П.Галрагчаа: Олон хүний зүтгэлээр тахийн удам тасрах аюулаас аврагдсан


5-р сарын 22
16 цаг 54 минут

Олон улсын Биологийн олон янз байдлыг хамгаалах өдрийг тохиолдуулан тахь адууг сэргээн нутагшуулж буй ажлын үр дүнгийн талаар Тахь нутагшуулах Хустай төвийн захирал асан, доктор Пэрэнлэйн Галрагчаатай  ярилцлаа.

 

Монгол Улсад биологийн олон янз байдлыг хамгаалан тэтгэх чиглэлээр хийсэн хамгийн том ажил бол Тахь сэргээн нутагшуулсан явдал юм. Энэ нь Монголд төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох байгаль экологи хамгааллын ажил болсон гэж үздэг байна. 1960-аад оны сүүлчээр  бүр мөсөн  устаж үгүй болоод байсан Монгол нутгийн Тахь адууг сэргээн нутагшуулах ажлыг гадаадын  байгаль орчинд элэгтэй сайн санаат хүмүүс, сайн дурын байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрийн тусламжтайгаар амжилттай хэрэгжүүлж байна. Эдүгээ 900 гаруй тахь Монгол орны экологийн гурван бүсэд бие даасан гурван популяц  болон байгалийнхаа жамаар  үржин идээшиж байна. 

П.Галрагчаа, БНАГУ-ын Лейпциг хотод Карл Марксын Их сургуулийг 1982 онд  малын их эмч мэргэжлээр төгсөж ирээд Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнд Малын үржлийн биологи, биотехнологийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийх болжээ. 1993 онд  малын үр хөврөл шилжүүлэн суулгах технологийг Монголд анх удаа туршин, дэд докторын зэрэг хамгаалсан. 1994 оноос  Тахь нутагшуулах Хустай төвийн захирлаар томилогдож, Голландын Тахь хамгаалах сан, “Монголын байгаль орчныг хамгаалах холбоо” ТББ хамтран хэрэгжүүлсэн Тахь адууг сэргээн нутагшуулах төсөл, Голландын Засгийн газраас хэрэгжүүлсэн Хустайн нурууны биологийн  олон янз байдлыг судлах төсөлд гар бие голлон оролцсон нэгэн. 1997 оноос Монгол Улс, ХБНГУ-ын  Засгийн газар хоорондын хамтын  ажиллагааны хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GTZ/GIZ,-ийн шугамаар Монгол орны тусгай хамгаалалттай газруудад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд төслийн  ахлах мэргэжилтэн, бүс нутаг хариуцсан зохицуулагчаар ажиллаж байсан. Тэрбээр 2015 оноос Германы KfW  Хөгжлийн банк, БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдал уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийн үндэсний ахлах зөвлөхөөр ажиллаж байна.

 

-Монголын говь, талд олон зуун жилийн турш амьдарч байсан тахь адуу эх нутгийнхаа байгальд устаад байсан гол шалтгаан нь чухам юу юм бол?

-Тахь  буюу  “Пржевалскийн адуу” нь одоогоор дэлхий дээр үлдсэн цорын ганц зүйл зэрлэг адуу.  Монгол орны говь, талын өргөн уудам нутагт олон зууны турш тархан байршиж байсан тахь адуу маань 19-р зууны эхээр зөвхөн Алтайн өвөр бэл, Зүүнгарын говийн урд хэсэг Байтаг богд, Хавтаг, Тахийн шар нурууны ар хөндийн өргөн талд сүргээрээ амьдарч байсан. 1960-аад оны сүүлчээр тархан амьдарч байсан нутагтаа үзэгдэхгүй болж, 1967 онд Говь-Алтай аймгийн Бугат сумын Гүнтамгын усанд хамгийн сүүлчийн тахь үзэгдсэн байдаг юм. 1972 онд тахь байгаль дээр устсан болохыг албан ёсоор дэлхий дахинд зарласан. 1890-ээд оны дундаас Европын амьтны хүрээлэнгүүдэд тахийн унага барих ажил эхэлж, Зүүнгарын говиос Аскани-Нова, Герман руу хэд хэдээр нь аваачсан байдаг юм. Ингэж хэдэн жил үргэлжилсэн унага барих үйл ажиллагааны үеэр сүргийн бүтцийг алдагдуулсан,  мөн 1940-1950 оны үед Монголын баруун хилээр орогнож байсан дээрэмчид тахийг агнаж хүнсэндээ хэрэглэж байсан нь тахь устахад хүчтэй нөлөөлсөн гэж үздэг л дээ.

