явагдаж байна. Тэр нь сэргээгдэх эрчим хүч, усан цахилгаан станц, атомын цахилгаан станц юм. Монгол улс ойрын хэдэн жилдээ нүүрсээр орлуулж болох ч алсдаа нүүрсний станцууд, технологи, хөрөнгө оруулалт зогсвол хүнд байдалд орно. Манайх нийт эрчим хүчний 80 орчим хувийг нүүрсээр хангаж байгаа. Тэгэхээр цаашдаа яах вэ гэдэг асуудлыг бодох ёстой.
Тэгэхээр нүүрсийг орлуулж болох хамгийн боломжтой эрчим хүчний эх үүсвэр нь атомын цахилгаан станц байх боломжтой гэж үзэж байна. Үүнийг судалгаа шинжилгээгээр батлах ёстой. Өнөөдрийн болж байгаа арга хэмжээ атомын цахилгаан станцыг улс орнууд яаж хэрэглэдэг юм, тулгамдаж байгаа асуудлыг яаж шийддэг юм, дэд бүтцээ яаж хөгжүүлдэг, ямар хэмжээний санхүүжилт ордог, хүний нөөц яаж бүрддэг, станцаас гарч байгаа ашигласан түлшээ яаж аюулгүй хадгалдаг, хэчнээн ажлын байр бий болгох, орон нутгийг яаж хөгжүүлэх, манай улсын макро эдийн засагт ямар дэмжлэг болох, бусад эрчим хүчтэй харьцуулахад ямар давуу тал байгаа юм гэдгийг судлах зорилгоор хийгдэж байгаа.
Судалгаа хийхэд юун дээр анхаарах, хэн хийх, ямар төсөв хөрөнгөөр хийх вэ гэдэг асуудлыг хөндөж байна.
- Энэ асуудал дээр төр засгийн бодлого, олон нийтийн хандлага ямархуу байгаа вэ?
- Засгийн газрын 2024-28 оны мөрийн хөтөлбөрт Атомын цахилгаан станцыг ашиглах бодлого хэрэгжүүлж, суурь судалгааг хийнэ гэж тусгасан байгаа. Судалгааг хийхийн тулд манай улсын бүх л салбарын гол мэргэжлийн байгууллагууд, томоохон аж ахуйн нэгж ялангуяа эрчим хүчний чиглэлийн байгууллагууд оролцох шаардлагатай. Үүнийг хийхийн тулд олон нийттэй байнга мэдээлэл солилцох зарчмаар явах ёстой. Өнөөдөр манай иргэдийн дунд цөмийн эрчим хүчний талаар ойлголт харьцангуй багатай.
Манайд ийм төрлийн туршлага, технологи байхгүй, зөвхөн гаднын орнуудаас туршлага судалж байгаа. Энэ манай улсад бодитоор байх боломжтой эсэх, хэрэгтэй бол ямархуу хүчин чадалтай атомын цахилгаан станцыг хаана барих вэ, тэр нь хортой юмуу хоргүй юмуу гэдэг судалгаануудыг зайлшгүй хийх шаардлагатай.
Монгол Улс урантай. Уран цөмийн цахилгаан станцад түлш болдог гол түүхий эд. Бид ийм давуу талтай.
- Цөмийн эрчим хүчээр хамгийн туршлагатай улс ямар улс байдаг вэ?
- Цөмийн эрчим хүчээр дэлхий дээр 30 гаруй орон атомын цахилгаан станц ашиглаж байна. Хамгийн анхны орон бол ОХУ. Гол орнуудаас дурдвал АНУ, Хятад гэх мэт. Техник технологийн хувьд хамгийн сайн улс орон гэвэл цөмийн зэвсэгтэй таван орон болон Европын холбоо мөн шинээр гарч ирж байгаа зүүн өмнөд Азийн орнууд байна.
- Цөмийн эрчим хүч ашигласнаар бид эрчим хүчний дутагдлаас бүрэн гарах боломжтой юу?
- Бүрэн гарна гэж бол хэлэхгүй. Бид аль болох дотоодоосоо 100 хувь эрчим хүчээ өөрсдөө хангах нь зүйтэй. Түүний тулд дотоод нөөц бололцоогоо ашиглана. Монгол Улс урантай. Уран цөмийн цахилгаан станцад түлш болдог гол түүхий эд. Бид ийм давуу талтай байгаа.
- Хадгалалт хамгаалалт, аюулгүй байдлын талаар та юу хэлэх вэ?
