Байгалийн түүхийн музей Азид 7-д эрэмбэлэгдэх төв болно


9-р сарын 5
14 цаг 01 минут

Байгалийн түүхийн музей Азид 7-д эрэмбэлэгдэх төв болно Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шинэ барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр /2024.09.05/ Их тэнгэрт боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, ССАЖЗ-ын сайд Ч.Номин тэргүүтэй сайд дарга нар оролцов.


Байгалийн түүхийн музейн суурин дээр “Чингис хаан” музей барих ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлж, 2022 онд ашиглалтад оруулсан. Харин барилгаа нураалгаж, газраа булаалгасан Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар төлөвлөсөн ч өнөөдрийг хүртэл барилгыг барих хүчин чадалтай компани шалгараагүй байсан юм. Их тэнгэрийн аманд 6,6 га газарт Байгалийн түүхийн музейн шинэ барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд явц 15 хувьтай үргэлжилж байгаа талаар Соёлын яамнаас мэдээлж байв.

Монгол Улсын Засгийн газраас музейн стандарт шаардлагад бүрэн нийцсэн Ази тивдээ долдугаарт эрэмбэлэгдэх орчин цагийн Байгалийн түүхийн музей барих шийдвэр гарсан. Шинэ музей нь гурван блок бүхий 39,000м² талбайтай бөгөөд 2027 онд ашиглалтад орох гэнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

-Чингис хаан музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театрын бүтээн байгуулалт цар тахлын үеэр гацалтад орсон. Гэсэн хэдий ч Чингис хаан музей, Үндэсний төв номын сангийн шинэ барилгаа ашиглалтад оруулж чадсан. Одоо улс орны эдийн засаг эргэн сэргэж байна. Шинэ Засгийн газраа хамтран байгуулж, үндсэн том ажил руугаа хүч хаяж, олон зүйлийг хийж бүтээх шаардлагатай байна. Монголчууд оюун ухаан, хүч чадлаа нэгтгэн ажиллаж чадвал ямар ч зүйлийг бүтээдэг ард түмэн гэдгээ харуулж чадлаа. Одоо Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна. Бид үр  хүүхдүүддээ өв үлдээх ёстой. Гадаадын жуулчдад үзүүлж, эх орноо сурталчлах барилга байгууламж, музей театр ховор байна. Ард түмэндээ оюуны хөрөнгө оруулалтыг хийж байна. Цаашид энэ музей олон улсын хэмжээний шинжлэх ухааны салбарын төв болно. Холбогдох сайд, дарга нар энэ бүтээн байгуулалтад онцгойлон анхаарах хэрэгтэй гэдгийг онцлов.

Шинэ музейн барилга угсралтыг гүйцэтгэх компаниар "Содон номин" ХХК шалгарч, ажилдаа орсон талаар өмнө нь мэдээлж байв.  Зураг төслийг нь 2020 оны гуравдугаар сард “Хатанбаатар” гэх компани гүйцэтгэж, хуучнаар БСШУЯ-д хүлээлгэн өгсөн гэдгийг албаныхан хэлж байсан удаатай.

"Содон номин" ХХК нь 2012 онд байгуулагдсан бөгөөд үүсэн байгуулагч нь Болдбаярын Баттулга ажилладаг байна. Тус компани барилгын засвар, засал чимэглэлээс гадна газар тариалан, автомашин худалдаа, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.

Өнгөрсөн хугацаанд 34 тендерт оролцсоны дотор Байгалийн түүхийн музейн барилгыг гүйцэтгэх тендерт 2023 оны дөрөв, тав, долдугаар сард гурван удаа оролцож, шалгарч чадаагүй хасагдсан байна.