 

-Одоо дэлхий дээрх тахийн тоо толгой хэд байдаг бол? Тахийн үр удмыг буцааж  авч ирэн сэргээн нутагшуулах ажил манайд хэдий үеэс эхэлсэн юм бэ?

-Монголоос гадаад орнуудад аваачсан тахийн үр төл үржсээр одоо дэлхийн 27 улсын амьтны хүрээлэнд 1200 гаруй болсон байна. Тахь тэжээвэр амьтны адилаар хязгаарлагдмал нөхцөлд амьдарч, жил ирэх тутам цус ойртолт ихсэж, тоо толгой нь нь цөөрсөөр 1980-аад онд нийт амьтны хүрээлэнгийн унаганы хорогдол 15-26 хувь, хоёр нас хүртэлх тахийн хорогдол 42 хувьд хүрлээ гэсэн тоо гарсан.  Энэ нь олон улсын эрдэмтдийн анхаарлыг татаж, сэтгэлийг нь зовоосон хүнд асуудал болж байлаа. Тиймээс зэрлэг тахийн удмыг таслахгүйн тулд нэн яаралтай шийдвэрлэх цорын ганц арга нь буцааж зэрлэгшүүлэх явдал гэдэгтэй эрдэмтэд санал нийлсэн байдаг. 1976 онд Будапешт хотод хуралдсан олон улсын эрдэмтдийн бага хурлаар тахийг Монголд нутагшуулах асуудлыг хэлэлцэж газар нутгийг зөв сонгох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байдаг.

 

-Монгол нутагт нь тахь дахин нутагшуулахдаа өмнө амьдарч байсан газар орныг сонгосон байх нь?

-Тийм ээ. Сүүлчийн бодгаль нь амьдарч байсан Зүүнгарын говийн тодорхой хэсэгт зэрлэгшүүлэн тавьж нутагшуулах нь хамгийн тохиромжтой юм гэж эрдэмтэн судлаачид үзсэн. Монголд тахь сэргээн нутагшуулах газар нутгийг сонгох асуудлаар 1988-1990 онуудад Олон улсын эрдэмтдийн баг Дорнодоос Зүүнгарын говийн бүс хүртэл олон газрыг үзэж судлаад ингэж шийдсэн юм. Тухайн нутаг Улаанбаатараас 1400 гаруй километр алслагдсан, ямар ч төв суурин газар, дэд бүтэц байхгүй ч тахийн сүргийг өргөн уудам, чөлөөтэй бэлчээрт нутагшуулж, зэрлэг удмын зан төрхийг аль болох богино хугацаанд сэргээх зорилготой байсан юм.

 

Мөн ойт хээрийн бүсэд Хустайн нурууг тахь нутагшуулах хоёр дахь газраар сонгосон. Хустайн нуруу хотоос 100 км гаруй зайтай, ус бэлчээр сайтай, өвс тэжээлээр хангах боломжтой, төв суурин газар, зам харгуйд ойрхон, хүн хүч төвлөрүүлэн ажиллаж, гадаад дотоодын аялагч, жуулчдыг татаж өргөн хүрээтэй ажиллах боломжтой арай эрсдэл багатай гэж үзсэн.

