Ялагдал сэтгэл зүйн дархлааг суулгаж, шилдэг тамирчдыг амжилтад хөтөлнө


5-р сарын 22
16 цаг 56 минут

Ялагдал сэтгэл зүйн дархлааг суулгаж, шилдэг тамирчдыг амжилтад хөтөлнө

Коби, ЛеБрон, Месси, Роналдо, Серена зэрэг тамирчдыг юу хамгийн шилдэг нь болгосон бэ? Дасгалжуулагч Райн Флаэртийн хэлснээр тэдний хурд, хүч, тэсвэр хатуужил, генетик нь бус сэтгэл зүй нь шилдэг болоход тусалсан аж.

Флаэртийн тухайд 15 жилийн турш олон зуун олимп, дэлхийн алтан медальтнууд, дэлхийн аварга, рекорд эзэмшигчдийн сэтгэл зүй, зан үйлийг нягт нямбай судалж, тамирчдад өсөлт хөгжлөө хянаж, амжилтаа ахиулахад нь сурсан зүйлээрээ дэм болжээ. Тэрбээр дараах зургаан зөвлөгөөг тамирчдад өгсөн гэнэ.

  1. Өөртэйгөө ярь – Эхлээд өөртэйгөө ярь. Дотоод дуу хоолойгоо сонсох бус харилцан яриа өрнүүл. Дотроо дахин нэг хүн байгаа гэж төсөөлөн "Чи чадлаа", "Одоо амьсгаа ав", "Цаг дуусах гэж байна. Жаахан хичээ" зэрэг маягаар өөртэйгөө ярих хэрэгтэй.
  2. Төсөөл, хүр – Тэмцээний өмнөх орой орондоо орсон цагаасаа эхлэн маргааш болох үйл явдлыг төсөөл. Тэмцээн, уралдааны өмнөх жижиг хэсэг бүрийг төсөөлж, ялагч болж, медалийн тавцанд өөрийгөө зогсч байна гэж төсөөлөх нь өөртөө итгэх итгэл, тэсвэр хатуужил, сэтгэл зүйгээ бэлдэх сайн арга.
  3. Зорилгоо тодорхойл – Юуны төлөө, яах гэж энэ бүхнийг эхлүүлсэн зорилгоо тодорхойл. Серена, ЛеБрон хоёр бол өөрсөдтэйгөө адил амьдралаас гаралтай хүүхдүүдэд урам зориг өгөх гэж шилдэг байхыг зорьсон гэдэг. Үүн шиг зорилгоо тодорхой байлга.
  4. Тэвчээртэй бай – Хүсэл тэмүүлэл, тууштай байдлын хослол болсон тэвчээр нь хэн нэгэнд урт хугацааны зорилгодоо хүрэхэд тусалдаг.  Дасгалжуулагч бүрийн тамирчнаасаа хайдаг, хүсдэг зүйл бол энэ тэсвэр хатуужил.
  5. Өсөлт хөгжилдөө шуна – Өдөр тутмын амьдралдаа зөв зуршлуудыг бий болго. Зөв зуршлуудын ачаар эерэг үр дүн мэдрэгдэнэ. Тэр үр дүн, өсөлт хөгжилдөө шунаж, өдөр бүр шаргуу бэлтгэлээ хий.
  6. Өмчил – Хэн нэгнээс шалтаг, буруу хайлгүй өөрийнхөө үг, үйлдэл бүрийг өөртөө өмчил. Хожигдсон ч, хожсон ч амжилтаа, алдаа дутагдлаа өөр дээрээ наа. Чи л өөрийгөө сайжруулж, чи л өөрийгөө үгүй хийнэ. Тиймээс бүхнийг өмчил.

Спортын салбар, тамирчдын бие махбодийн хөгжил хурдацтай өсөн нэмэгдсэнээр спортын сэтгэл судлал гэх ойлголт гарч, үүнийгээ даган тусдаа сэтгэл зүйч гэх мэргэжил гарч ирэв. Өмнө нь дасгалжуулагчид энэ үүргийг гүйцэтгэдэг байсан бол өнөө үед тусдаа спортын сэтгэл зүйч нар тамирчидтай ярилцаж, тэднийг сэтгэл зүйг хянадаг, анагаадаг, зөвлөгөө өгдөг болжээ. Монголд ч сүүлийн жилүүдэд энэ талаарх ойлголт дэлгэрч, мэргэжилтнүүд ч олшров.