- Судалгаагаар бид хаана хадгалах вэ, ямар хүчин чармайлт гаргах вэ, ямар төсөв мөнгө хэрэгтэй, хэдэн хүн ажиллах вэ, яаж аюулгүй хадгалах талаар олон улсын туршлагуудыг судална. Олон улсад ямар стандарт байна түүнийг Монгол Улсад ашиглана. Олон улсын хамгийн сайн туршлагыг л Монгол Улсад нэвтрүүлбэл ийм хэмжээний зардал гарах юм байна, хүн хүч хэрэгтэй юм байна, хуулиа ингэж өөрчилмөөр юм байна ингэж чадвал бид гэхдээ эдийн засгийн хувьд дарамтгүй байх ёстой. Үүнийг судлах хэрэгтэй.
- Ойролцоогоор хэдэн жилийн хугацаа шаардагдах бол?
- Олон улсын туршлагаас харахад атомын цахилгаан станцын төсөл 100 жилийн хугацаатай байдаг. Үүнээс 10-15 жил нь судлаад барих хугацаа шаардагддаг бол барьснаас хойш 60-80 жил ашиглана. Бид одоо 1-3 жил судалгаагаа хийнэ. Үүний дараа тайлангаа танилцуулна, олон нийтээр хэлэлцүүлнэ, олон нийтийн санал асуулга авна.
Саяхан аравдугаар сарын 6-нд Казакстан улсад бүх нийтийн санал асуулга болсон. Үүн шиг үйл ажиллагаа Монгол Улсад явах ёстой. Үүний үндсэн дээр Засгийн Газар шийдээд албан ёсны төрийн шийдвэр гарсны дараа хүний нөөцөө бэлдэнэ, олон улсад нээлттэй тендер зарлаж, техникийн материалуудыг хоёрдугаар үе шатанд бэлдэх ёстой.
- Цөмийн энергийн давуу болон сул талыг нэрлээч.
- Цөмийн эрчим хүчний давуу тал нь найдвартай эх үүсвэр. Цаг агаарын нөхцөл байдлаас үл хамаараад 24/7 хугацаанд эрчим хүч үйлдвэрлэх асар бага түлшээр асар их хэмжээний эрчим хүч дулааныг үйлдвэрлэх боломжтой. Сул тал нь ашигласан түлш, хаягдлын асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал байна.
МОНГОЛ ДЭЛХИЙН УРАНЫ НӨӨЦИЙН НЭГ ХУВИЙГ ЭЗЭЛДЭГ
ШУ-ны академийн физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Молортой ярилцлаа.
- Цөмийн цахилгаан станц хэчнээн улсад байдаг вэ?
- Нийт 35 орчим улс эрчим хүчний хэрэглээндээ зориулж цөмийн цахилгаан станц ашиглаж байна. Үүнд 440 орчим цөмийн реактор ажиллаж байна. Түүнээс гадна судалгааны зориулалттай цахилгаан станц гэж бас бий. 50 гаруй улсад 200 гаруй судалгааны реактор ажиллаж байна.
- Манай улсад цөмийн ямар цахилгаан станц тохиромжтой вэ?
- Цөмийн эрчим хүчний хувьд технологио дагаад үндсэн хоёр төрлийн загвар байдаг. Нийтлэг биш төрлүүд бол байдаг. Нийтлэг ашиглаж байгаа төрөл нь даралтат усан болон буцалсан уст реакторууд гэж байдаг. Эдгээр нь дэлхий дээр ашиглагдаж байгаа нийт эрчим хүчний реакторуудын 50-иас илүү хувь нь даралтат усан реакторын төрлийг ашиглаж байгаа.
- Нэг квт цагийг үйлдвэрлэх өртөг нь хэд байдаг юм бол?
Нэг квт цаг эрчим хүч үйлдвэрлэхдээ маш олон төрлийн дата мэдээллүүдийг оруулж үзэж байж тооцдог. Бидний тооцоон дээр ойролцоогоор 7 орчим центээр үйлдвэрлэх боломжтой байна гэсэн урьдчилсан судалгаа гарсан. Энэхүү судалгаа нь одоо яг манай эрчим хүчний эх үүсвэрүүд болон бусад бүс нутгийн хэмжээний орнуудтай харьцуулахад ерөнхийдөө ойролцоо мөн бусад эрчим хүчний эх үүсвэрүүдийн яг үндсэн үнэтэй харьцуулахад өрсөлдөхүйц байгаа.
-Ураны нөөцийн талаар та юу хэлэх вэ?
- Монгол улс дэлхийн ураны нөөцийн нэг хувийг эзэлдэг.
Сэтгэгдэл бичих