 

-Энэ ажлыг эхлүүлэх тухай олон улсын эрдэмтдийн шийдвэр нь Монголын талд үнэхээр олзуурхууштай зүйл болжээ.

-Яг тийм. Тийм ч учраас Тахийн удмыг эх нутагт нь авчирч нутагшуулах олон улсын эрдэмтдийн шийдвэрийг 1990 онд Монголын тал маш сайн дэмжсэн юм. Төр засагтайгаа санаа нэгдэн эхлүүлж чадсанаар барахгүй онцгой үр дүнгээ өгсөн сайхан ажил бол энэ. Тухайн үеийн Сайд нарын зөвлөл “Тахийг уугуул нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг зохион байгуулах үндэсний комисс”-ыг анх байгуулж байлаа. Харин жилийн дараа Засгийн газар өөрчлөгдсөн учраас дээрх комиссыг шинэчлэн баталж даргаар нь Байгаль орчны хяналтын улсын хорооны дарга З.Батжаргалыг, орлогч даргаар Монголын Анчдын нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга У.Буяндэлгэр, Монголын байгаль орчныг хамгаалах холбооны холбооны дэд ерөнхийлөгч Ж.Цэрэндэлэг нарыг, орон тооны нарийн бичгийн даргаар О.Доржрааг томилсон байдаг юм.

 

-Тахь нутагшуулахад хөрөнгө зардлаас өгсүүлээд маш их зүйл хэрэгтэй байсан нь тодорхой. Ялангуяа 1990-ээд оны бэрх цаг үед ийм ажлыг эхлүүлэх нь хэцүү байсан биз?

-Их ч хөрөнгө зарцуулах, тийм ч амар хялбар ажил биш байсан. Нийгэм эдийн засгийн шилжилтийн эхэн үед санхүүгийн ямар ч бололцоогүй байлаа. Тэгэхээр байгальд элэгтэй  дотоод, гадаадын  хувь хүмүүс, хамт олон, байгууллагыг олж түшихээс өөр арга байгаагүй. Ингээд Хустайн нуруунд тахь нутагшуулах ажлыг Монголын байгаль орчныг хамгаалах холбоо, Нидерландын тахь хамгаалах сан, Зүүнгарын говийн Тахийн талд тахь нутагшуулах ажлыг ХБНГУ-ын иргэн Кристиан Освальдын сантай тус тус хамтран ажиллахаар гэрээ байгуулж, тэдний санхүүгийн дэмжлэгтэйгээр гадаадын амьтны хүрээлэнгүүдээс тахь авах ажлыг хамтран гүйцэтгэх шийдэлд хүрч байв.

 

 

-Дахин нутагших тахийн сүргийн анхных нь яг хэзээ Монгол нутагт ирсэн юм бэ?

-Дэлхийн Байгаль хамгаалах тэмдэглэлт өдөр 1992 оны 6 дугаар сарын 5-нд тахийн сүрэг эх нутагтаа эргэн ирсэн юм. Нидерландын тахь хамгаалах сан Хустайн нуруунд 15 тахь, ХБНГУ-ын Христиан Освальдын сан Говь-Алтай аймгийн Бугат сумын Бижийн аманд 5 тахийг тээвэрлэж авч ирснээр Монголд тахь нутагшуулах ажил эхэлсэн түүхтэй. Үүний дараа Франц улсын тахь хамгаалах сан Завхан аймгийн Хомын талд  2004 онд 12 тахь авчирсан. Тахийг уугуул нутагт нь амжилттай сэргээн нутагшуулснаар зөвхөн Монгол Улсад төдийгүй, дэлхий дахинд битүү туурайтан амьтныг анх удаа сэргээн нутагшуулж, зэрлэг шинж байдалд нь эргүүлэн оруулсан чухал ач холбогдолтой, анхны бодит “загвар” ажил болсон юм. Амьтны аймгаас устах аюулд орсон нэгэн төрөл зүйлийг авран хамгаалж байгаа энэ үйл хэрэг бол байгаль орчныг хамгаалах үндэсний төдийгүй олон улсын ач холбогдолтой. Энэ ажилд дотоод гадаадын маш олон хүний нөр их хөдөлмөр, ур чадвар шингэсэн дээ. Бас төр засаг, олон нийт, нутгийн иргэдийн ойлголцол, аливаад нэгэн сэтгэлээр хандах хандлага байгаа цагт алсын зорилгодоо амжилттай хүрч чаддаг гэдгийг үлгэрлэсэн ажил болсон гэж би боддог.