Сэтгэл зүйгээ хянах, уур, тэвчээрээ удирдах тал дээр монголчууд дутагдалтай байдаг нь цөөнгүй жишээн дээрээс харагддаг. Үндэсний бөх дэвжээн дээрх бөхчүүдээс эхлээд тив дэлхийн томоохон тайзнаа өрсөлдөж буй тамирчид ч сэтгэл зүйн тулаанд ялагдаж, болчимгүй үйлдэл гаргасан тохиолдлууд бий. Тухайлбал, 2016 оны Риогийн олимпийн чөлөөт бөхийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Г.Мандахнаран ялж явсан хэдий ч цаг дуусахаас хэдхэн секундын өмнө хэт баярласан өөрийгөө хянаж чадалгүй, тэсгэл алдсан нь олимпийн хүрэл медалийн торгуультай байсан юм. Шүүгчид дэвжээн дээр цаг дуусахаас өмнө баяраа тэмдэглэсэн Г.Мандахнаранг оноогоор торгож, эсрэг тамирчинд нь ялалтыг өгсөн гашуун түүхтэй.

Тоглолтын цаг дуусч, шүүгч эцсийн шүгэл үлээсэн хойно л тоглолт дууслаа гэж бод.

Харин сүүлийн жишээ гэвэл 3х3 сагсан бөмбөгийн тамирчин А.Ананд. Олимпийн эрх олгох тэмцээний турш багаа манлайлж, оноо авалтаар тэргүүлж, шилдэг тоглолтоо үзүүлж байсан тэрбээр хасагдах шатанд Израилийн багийн эсрэг зохисгүй үйлдэл гарган эсрэг багийн тамирчинг мөргөчихсөн хэрэг. Угтаа Израилийн тамирчин А.Анандыг түлхэж унагаан үгээр "идэхэд" тэрбээр уураа барьж чадаагүй. Үр дүнд нь юу болсныг бүгд л харж, хэд хоног хэлэлцсэн.

Цахим спортод ч "The MongolZ"-ийнхон "ESL Pro League"-ийн 19 дэх улирлын шигшээ тэмцээнд Оросын "VP" багийг илүүрхэж байсан ч эрт тайвширч, эсрэгээрээ сэтгэл зүйгээрээ унаж, илүү байсан тоглолтдоо хожигдсон билээ.

Энэ мэт сэтгэл зүйн тулаанд ялагдсан харамсалтай, гашуун сургамжтай жишээнүүд бий. Ялангуяа үндэсний бөх дээр түгээмэл харагддаг. Наадмын үеэр учраа хоёр бөхийн барилдаан эхлэхээс өмнө цаагуураа сэтгэл зүйн тулаан эхэлчихсэн байдаг. Бие биенийгээ ч шатаах, хурцлах үгс, үйлдэл харамгүй гаргана. Хэн эхлэж гэнэ алдсан нь ялагдана.

Монголдоо тэргүүлэх спортын сэтгэлзүйч Золзаяагийн хэлснээр "Олимп, тив дэлхийн аварга болох хүсэлтэй тамирчин сэтгэл зүйн тулаанд орох бэлтгэлтэй байх ёстой. Ялалт, ялагдал хоёуланд нь сэтгэл зүйгээ бэлтгэсэн тамирчин амжилтад хүрдэг. Сүүлийн жилүүдэд ялагдалд бэлтгэх нь сайн зүйл гэж үзэж байна. Гэхдээ ялагдлын дараах сэтгэлийн хатыг суулгаж өгөх ёстой болдог" гэв. 

Ялагдал бол спортын нэг хэсэг. Хэрэв чи ялагдаагүй бол өрсөлдөөгүй, хичээгээгүй гэсэн үг.

Тамирчид, спорт сонирхогчдын дунд "Mamba Mentality" буюу "Мамба сэтгэхүй" гэх домогт сагсан бөмбөгчин асан Коби Брайантаас үүсэлтэй нэршил бий. Коби өөрөө энэ нэршлийн талаар тайлбарлахдаа "Мамба сэтгэхүй бол үйл явцад анхаарлаа төвлөрүүлж, хамгийн чухал үед шаргуу хөдөлмөртөө итгэх явдал юм" гэв. Өөрөөр хэлбэл, өсөлт хөгжилтдөө анхаарч, шаргуу бэлтгэл сургуулилалтаа хийж, тууштай байж чадвал хамгийн чухал, эгзэгтэй мөчид үр дүн нь харагдана гэсэн үг.

Та бүхэндээ Мамба сэтгэхүйтэй холбоотой Коби Брайантын хэлсэн алдарт эшлэлүүдийг толилуулъя.