Capture
 
Одоогийн музейн суурь, үндсэн карказ  болох 140 метрийн урттай, 56 метрийн өргөнтэй барилгын ажлыг өмнө нь “Шинэхэн групп” ХХК өөрсдийн хөрөнгөөр нийт 25 тэрбумын өртгөөр гүйцэтгэжээ. Тус компани Японы хөрөнгө оруулалтаар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор барихаар болж, төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн 7.4 га талбайг таван жилийн хугацаатайгаар эзэмшихээр болсон байдаг.

Музейн цогцолборын тендер таван удаа буцаж, бүтээн байгуулалтын ажил дөрвөн жил “гацсан” байдаг. Уг цогцолборын төсөвт өртгийг анх 94.4 тэрбум төгрөг байсан ч 120 тэрбум төгрөгөөр төсөвлөж, баталж байв. Сүүлд энэ төсөв 138 тэрбум болж нэмэгдсэн талаар мэргэжилтнүүд хэлж байв. Энэ онд Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож буй. Гэвч шинэ музей энэ ондоо багтаж ашиглалт орж чадахгүй болсон нь тодорхой.

Шинэ Байгалийн түүхийн музейн цогцолбор нь гурван хэсэгтэй. Нийтдээ 12 төрлийн танхим, 540 автомашины зогсоолтойгоос гадна найман эх үүсвэрээс орлого олох боломжтойг тус музейн захирал асан Н.Зоригтбаатар онцолж байсан удаатай.

Тэрбээр “Байгалийн түүхийн музейн сан хөмрөг 13 мянга орчим үзмэртэй. Шинэ цогцолбор барьж дуусахад үзмэрүүд нь бэлэн. Хуучин Байгалийн түүхийн музейн 0.5 га газраас 6.6 га буюу 20 дахин том талбайтай бөгөөд цэвэр үзмэрийн талбай нь 40 мянган м/кв хүчин чадалтай” гэдгийг хэлж байв.

            БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙ РҮҮ ШИЛЖСЭН

Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 3-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр хоёр музей нэгдсэн. Үндсэндээ 2019 оны наймдугаар сарын 1-нээс Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж, Байгалийн түүхийн музейнхэн сан хөмрөг, ажилтнуудтайгаа нүүсэн.

Тус музейн захирал Н.Зоригтбаатар гавьяаныхаа амралтыг авч, түүний оронд Монголын үндэсний музейн хэлтсийн дарга И.Будбаяр томилогдон ажиллаж байна.

Музейн өмнөх захирал Н.Зоригтбаатар “Монголчууд ийм том хэмжээний соёлын бүтээн байгуулалт хийж байгаагүй учраас Солонгос Япон, Хятадын оролцоо байвал илүү чанартай болох болов уу гэж бодож байна” гэдгийг хэлж байсан. Харин одоогийн захирал И.Будбаярын хувьд "Музейн барилгыг дотоодын компани барих бүрэн боломжтой. Музейн тусгай зориулалттай хэсэгт гадаадын мэргэжилтнүүдийг ажиллуулах нь зүйтэй" гэдэг байр суурийг илэрхийлж байлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Амазон компани Старлинктэй өрсөлдөх хиймэл дагуулуудыг хөөргөжээ4 сар 29. 16:32“Хасын хүлэгүүд”, “Бишрэлт металл” багуудын тоглолт өнөөдөр эхэлнэ4 сар 29. 16:31Монгол бөхийн өргөөнд тавдугаар сард 15 барилдаан зохион байгуулна4 сар 29. 16:31Дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалт эхэллээ4 сар 29. 16:30БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, Чойжин ламын сүм музейд зочлов4 сар 29. 16:29Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүлжээ4 сар 29. 16:28Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ4 сар 29. 16:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна4 сар 29. 16:26Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлыг танилцууллаа4 сар 29. 16:25Монгол Улс олон улсын эмнэл зүйн нэр томъёог хөгжүүлэгч байгууллагад элслээ4 сар 29. 16:24Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?4 сар 28. 21:55Унгар дахь “Гүем” монгол сургуулийн сурагчид үсэглэлийн баяраа тэмдэглэв4 сар 28. 21:54
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.