 

-Нутгийн иргэдийн ойлголцол гэснээс тахийг анх авчирч нутагшуулах үед тухайн нутаг орчмын иргэдийн эсэргүүцэлтэй ямар нэгэн байдлаар тулгарч байв уу?   

-Тахь нутагшуулах ажил анхнаасаа тийм ч амар хялбар байгаагүй. Хустайн нурууны байгалийн нөөц газар нь Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай гэсэн гурван сумын зааг, эдгээр малчдын өвөлжөө, хаваржааны гол нутаг байсан ба Тахь нутагшуулах ажиллагаатай холбогдуулан Алтанбулаг сумын 30 гаруй айлын өвөлжөөг нүүлгэн шилжүүлэх шаардлага гарч малчид урьдын адилаар малаа бэлчээрлүүлэх боломж нь хязгаарлагдаж эхэлсэн юм. Үүнээс шалтгаалж бэлчээрийн зөрчил маргаан байнга гарна.

Хустай орчмын малчдын ихэнх нь тахь нутагшуулж байгаад ихэд бэлгэшээж хүндэтгэлтэй хандаж байсан ч зарим нэг хүмүүсийн эсэргүүцэлтэй ширүүхэн тулах үе ч байсан. Тэр ч бүү хэл та нар манай газар нутгийг гаднынханд зарж идэж байгаа биз, унаж эдлэхгүй, сааж сүүг нь уухгүй, махыг идэж болдоггүй юм бол ийм амьтныг ингэж зардал чирэгдэл гаргаж өсгөж үржүүлэх нь хэнд хэрэгтэй юм бэ, бид чинь малынхаа буянаар амьдардаг улс, манай нутгийн хамаг бэлчээр усны сорыг эзэллээ гэх мэтээр эсэргүүцэх хүммүс ч байлаа. Ингээд тухайн орчны сумдын малчид, ард иргэд, нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах хэрэгтэй болсон.  Алтанбулаг суманд Голланд бяслагийн үйлдвэр, Баянхангай суманд таргийн үйлдвэр байгуулж, эдгээр сумдын хүн эмнэлэгт эхчүүдийн төрөхийн өмнөх тасаг тохижуулах, Хустай орчмын малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх төсөл хэрэгжүүлж эхлэхэд орон нутгийн удирдлага, нутгийн иргэдийн хандлага эрс өөрчлөгдөж, хамтын ажиллагаа сайжирч ирсэн. Арга ч үгүй юм даа. Хэн ч нутаг усаа л гэдэг шүү дээ.

 

Тахь сэргээн нутагшуулсан нөгөө хоёр газар ч мөн  адил нутгийн иргэдийн тогтвортой амьжиргаанд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулснаар орон нутгийн дэмжлэгийг авч үр дүнтэй хамтран  ажиллаж байна. Эх нутгаасаа богтлогдож гараад, гадаад орнуудын амьтны хүрээлэнд  үзмэр болж, сүйрлийн ирмэгт байсан Тахь адуугаа эх нутгийнхаа унаган байгальд зэрлэгшин, сүрэглэн бэлчиж байгалийн жамаар өсөж үржиж байгааг хараад бид чадлаа шүү дээ гэж өөрийн эрхгүй бахархал төрдөг дөө.