– Олон хүмүүс агуу болохыг хүсдэг ч агуу амжилтанд хүрэхийн тулд шаардлагатай золиосыг гаргахад бэлэн байдаггүй. Тэдэнд чухал эсэх нь тодорхойгүй өөр санаа зовоосон асуудал байдаг. Үүний улмаас сул дорой харагддаг. 

Шаргуу хөдөлмөр үргэлж төрөлхийн авьяасаас илүү үнэлэгддэг. Мамба сэтгэхүй бол өглөөний 04.00 цагт хажууд байгаа залуугаасаа илүү хөдөлмөрлөх, цаг нь болохоор хөдөлмөрлөж буй зүйлдээ итгэхийн нэр.

Судалгаа шинжилгээ, бэлтгэл ажил, бэлтгэл сургуулилалтгүй хүмүүс бүхнийг хувь заяанд даатгадаг. Харин би хувь заяанд итгэдэггүй. Дэлхий бол миний номын сан.

Би залхуу хүмүүстэй харьцдаггүй. Бид ижил хэлээр ярьдаггүй. Би тэднийг ойлгодоггүй. 

Хүмүүс амжилт, ялалтыг эв нэгдэл, бие биетэйгээ найрсаг байснаар ирдэг гэж маш буруу ойлгодог. Энэ бол бодит үнэн биш. Хэрэв чи лидер болмоор байвал хүн бүхэнтэй битгий найрсаг бай. Хүн бүхэнтэй хариуцлага ярих ёстой. Тухгүй байсан ч үнэнийг хэлэх хэрэгтэй.

Хожигдолтой нүүр тул. Үүнээс суралц. 

-Ялахаараа яаж баярладаг шигээ хожигдлыг үзэн яд

Хүчирхэг сэтгэл зүй хүчирхэг тамирчдыг бий болгодог гэдгийг дээрх үгнүүдээс харж болно. Удахгүй олимп эхэлнэ. Том сэтгэл зүйтэй, том тамирчид, улс орон, тив бүрийн ялагчид шилдгээ тодруулна. Тэр том дэвжээн дээр сэтгэл зүйгээ удирдаж, үг үйлдлээ хянана гэдэг ялахын эхлэл. Нэг үеэ бодвол Монгол Улс тамирчдын сэтгэл зүй, хоол зүйн дээр онцгой анхаардаг болжээ.

“Парис-2024” зуны олимп, паралимпийн наадам хүртэл үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчидтай дараах дөрвөн баг хамтран ажиллаж байна.
  • Спортын сургалт, дасгалжуулалтыг дэмжих баг
  • Спортын сэтгэл зүйчдийн баг
  • Спортын анагаах ухааны баг
  • Спортын хоол зүйн баг

Гагцхүү ирэх олимпоор үр дүн нь харагдана. Ерөнхийдөө спортын сэтгэл судлал, хоол зүй гэх зэрэг бусад хүчин зүйлс тамирчдын амжилт, үзүүлэлтэд гол нөлөө үзүүлдэг.

"Чамд хэрхэн ялагдахаа сонгох сонголт байхгүй, гэхдээ яаж буцаж ирээд дахин ялахад бэлдэх сонголт бий."

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Гадаадад суугаа монголчуудад зөвлөх нь: Хушуу нэмэрлэхээс хуруу нэмэрлэ!6 сар 14. 20:06Даваа гарагт улсын арслан М.Бадарчид унасан бөхчүүдэд нөхөж цол олгоно6 сар 14. 20:00П.Сайнзориг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг мэтгэлцээнд дуудав6 сар 14. 19:59Сонгуулийн сурталчилгааны зардал баялаг бүтээгчдийн орлого болов6 сар 14. 19:58Төмөр замын гарц, гармуудаар 400 орчим ан амьтан дайрч өнгөрчээ6 сар 14. 19:55Улаанбаатар-Прага чиглэлд нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөг байхаар тогтжээ6 сар 14. 19:54Үндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ₮3.4 тэрбумаар үнэлэгдэх 16 автомашинтай6 сар 14. 19:53Хятад: "MeToo" хөдөлгөөний тэмцэгч 5 жилийн ял авлаа6 сар 14. 19:45Ричард Бреслин: Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай6 сар 14. 19:37Улаанбаатарт шинэ орон сууцны дундаж үнэ дөрвөн сая төгрөгт хүрчээ6 сар 13. 17:36НЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв6 сар 13. 17:34Маргааш төв талбайд эхлэх “Asia Folk 2024” наадмын нээлтэд Ираны хөгжимчин “Хуучрын аялгуу” бүтээлийг эгшиглүүлнэ6 сар 13. 17:33
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.