-Манайд нутагшсан тахийн тоо толгой одоо хэд болсон бэ? Одоо устах аюулаас холдсон уу?

-Тахийн удам тасрах аюулаас аврагдсан. Энэ бол хамгийн чухал нь. Монгол орны ойт хээр, хээр, говь цөл зэрэг байгалийн ялгаатай бүсэд тахийн гурван популяцийг бий болгож, тахь хэмээх амьтны зэрлэг удам устахаас бүрэн хамгаалж чадсан. Сэргээн нутагшуулж байгаа энэ гурван популяцийг хооронд нь солилцож цус сэлгэх боломж бий болоод байна. Задгай бэлчээрт суллаад тавьчихаар тахь маш хурдан зэрлэг зан төрхдөө шилжин, эзэмшил нутгаа жил бүр тэлж, хүний дэмжлэггүйгээр байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг зөн совингоороо мэдэрч, гаднын элдэв халдлагаас өөрийгөө хамгаалах чадвар нь сайжирдаг юм билээ.

 

Тахийн орооны үе, унагалах хугацаа байгалийн горимдоо шилжиж гүү хээлтэх, өсөж үржих нь жилээс жилд нэмэгдэж байгаа. Энэ нь тахь зэрлэгшиж буйн баталгаа.Одоо Хустайн байгалийн цогцолборт газар, Тахийн тал буюу Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг, Хомын талын байгалийн цогцолборт газрын гурван популяцид 900 гаруй болж өсөж үржсэн тахийн сүрэг сул чөлөөтэй идээшилж байна. Монгол түмний шүтээн, тахилга сүлдэндээ мөнхөлсөн адууны өвөг “Тахь” хэмээх нэгэн зүйл амьтан эх нутгаасаа алсран одож, улмаар дэлхийн амьтны аймгийн нэгэн судсан хэлхээнээс үр удам нь тасрахын даваан дээр уугуул нутаг Монгол оронд нь сэргээн нутагшуулсан нь олон хүний хүчин зүтгэлийн үр дүн юм шүү дээ. Зэрлэг удам нь бүрэн сэргэсэн байгааг хараад үргэлж баяртай явдаг юм.

 

-Устаад байсан амьтныг эргэн нутагшуулах, байгалийн зөнгөөр нь өсгөн үржүүлнэ гэдэг амар ажил биш. Өдий хэмжээний амжилтанд хүрч, устаж үгүй болохоос сэргийлж чадахад нөр их хөдөлмөр хүч зарцуулсан байж таараа. Энэ ажилд чин сэтгэлээсээ зүтгэсэн гадаад дотоодын маш олон хүн бий. Тэднээс онцгойлж дурсаач?

-Энэ буянтай сайхан үйлсийг бүтээхэд гадаадын сайхан сэтгэлт хувь хүмүүс, байгууллагууд асар их үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, Голландын тахь хамгаалах сангийн тэргүүн Ян Бауманн, Ингэ Бауманн,  ХБНГУ-ын Кристиан Освалд, Францын иргэн Клаудиа Фэ, Олон улсын тахь групп, Чех улсын Праг хотын зоо парк зэрэг байгууллага, хүмүүсийг  онцлох ёстой. Тэдний хандив тусламжийн үр дүнд төслүүд маань амжилттай хэрэгжиж өнөөдөр Монголд төдийгүй дэлхийд томд тооцогдох ажил хийж чаджээ. 

Тахь сэргээн нутагшуулах ажлыг мэргэжлийн өндөр хэмжээнд удирдан зохион байгуулж бодлогоор дэмжиж байсан Байгаль орчны яамны сайд асан З.Батжаргал Монголын байгаль хамгаалах холбооны ерөнхийлөгч МУ-ын гавьяат хуульч доктор О.Амархүү, дэд ерөнхийлөгч Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, доктор Ж.Цэрэндэлэг, Монголын ховор амьтныг хамгаалах үндэсний хорооны нарийн бичгийн дарга О.Доржраа нар болон Тахь нутагшуулах төвүүдийн үе үеийн удирдлага, мэргэжилтэн, судлаачид, байгаль хамгаалагчдадаа талархаж явдаг юм.

Зүүн гар талаас: Тахь нутагшуулах  Хустай төвийн захирал доктор П.Галрагчаа, Хустай нурууны  биологийн олон янз байдлыг хамгаалах, судлах төслийн  олон улсын зөвлөх Ян Вехтер, төслийн зохицуулагч доктор Ж.Цэрэндэлэг  нар. Төв аймгийн Алтанбулаг сум. 1976 он

 

-Аливаа том хөхтөн амьтан амьдарч буй орчиндоо маш их эерэг нөлөөтэй. Ялангуяа тоо толгой нь ихэссэн үедээ сайн нөлөөлөл нь улам их болж байдаг гэдэг. Манайд тахийг сэргээн нутагшуулаад зогсохгүй одоо тоо толгой нь 1000 орчим боллоо. Байгаль экологид үзүүлж буй эерэг нөлөө багагүй байгаа болов уу?

-Тахь сэргээн нутагшуулж байгаа Хустайн байгалийн цогцолборт газарт зэрлэг амьтны амьдрах орчин сайжирснаар буга, аргаль хонь, цагаан зээр зэрэг  ховор амьтад шинээр ирж, нутагшин өсөж үржиж байна. Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн тахийн сүрэгтэй хамт хулан, хар сүүлт, зэрэг зэрлэг амьтад давхар хамгаалагдаж байгаль экологид эерэг нөлөө үзүүлж байна. Хустайн нуруунд одоо цагаан зээр 600, аргалийн тоо 60 гаруй болсон. 16 мянга орчим тарвага, 1300 гаруй бугатай болж, өөр газруудад ховордсон эдгээр амьтдыг шилжүүлэн нутагшуулах ажил бас хийж байна. Хустайн байгалийн цогцолборт газар 2002 онд ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал”-ын дархан газрын сүлжээнд бүртгэгдсэн нь тахь нутагшуулах ажлын олон улсын ач холбогдлыг харуулж байгаа хэрэг.

 

-Монгол оронд тахь сэргээн нутагшуулсан ажлын  хамгийн гол үр дүнг та юу гэж дүгнэх вэ?

-1960-аад оны сүүлчээр байгальд зэрлэгээрээ устаж манай гаргийн зэрлэг амьтдын данснаас хасагдахад хүрсэн тахь адууг мөхлийн аюулаас авран хамгаалж чадсан нь тахь сэргээн нутагшуулах ажлын  гол үр дүн. НҮБ-ын Олон улсын байгаль хамгаалах холбооны дүгнэлтээр Тахь адуу “байгальд устсан” зэрлэг амьтны жагсаалтад орж байв. Харин 2008 онд “устаж байгаа”, 2011 онд “устаж болзошгүй” ангилалд орж ирснээр ховордлын зэрэг нь 2 ангилал буурсан байдаг юм. Цаашид “нэн ховор” ангилалд орох боломжтой болгосон нь энэхүү ажлын үр дүнгийн  нотолгоо болно. Дэлхийн байгаль хамгаалах холбооны Зүйл хамгаалах комиссын адуу судлаачдын групп “Сэргээн нутагшуулсан байгалийн зэрлэг тахь зөвхөн Монголд бий” гэж дүгнэсэн нь Монголд тахийг сэргээн нутагшуулж байгаа ажилд өгч буй олон улсын байгууллагын нэлээн том үнэлгээ юм. Тахь хэмээх нэгэн зүйл том хөхтөн, битүү туурайтан амьтан устахын даваан дээр удам нь сэргэж, устах аюулаас аврагдаж, уугуул нутагтаа чөлөөтэй зэрлэгшин бэлчээрлэх болсон нь зөвхөн Монгол Улсын төдийгүй дэлхий дахинд чухал ач холбогдолтой, шинжлэх ухаан, байгаль хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмэр юм даа.

 

Тахь нутагшуулж буй газруудыг улсын тусгай хамгаалалтад авснаар шинэ суурингууд үүсэж, байгаль хамгаалал, судалгаа шинжилгээний ажлыг газар дээр нь гүйцэтгэх хамгааллын менежментийн шинэ загварыг бий болж байна. Ямар ч дэд бүтэцгүй эзгүй хээр байсан Хустайн нуруу, Бижийн гол, Хомын тал нь богино хугацаанд хамгаалалт, судалгаа шинжилгээ, аялал жуулчлал эрхлэх материаллаг бааз, хүний нөөц бүхий төвүүд болон хөгжжээ.

 

Хустайн нуруу нь Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд үлгэр жишээ хамгаалалттай  газруудын нэг болсон ба Говь-Алтай аймгийн Бугат сумын Бижийн голын суурин нь Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргаа болж өргөжсөн байна

 

-Тахь сэргээн нутагшуулсны экологийн ач тус нь төдий их бол шинжлэх ухааны ач холбогдол нь юу байдаг вэ?

-Битүү туурайтан, том хөхтөн амьтныг байгальд эргүүлэн зэрлэгшүүлж буй энэ ажил бол олон улсын практикт анхны амжилттай туршилт болж чадсан. Хүний гар дор 100 гаруй жил идээшсэн амьтныг эрс тэс уур амьсгалтай зөвхөн байгалийн бэлчээрээр амьдрах өвөрмөц онцлогтой шинэ нөхцөлд дасан зохицох, нутаг бэлчээрээ сонгох, сүрэг бүрдүүлэх, зан араншны өөрчлөлт зэрэг олон асуудлыг цогцоор нь судалж шинжлэх ухаанд мэдээлсэн. Том хөхтөн амьтныг байгаль цаг уурын эрс тэс нөхцөлтэй өөр орчинд шилжүүлэн нутагшуулахдаа нэгээс хоёр жил тусгай дасгах байранд хүний хараа хяналтад байлгасны дараа байгальд нь суллах шаардлагатайг тогтоож хэрэгжүүлсэн.

Тахийг уугуул нутагт нь сэргээн нутагшуулснаар судалгаа шинжилгээний ажлын шинэ чиглэл нээгдээд байна. Мөн тахь судлалын үндэсний мэргэжилтнүүд бэлтгэгдэж, тахийн биологи, экологийн чиглэлээр судалгааны олон бүтээлүүд хэвлэлд нийтлэгдэн, дотоод, гадаадын 28 хүн магистр, 16 хүн докторын зэрэг хамгаалсан байна. Өөрөөр хэлбэл Хустайн нуруу бол үндэсний болон гадаадын эрдэмтэд, залуу судлаачдын эрдэм шинжилгээний “хээрийн лаборатори” гэж хэлэх бүрэн боломжтой болчихлоо. Монголд тахь сэргээн нутагшуулж байгаа ажил өнөөдөр олон улсын эрдэмтэд, тахь сонирхогчдын анхааралд хэдийн өртөж чадсан байна.  Швейцар, Голланд, Герман, Австри, Япон, АНУ, Англи зэрэг олон орны эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын хамтын ажиллагаа ч өргөжсөн.

 

-Энэ том ажлын эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг нь тооцож гаргасан л байдаг байх?

-Сэргэж нутагшаад байгаа 940 толгой тахийн экологи, эдийн засгийн үр ашгийг өнөөгийн мөрдөж буй үнэлгээгээр тооцоход, ойролцоогоор 11.0 тэрбум төгрөг давсан. Энэ ажил үндсэндээ гадаадын байгууллага, төсөл, хувь хүмүүсийн хандив тусламжаар санхүүжиж ирсэн байдаг юм. Тийм ч учраас улсын төсвийн ачааллыг асар ихээр хөнгөвчилсөн асар том хөрөнгө оруулалт болсон шүү. Хустайн нуруунд л гэхэд Голландын Тахь хамгаалах сан таван удаагийн тахь тээвэрлэлтэд нийтдээ 450 мянган ам.доллар зарцуулсан байдаг юм. Нидерландын Вант улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 1993-2012 онд Хустайн байгалийн цогцолборт газар болон тухайн орчны бүсэд таван төсөл хэрэгжүүлэхэд нийтдээ 8 сая ам.долларын хөрөнгө зарцуулсан. 2012 онд олон улсын төсөл зогссоноос хойш жил бүр 20 мянган ам.долларын тусламж Хустай төвд олгосоор л байгаа. “Хустайн байгалийн цогцолборт газар” төв ТББ одоо улсын нэгдсэн төсвөөс ямар ч зардал гаргахгүйгээр байгалийн цогцолборт газрын менежментийг бүрэн хариуцдаг. Жил бүр дотоод гадаадын олон мянган аялагч жуулчдыг хүлээн авч үйлчлэн, санхүүгийн эх үүсвэрээ өөрийн нөөц бололцоогоор бүрдүүлж ажилладаг. Тахь сэргээн нутагшуулах төвүүд маань аялал жуулчлалын салбарын хөгжил, дотоод, гадаадын аялагч жуулчдын тоог нэмэхэд тодорхой нөлөөгөө үзүүлж байгаа.

 

Олон улсын тахь групп 1999 оноос өнөөдрийг хүртэл тахь тээвэрлэх, нутагшуулах, бусад бүтээн байгуулалтын ажилд зориулж жил бүр дунджаар 100-120 мянган ам.доллар, Чех улсын Прага хотын захиргаа, амьтны хүрээлэн 2011 оноос хойш тахь тээвэрлэх, нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтыг сайжруулах, орчны бүсийн иргэдийг дэмжих төсөлд 1,3 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Монгол оронд тахь сэргээн нутагшуулах ажлын хүрээнд гадаадын санхүүгийн дэмжлэгтэйгээр олон жижиг төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр тахь нутагшуулж байгаа орчны сумдын иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжихэд ч хувь нэмэр оруулж байна. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Гадаадад суугаа монголчуудад зөвлөх нь: Хушуу нэмэрлэхээс хуруу нэмэрлэ!6 сар 14. 20:06Даваа гарагт улсын арслан М.Бадарчид унасан бөхчүүдэд нөхөж цол олгоно6 сар 14. 20:00П.Сайнзориг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг мэтгэлцээнд дуудав6 сар 14. 19:59Сонгуулийн сурталчилгааны зардал баялаг бүтээгчдийн орлого болов6 сар 14. 19:58Төмөр замын гарц, гармуудаар 400 орчим ан амьтан дайрч өнгөрчээ6 сар 14. 19:55Улаанбаатар-Прага чиглэлд нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөг байхаар тогтжээ6 сар 14. 19:54Үндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ₮3.4 тэрбумаар үнэлэгдэх 16 автомашинтай6 сар 14. 19:53Хятад: "MeToo" хөдөлгөөний тэмцэгч 5 жилийн ял авлаа6 сар 14. 19:45Ричард Бреслин: Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай6 сар 14. 19:37Улаанбаатарт шинэ орон сууцны дундаж үнэ дөрвөн сая төгрөгт хүрчээ6 сар 13. 17:36НЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв6 сар 13. 17:34Маргааш төв талбайд эхлэх “Asia Folk 2024” наадмын нээлтэд Ираны хөгжимчин “Хуучрын аялгуу” бүтээлийг эгшиглүүлнэ6 сар 13. 17:33
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.